Шадар сайд Х.Ганхуяг УОК-ын шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өгчээ Шадар сайд Х.Ганхуяг УОК-ын шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 11, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд Х.Ганхуяг УОК-ын шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өгчээ

2025 оны 12 сарын 11

Arslan.mn

Шадар сайд Х.Ганхуяг УОК-ын шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өгчээ. 

Энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Хүйтний эрч эрс чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй  холбоотой Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК ын дарга Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийж үүрэг чиглэл өгсөн юм.

Хуралдаанаар өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ. Монгол улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Х.Ганхуяг ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, зудын өндөр эрсдэлтэй нөхцөлд 1 дүгээр сараас шаардлагатай хангалтыг хүргэхээр бэлтгэж буйгаа мэдээлэв. Мөн өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, 1 дүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт өнөөдрөөс хэвийн болсон бөгөөд бусад аймагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болгов.

УОК-ын нарийн бичгийн дарга Л.Баярхүү мэдээлэхдээ улсын хэмжээнд шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгжийн түгээлт, зохион байгуулалтаас болж хүндрэл үүсэж байгааг онцлон Улсын онцгой комисс болон Шадар сайдын түвшинд анхаарал хандуулан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Улсын нөөцийн газартай хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээлэхдээ, ирэх өвөл–хаврын бэлчээрийн даац улсын нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, 40 гаруй хувьд хэтэрсэн байгааг онцлов. Урьдчилсан тооцооноос үзэхэд малын өвөлжилт нийт нутгийн 4%-д нэн их, 17%-д их, 33%-д дунд, 25%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 21%-д хүндрэлгүй байх төлөвтэй байна. Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар ОЖД-ын орчим цаг агаар ажиглагдах төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэв.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик, нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан аймаг, сумдын түвшинд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлд нийт 16.37 тэрбум төгрөг зарцуулж, улсын хэмжээнд 1.4 сая тонн хадлан, 6.8 мянган тонн сүрэл, 72.5 мянган тонн ногоон тэжээл болон бусад шаардлагатай тэжээл, давс, хужрыг бэлтгэн нөөцөлснийг мэдээлэв.

2025–2026 онд улсын хэмжээнд 211.6 мянган малчин өрхийн 60.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар бөгөөд үүнээс 16.6 мянган өрхийн 5.7 сая толгой мал отроор өвөлжих төлөвтэй байна. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хүрээнд хонин толгойд шилжүүлснээр 2025 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 4.2 сая мал эдийн засгийн эргэлтэд орсон гэж мэдээллээ.

Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын зэрэгцээ малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх, сурагчдын аюулгүй байдлыг хангаж хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, цас, шуурга, хүйтрэлтэй үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг ханган, отор, өвөлжилт хүндрэх айл өрхийн судалгааг гарган үйлчилгээ шуурхай үзүүлэх, төв суурин газрын иргэдийг дулаан, эрчим хүч, түлшээр тасралтгүй хангах, зам даваа хаагдсан тохиолдолд нээх бэлэн байдлыг бүрдүүлэх, зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, мөн мал өвөлжилтийн эрсдэл өндөр бүс нутагт онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд авто зам хаах зохицуулалтыг мөрдөж, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө.

Тодруулбал,

  1. Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэдэд тогтмол шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах, товчоодод анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх гэх мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх, /нийт аймгууд/
  2. Отор нүүдлийн зохион байгуулалт, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээ, мэдээллийг нарийвчлан гаргах, малчдын судалгааг тухай бүр тодотгох, иргэд, малчид, орон нутгийн захиргааны байгууллагуудын дунд отортой холбоотой үл ойлгоцол үүсэхээс урьдчилан сэргийлж нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх,
  3. Малдад эрүүл мэнд, нийгмийн халамж болон бусад төрийн үйлчилгээг шуурхай хүндрэлгүй хүргэхэд салбарын яамдтай хамтран тусгайлан анхаарч ажиллах, /нийт аймгууд/
  4. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтын үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байх тухай анхааруулга тогтмол хүргэх, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх үед сумдын ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр оновчтой зохион байгуулалтын арга хэмжээг орон нутгийн онцлогт тохируулан авч хэрэгжүүлэх /нийт аймгууд/
  5. Цас, шуурга, хэт хүйтрэлтээс үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлтөд тодотгол хийх, удирдлага зохицуулалтаар хангах, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах /нийт аймгууд/
  6. Зудын үед ажиллах томилгоот хүн хүч, техник хэрэгслийг тодотгох, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, шаардлагатай шатах тослох материал, хоол, хүнс хангалтыг урьдчилан бэлтгэх /нийт аймгууд/
  7. Аймаг, сум, багийн төвөөс алслагдсан газар өвөлжиж буй айл, өрх, бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргах, төрийн үйлчилгээ шуурхай үзүүлэх, зохион байгуулалтаар хангах /нийт аймгууд/
  8. Төв суурин газрын иргэд, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүч, дулаанаар тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай нүүрс, түлшний нөөцийг бүрдүүлж, хангалтыг тасралтгүй зохион байгуулах, сэлбэг хэрэгсэл, эд материалын нөөцийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавих /нийт аймгууд/
  9. Зам, даваа хаагдсан нөхцөлд шуурхай нээх хүн, хүч, автомашин, механизмын бэлэн байдлыг хангаж, шаардлагатай шатах тослох материалын нөөцийг бүрдүүлэх, /нийт аймгууд/
  10. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 75 хувьд цастай ба өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхцийн хэмжээ 12 хувиар, цасны зузаан Увс, Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн нутгаар 6-16 см-ээр нэмэгдсэн байна. Иймд нөхцөл байдлыг бодитоор үнэлж зудын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
  11. 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4%-д нэн их, 17%-д их, 33%-д дунд, 25%-д бага зэрэг хүндрэлтэй, 21%-д хүндрэлгүй байхаар байна. Мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар их, Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар дунд болон их, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх нутгаар дунд зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байгаа тул эдгээр аймгууд онцгой анхаарах шаардлагатай.
  12. Шаардлагатай тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д заасны дагуу авто замыг түр хугацаагаар хаах зохион байгуулалтын арга хэмжээ авах /Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон/
  13. Малын шилжилт хөдөлгөөн, малчдын отор нүүдэлд хяналт тавих, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах /Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий/
  14. Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолд заасан өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх. Тухайлбал, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг 50-иас доош хувиар бэлтгэсэн дараах аймгууд байна. Үүнд: 

    -Баян-Өлгий 49.8 хувь,

    -Говь-Алтай аймаг 27.1 хувь,

    -Дундговь аймаг 48.7 хувь,

    -Завхан аймаг 43.8 хувь,

    -Өвөрхангай аймаг 44.4 хувь,

    -Хөвсгөл аймаг 27.7 хувийн тус тус гүйцэтгэлтэй байна.

  15. Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамтай хамтран ажиллаж, шаардлагатай шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах /Баянхонгор, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий/

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666724
0 эможи

keyboard_arrow_up