Буянт-Ухаа спортын ордны газар дээр хууль бусаар барилга барьж буй “Жэнко” Х.Баттулгад монголын хууль үйлчлэхгүй байна

Спортын салбарын нэрийг барин Монголын төрийн өмчийг тонож, хууль бусаар өөрийн өмч болгодог мафийн бүлэглэл бий болжээ. Үүний нэг нь УИХ-ын гишүүн “Жэнко” Х.Баттулгын бүлэглэл юм.
Спортын салбарыг дэмжиж буй нэрийдлээр төрийн өмчит газрууд ээлж дараалан хулгайлагдан, спортын холбооны эздүүдийн гарт орсоор байна.
Тодруулбал, ХУД-ийн нутаг дэвсгэрт оршдог Буянт-Ухаа спортын ордоны хашаан дотор хууль бусаар “Жэнко” Х.Баттулгын хамаарал бүхий хоёр өндөр барилга сүндэрлэн босож байна. Тэгвэл 2014 онд тухайн үеийн соёлын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл Буянт-Ухаа спортын ордны газраас тасдан дур мэдэн нэгэн ТББ-д шилжүүлсэн нь Х.Баттулгын хамаарал бүхий төрийн бус байгууллага байв. Тус ТББ нь Спортын барилга байгууламжийн хөгжлийн нэгдсэн төв гэх нэрээр байгуулагдаж Буянт-Ухаа спортын төвийн хашаан дотрох газрыг таслан авсан байна.
Буянт-Ухаа спортын ордоныг улсын комисст хүлээлгэн өгөлгүй, өөрийнх нь эзэмшил газраас тасдан авсан Х.Баттулгын хамаарал бүхий Спортын барилга байгууламжийн хөгжлийн нэгдсэн төв нь 2024 онд барилгын ажлаа эхлүүлж, өнөөдөр хоёр өндөр шилэн барилга сүндэрлэн босож байна. Тус барилга нь нийт 41,868 мкв талбай бүхий баригдаж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, БНХАУ-аас 21 сая ам.долларын буцалтгүй тусламж, дэмжлэгээр “Буянт-Ухаа спортын ордон”-ыг барьж, 2010 онд Монголын Засгийн газарт хүлээлгэн өгсөн байдаг.
Гэвч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан байна. Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02-р сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна, дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэжээ.
Ийнхүү Буянт-Ухаа спортын ордныг улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгөлгүй, бусдын идэш ууш болон ашиглагдсаар 2022 онд сая нэг улсын комисс хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл улсын комисс оруулахгүй газрыг нь дээрэмдэж, тал талаас нь битүү барилгажуулах ажлыг дээрх мафийн бүлэглэл хийсэн аж.
Жэнко-гийн бүлэглэл Буянт-Ухаа спортын ордны газраас авто машины зогсоолыг өөртөө гарган авах гээд өнөөдөр эрх бүхий албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулан яваа гэх. Энэ мэтчилэн Х.Баттулгад хууль үйлчлэхгүй, өнөөдрийг хүртэл түүнд давуу байдал олгож байгаад хэн хариуцлага тооцох вэ?!







