Б.Чойжилсүрэн сайдад хариуцлага биш, дахин 30 хоногийн шинэ даалгавар өгчээ

Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн /2026.01.28/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Түүнд өгсөн 30 хоног өнгөрсөн долоо хоногт дуусаад салбарын асуудлаа шийдвэрлэх боломжгүй гэж байв.
Тэгвэл “Хугацаа нь дууссан” Б.Чойжилсүрэн сайдад хариуцлага биш, дахин 30 хоногийн шинэ даалгавар өгчээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр (2026.03.01) эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныхантай уулзаж, үүрэг өгөв.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн 7 хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд станцын барилгын ажлыг эхлүүлнэ гэв.
Мөн Баянгийн 660 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл зэрэг асуудлуудаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл танилцуулга хийв.
Ерөнхий сайд Эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж танилцуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.
Б.Чойжилсүрэнд хугацаатай даалгавар өгөөд ч үр дүн гарахгүй гэдгээ өнгөрсөн 30 хоногт харсан бус уу, Ерөнхий сайд аа...







