Дүрээ хувилгасан “Эрчист Монгол“-ын Г.Амартүвшин “хамаарал бүхий“ хүмүүсээ цуглуулж, хамгийн өндөр цалинг өгч сууна

Монголын төр УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин чухам ямар өртэй болоод "Эрчист Монгол" ХХК-ийг байгуулж, түүнд өгсөн юм бол...
“Эрчист Монгол” ХХК-ийг Засгийн газрын тогтоолоор (2025.01.08) уул уурхайн бус төрийн өмчийн 44 компанийг нэгтгэсэн нийт 60 ажилтантай байхаар тусгасан. Эдгээрийн 27 компани нь эрчим хүчний салбарынх хэдий ч энэ салбарын доройтлыг сайд Б.Чойжилсүрэн, "Эрчист Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин хоёр зүгээр л хараад суугаа гэхэд хилсдэхгүй...
Байгуулагдсан цагаасаа асуудал дагуулж, хэл ам таталж ирсэн Г.Амартүвшингийн “Эрчист Монгол“ХХК нь дэндүү данхар бүтэцтэй энэ байгууллагын ажилчдынх нь цалин хөлс, сандал ширээ, тоног төхөөрөмж, байрлах оффисын төлбөр хүртэл улсын төсвөөс гарч буй.
Тухайлбал, “Эрчист Монгол“ нь оффис түрээсийн сарын төлбөрт 10 орчим сая төгрөг төлөхөөс гадна өнгөрсөн онд зөвхөн тавилга,тоног төхөөрөмж худалдан авахад 400 орчим сая төгрөгийг татварын төлөгчийн мөнгөнөөс зарцуулаад сууж байгаа талаар өмнө бид мэдээлсэн билээ.
Тэгвэл хамгийн ноцтой нь уналтад орсон эрчим хүчний салбарын бодлогыг нь өөрчлөх суудалд очсон “Хас”-аас гаралтай гэгддэг Г.Амартүвшин өнөөдөр "Эрчист Монгол" ХХК-ийг өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дүүргэж, данхар бүтцээ улам тэлж, дарга нарыг тэжээгээд сууж байна.
“Хас”-аас гаралтай гэхийн учир нь 2011-2019 онд нийтдээ 8 жил Г.Амартүвшин Хасбанкны толгой компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн Ерөнхий захирлаар ажилласан байдаг.
Тэгвэл Г.Амартүвшин дээр хэлсэнчлэн өөрийнхөө тойрон хүрээлэгчдийн нэг хэсэг болох “Хас банк”-ны хэлтсийн дарга асан Ж.Мөнхсайханыг Эрчист Монгол” ТӨХХК-ийн Хөрөнгийн удирдлага, бизнес хөгжлийн газрын захирлаар, “Хас”-аас хувь эзэмшдэг Б.Анхбаатарыг Захиргаа, үйл ажиллагааны газрын захирлаар, “Ард кредит ББСБ”-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Цэрэннадмидыг өөрийнхөө доор Ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулж байна.
Үүнийг Эрчим хүчний яам, Засгийн газар нь харсан ч хараагүй юм шиг л сууж байна.
Тус компаний асуудал үүгээр дуусаагүй ээ. Төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах чиг үүрэгтэй “Эрчист Монгол” компанийг байгуулан ажиллуулснаар харьяа компаниудын захиргааны зардлыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон байсан.
Тэгтэл өнгөрсөн жил “Эрчист Монгол”-д хамаарах эрчим хүчний салбарын 27 компани удирдлагадаа 156 тэрбум төгрөг зарцуулжээ.
Энэ нь 44 компанийн удирдлагын нийт зардлын 65 хувийг эзэлж байна. Харин ажиллагсдадаа 416 тэрбум төгрөг төлжээ. Товчхондоо, удирдлагуудын зардал ажилчдынхаас 2.7 дахин их байна.
Үүнээс харахад “Эрчист Монгол” байгуулснаар зардал буурах бус харин ч өссөн нь тодорхой байна.
Энэ талаар бид удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.





















