З.МЭНДСАЙХАН: Булган аймгийн ХИШИГ-ӨНДӨР суманд техникийн дундын үйлчилгээг бий болгоход хамгийн тохиромжтой
Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд З.Мэндсайхан Булган аймагт ажиллаж байна. Энэ үед тэрээр "Булган аймаг энэ жил 40 мянган га-д улаанбуудай, 8500 га-д тосны ургамал, 1800 га-д малын тэжээл, 370 га-д жимс жимсгэнэ тариалсан. Улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна.
Аймгийн хэмжээнд 220 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байсан ч 140 га-р нэмэгдүүлж, нийт 363 га талбайд тариалсан эерэг мэдээтэй байна.
Өнөөдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа. Тус суманд орон нутгийн онцлогт тохирсон 10 төрлийн сортыг амжилттай туршиж байгаагаас гадна хүнсний ногооны тариалалт ч нэмэгджээ.
Мөн тариалан эрхлэх таатай нөхцөл, бүх талын боломж бий хэдий ч тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тариаланчид хэлж байлаа. Байрлалын хувьд Хишиг-Өндөр суманд дундын техник үйлчилгээг бий болгох нь хамгийн тохиромжтой тул ямар боломж шийдэл байгаа талаар бид ярилцсан." хэмээлээ.