“Qatar Airways” Монгол Улс руу шууд нислэг эхлүүлэхээр ажиллаж байна “Qatar Airways” Монгол Улс руу шууд нислэг эхлүүлэхээр ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Qatar Airways” Монгол Улс руу шууд нислэг эхлүүлэхээр ажиллаж байна

2026 оны 3 сарын 18

Arslan.mn

Элчин сайд П.Сэргэлэн “Qatar Airways” компанийн Агаарын зохицуулалт, корпоратив асуудал хариуцсан дэд ерөнхийлөгнч Фатхи Аттатай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн МИАТ ТӨХК болон “Qatar Airways” компанийн хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр байгууллагын удирдлагын түвшинд гарсан өөрчлөлт нь хамтын ажиллагааг шинэ агуулга, өргөн хүрээнд баяжуулан хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлж буйг онцолж, харилцааг институцийн түвшинд бэхжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэвшүүлэв.

Элчин сайд П.Сэргэлэн “Qatar Airways” компанийн зүгээс МИАТ ТӨХК-ийн нисгэгч, инженер, техникийн болон бүхээгийн ажилтнуудыг хүлээн авч богино, дунд хугацааны сургалтад хамруулсанд талархал илэрхийлээд, өмнө нь амжилттай хэрэгжүүлж байсан бүхээгийн ажилтан сонгон шалгаруулалтыг Монгол Улсад дахин зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсаас Катар Улс болон цаашлаад Булангийн бүс нутгийн орнуудад мах, махан бүтээгдэхүүний экспортыг ойрын хугацаанд эхлүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд шууд нислэг стратегийн чухал ач холбогдолтойг тэмдэглэж, энэ чиглэлээр “Qatar Airways” компанийн зүгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэд ерөнхийлөгч ноён Фатхи Атта Элчин сайд болон Элчин сайдын яамны зүгээс хоёр орны иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлээд, өмнө хэрэгжүүлсэн үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинэ санал, санаачилгаар баяжуулан хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Шууд нислэгийн асуудлаар “Qatar Airways” компани нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх бодлогын хүрээнд шинэ агаарын хөлгүүдийг АНУ-аас захиалсан талаар мэдээлж, Монгол Улс руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар урьдчилсан судалгаа хийгдсэн болохыг тэмдэглэв.

Шинэ агаарын хөлгүүдийг хүлээн авсны дараа үйл ажиллагааны зохицуулалттай уялдуулан Монгол Улс руу шууд нислэг эхлүүлэх чиглэлээр ажиллахаа нотлов.

Мөн шууд нислэг эхлэхээс өмнөх шатанд МИАТ ТӨХК-тай зорчигч болон ачаа тээврийн хамтарсан нислэг үйлдэх, код хуваах нислэг хэрэгжүүлэх болон бусад хамтын ажиллагааны чиглэлээр ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд МИАТ ТӨХК-ийн шинэ удирдлагуудыг Катарт хүлээн авч уулзан, зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, хүнсний болон мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай логистикийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцож, зөвлөлдөх хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.

Түүнчлэн ноён Фатхи Атта уулзалтын дүн болон шууд нислэгийн судалгааны талаар компанийн Ерөнхий захирал ноён Бадр Мухаммад Аль-Мийр-т танилцуулж, холбогдох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад “Qatar Airways” компанийн Нисэхийн бодлого, корпорацийн харилцааны хэлтсийн дарга ноён Исмир Ганич, тус хэлтсийн менежер ноён Ибрахим Али Аль-Хаммади, гадаад харилцаа хариуцсан ажилтан ноён Ген Хирота нар оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667999
0 эможи

keyboard_arrow_up