Монголын говь сансар судлал, шинжлэх ухааны гол төв болж хөгжих боломжтой
Өнөөдөр 2025.04.25 Марс-Ви төслийн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн 2025 оны анхны хурал боллоо.
Хурлыг шадар сайд С.Амарсайхан ахалсан бөгөөд монголын говь сансар судлал, шинжлэх ухааны гол төв болж хөгжих боломжтой хэмээн онцлов.
”Марс Ви” төсөл нь сансрын технологийн шинжлэх ухааны туршилт, судалгаа, хөгжүүлэлтээр дамжуулан дэлхийд Монгол Улсын үнэ цэн, оролцоог өсгөх боломжтой чухал төсөл билээ. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсын шинжлэх ухааны салбарт шинэ сорилт, шинэ боломжууд нээгдэхээс гадна уул уурхай, хөдөө аж ахуйгаас хараат эдийн засгаа солонгоруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэн , энэ салбарыг сонирхох залуусын тоог нэмэгдүүлэх боломжтой юм.
Монголын говь нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, цаг агаар Марс гарагтай хамгийн төстэй гэдгийг олон улсын сансар судлаачид нотолжээ. Тиймээс Монголын чадварлаг залуус 2019 оноос хойш энэ төслийг хэрэгжүүлж, богино хугацаанд дэлхийн сансар судлалын томоохон байгууллагуудтай холбоо тогтоон амжилттай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Сансар судлалын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 8-10 дахин нэмэгддэг учраас Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага энэ салбарт төвлөрч буй. Тиймээс бид дэлхийн хөгжлийн шинэ цаг үетэй уялдуулж ажиллах, ирээдүйн боловсон хүчнээ хиймэл оюун ухаан, сансар судлал, шинжлэх ухааны салбарт тулгуурлан бэлтгэх, төрөөс бүх талаар дэмжиж ажиллахад анхаарах хэрэгтэй гэв.








