“Ёс бус үйлдэл“-д нэр холбогдсон ГИХГ-ын ШИНЭ ДАРГА Б.Энхсүх гэж ХЭН БЭ?

Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-ын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, түүний оронд ТЕГ-ын дэд дарга асан, Элчнээр ажиллаж байсан Б.Энхсүхийг томилжээ.
Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /Англи/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Энхсүхийг 2021 оны арванхоёрдугаар сард томилсон байдаг. ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэрбээр Англи улсад суух Элчин сайдын албан тушаалд томилогдсон даруйдаа нэлээд хэл аманд өртөж байсан удаатай. Тодруулбал, тус Элчин сайдын яамны ажилтан эмэгтэй нь Элчин сайд Б.Энхсүхтэй дотно харилцаатай байсныг тухайн эмэгтэйн нөхөр мэдэж улмаар эхнэрийнхээ биед халдаж, хүнд гэмтэл учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байж болзошгүй хэрэг гарсан тухай тухайн үед мэдээллийн сайтууд мэдээлсэн байдаг. Тус асуудал яригдсан даруйд дипломат ажилтан эмэгтэйг эгүүлэн татсан ч Б.Энхсүхэд ямар нэгэн хариуцлага тооцох эсэх асуудал хөндөгдөөгүй, эрх ямбаа эдэлсэн хэвээр үлдсэн байдаг.
Тэгвэл ГИХГ-ын даргаар томилогдсон Б.Энхсүхийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, Элчин сайдаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд түүний орлого 32 сая төгрөгөөс 171 сая төгрөг болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮171 сая
Гэр бүлийн орлого: ₮1,4 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮3,8 тэрбум /Нийтийн орон сууц-3, Амины орон сууц-1,Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮13 сая /Үхэр-6, Хонь-50, Ямаа-20/
Газар: ₮2 сая /Эзэмших-700м2 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮188 сая
Хадгаламж: ₮806 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд өгүүлэхэд, Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй нэгэн аж. Тэрбээр, 2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, 2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, 2016 оны наймдугаар сарын 24-нөөс ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.

