АУДИТ: Усны газрын дарга З.Батбаяр өөрөө өөртөө томилолтын тушаал гарган ₮21 саяыг олгожээ

Үндэсний аудитын газраас Усны газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.
Аудитын шалгалтаар, нийт 451 сая төгрөгийн 6 зөрчил илэрснээс, 4,5 сая төгрөгийн 1 төлбөрийн акт тогтоож, 446 сая төгрөгийн зөрчлийг арилгах 4 албан шаардлага хүргүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгчээ.
Тухайлбал, Усны газрын дарга З.Батбаяр эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр өөрөө өөртөө томилолтын тушаал гарган 21 сая төгрөгийг олгосон байжээ.
Тодруулбал, тайлант онд гадаад албан томилолттой холбоотой ОХУ-ын Москва хотын томилолтын бүрэлдэхүүнд орсон тус байгууллагатай холбоо, хамааралгүй нэг иргэний гадаад томилолтын тийзийн зардалд 13 сая төгрөг, мөн Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар "Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн уулзалтад Монголын талаас оролцох төлөөлөгчдийг батлахдаа эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр өөрөө өөртөө томилолтын тушаал гарган 21 сая төгрөгийг олгосон зөрчил илэрчээ.
Түүнчлэн Усны газрын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан "Өгий нуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөл"-ийн 2 дугаар үе шатны ажлын 3 дугаар багцын тендер шалгаруулалтад гүйцэтгэх санал ирээгүй тендер шалгаруулалт амжилтгүй болсон ч 2024 оны санхүүжилтийн 400 сая төгрөгийг тушаал шийдвэргүйгээр барьцаа дансанд ХУУЛЬ БУСААР шилжүүлсэн байгааг тайланд тусгажээ.
Тиймээс аудитын байгууллагаас зөрчлийг арилгах албан шаардлагыг Усны газрын дарга З.Батбаярт хүргүүлжээ.



































