Б.Батцэцэг: Бразил, Испани, Кени улсад Элчин сайдын яамаа нээнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Австралийн холбооны улсын Сидней, Холбооны бүгд найрамдах Герман улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд С.Батцэцэг цаашид хаана Элчин сайдын яам, Консулын газар нэмж байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрээр "Энэ жил Бразилд Элчин сайдын яамаа дахин нээх, Испанид Элчин сайдын яамаа шинээр нээх, Ирландад Консулын газраа нээхээр төлөвлөж байгаа. Африк тив хурдтай хөгжиж байгаа эдийн засаг, улс төрийн ач холбогдолтой гэж үзэж Кени улсыг сонгон Элчин сайдын яам байгуулахаар тодорхой хэмжээнд яриа хэлэлцээр эхэлсэн. Бүс нутгийн болон хамтын ажиллагаа үнэлж эрэмбэлж байгаад эдгээр газруудад дипломат төлөөлөгчийн газраа байгуулна гэсэн төлөвлөлттэй явж байна.
Мадридад Элчин сайдын яам байгуулах зайлшгүй шаардлага байна. Испанийн талаас энэ хүсэлтийг хүлээж авч ойрын хугацаанд нээх хүсэлтийг дэмжээд баримт бичгүүдээ зураад Гадаад харилцааны яамд хоорондын процедур яваад ерөнхийдөө бэлэн болсон. Испанитай ААН-үүд хөдөө аж ахуй, ноос ноолуур, мах, арьс ширний чиглэлээр хамтраад ажилладаг.
Бразил буюу Латин Америкийн орнуудад ямар ч төлөөлөгчийн газар байхгүй. Бразилд нээсэн Элчин сайдын яамаа хаачихсан. Олон жил хөөцөлдөж байж нээсэн Элчин сайдын яамаа хаасан нь дипломат харилцаанд таагүй үйл явдал болсон. Одоо эргээд нээж ажиллуулах шаардлагатай гэж үзсэн учраас нээхээр бэлтгэж байгаа.
Ирландад Консулын газар нээхээр судалгаа хийж нөхцөлийг айлын талтай ярьчихсан байгаа.
Бүс нутагтаа болон бүх тивд Монгол Улсын төлөөлөл байх ёстой гэж үздэг. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа идэвхжиж байгаатай холбоотой олон төрийн айлчлал Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлсэн. Бүх улстай хийж буй харилцаандаа үнэлэлт дүгнэлт өгдөг.
Эхний ээлжинд хилийн чанадад байгаа иргэдийн хөдөлгөөн өөрчлөгдөж байгаа учраас үүнийгээ дагуулаад өнгөрсөн жилүүдэд таван Элчин сайдын яам дээр Консулын хэлтэс нэмж байгуулсан" гэв.
