С.Шаарийбуу: “Уучлаарай“ гэдэг үг сонсох гэж 21 жил тэмцэж байна. Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар боллоо

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзлаа.
Энэ тухай тэрбээр " Би Монголын төрдөө анх удаа хандаж үзлээ. Сайхан хүлээж авдаг юм байна. Би өргөдлөө бичээд орсон, асуудлыг шуурхай шийдэж өглөө. Малайзын Засгийн газрын эсрэг давж заалдах ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Засгийн газраас намайг дэмжиж, хүний эрхийн байгууллага, хуульчид, ЗГ-ын төлөөллүүд багтсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Миний эсрэг Малайзын Засгийн газар 20 жил өргөдөл гаргаж явсан. Жирийн нэг иргэнтэй Малайзын төр давж заалдах нь надад дааж давшгүй 20 жил байсан. Би холбооны дээд шүүхэд нь давж заалдсан нь миний ганц боломж байсан.
Ингээд Малайзын Холбооны шүүхэд хандахад Монголын Засгийн газар иргэнтэй хамт асуудалд хандах эрх нь нээгдэж байгаа юм. Үүнээс өмнө улсын дотоод асуудал тул хуулиараа өөр улс хөндлөнгөөс оролцож болохгүй байсан.
Хүмүүс намайг мөнгөний төлөө яваад байна гэж боддог. Би үнэний төлөө л явж байна. "Уучлаарай" гэдэг үг сонсох гэж 21 жил тэмцэж байна." гэв.
Эргэн сануулахад, Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу өөрийнх нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдахаар Холбооны шүүх буюу Дээд шүүхэд хандсан билээ.
Өмгөөлөгч Сангит Каурын хэлснээр Дээд шүүхэд хандаж буй энэ удаагийн өргөдөл маш чухал, эцсийнх учир үүнд Монголын Засгийн газраас мөн оролцож, хууль эрх зүйн болон олон талт дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон билээ.





