Засгийн газар энэ онд багтаан эрчим хүчний үнийг чөлөөлнө

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар энэ онд багтаан эрчим хүчний үнийг чөлөөлөхөөр ажиллаж байна. Тодруулбал, үнийг чөлөөлж, төр буюу Эрчим хүчний хороо хатуу үнэ тогтоодог байдлыг халах шийдвэрт хүрчээ.
Засгийн газрын гишүүд олон жил хүлээгдсэн энэ асуудлыг нэг мөр шийдэх нь гэж үзэж байна.
Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн цахилгааны тарифыг хамгийн сүүлд 2024.11.15-нд нэмсэн. Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байсныг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэсэн. Айлууд, ААН-ийн цахилгааны дундаж тариф нь 216 төгрөг байв.
Эрчим хүчний хороо 2024 оны арваннэгдүгээр сард дулааны үнийг дунджаар 85 хувиар нэмсэн. Энэ шийдвэрийг 2025.05.16-ны өдрөөс мөрдөх байв. Гэвч инфляц нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэн, 2027 он хүртэл хойшлуулсан.
Энэ үнийг өртөгт хүргэж шинэчилснээр зөвхөн нийслэлд 1012 төгрөг болно.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр мэдээлэл өгөхдөө “Эрчим хүчний үнийг нэмэхэд инфляцад 1.5-2.4 хувийн өсөлт гарах тооцоо гарсан. Өрхийн нэг сарын орлогод эрчим хүчний зардлын эзлэх хувь буурсан. Бусад улсуудтай харьцуулахад манайд эрчим хүчний үнэ бага байна. Цаашид эрчим хүчний эрэлт жил бүр өснө” гэсэн юм.
Цахилгааны үнийг нэмсэн, шинэ эх үүсвэрүүд барьж, чадлын хэмжээг нэмсэн ч эрчим хүчний салбарт олон их наяд төгрөгийн алдагдал үүссэн хэвээр. Алдагдлыг бууруулах, энэ салбарт хөрөнгө оруулалт татахад үнэ чөлөөлөх шийдвэр чухал нөлөө үзүүлнэ.





