Авлигын хэргээр шалгагдаж байсан “Тендерчин“ Д.Мөнхсайханыг Д.Тогтохсүрэнгийн оронд ТОМИЛЖЭЭ

Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханыг авлигын хэргээр шалгагдаж буй Д.Тогтохсүрэнгийн оронд “Эрдэнэс критикал минералс” -ийн захирлаар томилжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнгөрсөн оны сүүлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Ингэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын албанд ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байсан бөгөөд яг ямар алба хаших гэж байгаа нь тодорхой бус байсан.
Нэг авилгачинг нөгөөгөөр сольжээ
Тэгвэл Д.Мөнхсайханыг Ерөнхий сайд Г.Занданшатар суудлаасаа буухаас өмнө “Эрдэнэс критикал минералс” буюу “Монголросцветмет”-ийн ТӨҮГ-ын захирлаар томилсон байжээ. Түүний хувьд АТГ-т шалгагдан яллагдагчаар татагдаж байсан нэгэн билээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн хэд хэдэн удирдлагуудын хамт 320 сая төгрөгийн авлигын хэргээр, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан намтартай хүн.
Эргэн сануулахад, Д.Мөнхсайхан нь Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга болсоны дараахан Монгол улсын Төрийн мэдлийн стратегийн орд газруудыг удирддаг "Эрдэнэс Монгол" ХК-ийн санхүүгийн газрын даргаар томилогдон албан тушаалын бялуунаас өмсөж амжсан нэгэн юм.
Орон нутгийн зам засварын ажлын тендерийг ХУУ хамдаг "Их Богд зам" ХХК-ийн эзэн гэгддэг. Өдгөө тус компани Ганхуягийн Цогтбаатарын нэр дээр бүртгэлтэй.
2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэн, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын “Их богд зам” ХХК нь тендергүйгээр шалгарч, 14.4 тэрбум төгрөг халаасалсан байгаа юм. Цаашлаад тэд “Их богд зам” компаниараа төсвийн тендерийг төвөггүй түүсэн зарим баримтыг удахгүй бид хүргэх болно.
Тэгвэл ЕС дэргэдээ татан шинэ албан тушаалд очоод буй Д.Мөнхсайханы 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮72 сая
Гэр бүлийн орлого: ₮64 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮286 сая /Үйлчилгээний зориулалттай барилга-2, Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая /,Lexus, 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮78 сая /Эзэмших-4га-1, Өмчлөх-14996м2-1, Өмчлөх-591м2-1, Өмчлөх-913м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮65 сая
Авлага: ₮70 сая
Зээл: ₮154 сая гэж мэдүүлжээ.
Харин "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон. Гэтэл сар шинийн өмнө буюу хугацаанаасаа 13 хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаантай хэмээн суллагдаад буй.

