Тэртэй тэргүй ЗАСАГ ЛАЙШ НЬ ҮҮРНЭ Тэртэй тэргүй ЗАСАГ ЛАЙШ НЬ ҮҮРНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тэртэй тэргүй ЗАСАГ ЛАЙШ НЬ ҮҮРНЭ

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

Коронавирусын талаарх ЭМЯ-ны албан ёсны хамгийн сүүлийн мэдээгээр нэг хоногт 2642 халдвар илэрч, 11 хүн амиа алдлаа. Энэ бол эмгэнэл. Ийм байдалтай олон хонолоо. Халдвар хэзээ цөөрч, үхэл хэдийд үгүй болох вэ. Хэн үүнд хариулт өгөх вэ.

Эхчүүд, хүүхдүүд олноороо халдвар авч байна. “Тоо”-ноос үзвэл халдвар авагчдын 80 хувь нь эхчүүд хүүхдүүд ажээ. Бас цар тахлыг дэлгэрч эхлэхээс л “...Маньд хамаагүй” гэж ирсэн хөдөө орон нутгийнхан тахалд өртөв. Зарим аймаг сумыг бараг бүхэлд нь хамраад тарж байна.

Ямар ч байсан өнөөдрийн нөхцөл нь маш хүнд гэдэг зэргээс дээгүүр, эмгэнэлт байдал руу орлоо.

Харин халдвар юунаас болж тархсан бэ гэдгийг Тандалтын баг судлаад гаргаад иржээ.

Шагнал, сонгууль хоёр шалтгаан нь болсон байх юм.

Гэлээ гээд өнөөдөр тахал тараасан буруутныг шүүх хугацаа алга. Тахлын халдварыг яаж хумьж авах вэ гэдэг гол нь болоод байна.

Өөрөөр хэлбэл, халдвар хавтгайрах шалтгаан нь хэнд ч бай үүнийг дарж авах ажил нь Засгийн газрынх юм. Тэртэй тэргүй энэ бүхний лайг засаг л үүрнэ.

Тэгэхээр Засгийн газар туйлын хурдаар маш үр дүнтэй арга хэмжээ авах ёстой болж байна.

Тахлын хүндрэлтэй улс орнуудын Засгийн газар чангахан арга хэмжээ авч, халдварын тархалтыг хумьж байгаа дуулдана.

Арлын Япон хаа байсан дөрөвдүгээр сараас одоог хүртэл онц байдлаа цуцалж “амжаагүй” байгаа ажээ. Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-наас зургадугаар сарын 20-ныг хүртэл онц байдал тогтоожээ. Японы эдийн засгийн сэргээн босголтын сайд Я.Нишимура “...Бид урьд урьдынхаасаа илүү хүчтэй арга хэмжээ авахгүй бол маш халдвартай мутацид орсон вирусыг хянах боломжгүй. Тиймээс онц байдал зарлах хугацаанд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно” гэж мэдэгдсэн байна. Онц байдлыг Токио, Осака, Киото, Хиого гэсэн дөрвөн мужийг хамруулан зарлажээ. Онц байдлын энэ үед ресторан зэрэг үйлчилгээний газруудын ажиллах цагийг богиносгож, шаардлага гарвал хаана.. Мөн албан газар, компаниудын ажилтнуудын 70 хувийг алсаас ажиллуулна. Бейсбол, хөлбөмбөгийн мэргэжлийн тэмцээнүүдийг үзэгчгүй зохион байгуулна. Ингэж шийдсэнээ мэдэгджээ. Зөрчвөл 300 иенийн торгуультай гэжээ. Японы Засгийн газрын энэ шийдвэрийг дагаж, тархалтыг бууруулахад япон хүний бусдад төвөг болохгүй гэсэн сэтгэлгээ л гол хүчин зүйл болж байгааг гаднын ажиглагчид онцолж байна.

Манай “хөрс” өөр л дөө. Адаглаад л Япон шиг үйл ажиллагаагаа хумьсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн төлбөр өгчих чадамжгүй. Боломж байхгүй гэсэн үг. Бас бидний сэтгэлгээ япончуудаас тэс ондоо.

Гэхдээ Монголын Засгийн газар Япон сайдын хэлдэг шиг “...Урьд урьдынхаасаа илүү хүчтэй арга хэмжээ” авах хэрэгтэй. Хүссэн хүсээгүй ийм цагтай тулчихлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 29-нд танхимаа дөнгөж бүрдүүлчихээд “...Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал,  аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна. Тиймээс ч миний бие өнөөдөр чихэр мэт сайхан зүйл ярихгүй ээ. Харин сонсоход давс мэт шорвог ч, Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ” гэж байв. Тэгвэл өнөөдөр Засгийн газар, Ерөнхий сайдаас “давс мэт шорвог” шийдвэр гарахгүй байна.

УИХ дээр өчигдөр Д.Ганбат гишүүн “...Хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй Засгийн газрын байж байгааг хар” гэж байна. Үнэн шүү дээ. Монголын төр онолын дагуу  нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийтлэг үйлчлэх шийдвэрийг гаргагч, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий засаглалын аппараттай, хууль ёс, уламжлал, зан заншлын дагуу олгогдсон эрхтэй. Энэ Засгийн газар хоёр жилийн өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр илүү хүчтэй болсон. Тэгэхээр шийдвэр нь Монголын газар нутаг дээр гаднын ямар ч хүчнээс үл хамааран заавал хэрэгждэг хуультай болсон.

Ийм атал Ерөнхий сайдын хэлээд байсан “давс мэт шорвог шийдвэр” нь хаана гацчихаад гарч өгөхгүй байна вэ?

Гэхдээ нөгөө талд ийм зовлонг хүсээд байдаг хүмүүс байдаг уу гэлтэй. Ажиглах нээ, ингэж халдвар тарахад улстөржилт гол үүргийг гүйцэтгэж байх юм. Төрийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна, зарим улс төрийн хүчин, бас бүлэглэл фракцууд цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цар тахлын тархалтыг улстөржүүлсэн ухуулга сурталчилгаа хүртэл явуулж байх юм. Ер нь бол улс төр, цар тахал бие биеэ өрдөөд явчихаж буй бололтой юм.

Тиймээс одоо ямар ч улс төр Засгийн газарт хамаагүй. Гагцхүү өдөр бүр арав арваараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хоёр гурван мянгаараа халдвар аваад хэвтэж байгаа энэ эмгэнэлийг л зогсоох ёстой. Үүний тулд төрийн төсөв хөрөнгө, төмөр нүүр бүгдийг нь хэрэглэх хэрэгтэй.

Тэр, “...Коронавирус бол зүгээр л ханиад” гээд сурталдаж байсан хүмүүсийг олж шийтгэ.

Тэр, “...Маскаа тайлцгаа, монголчууд аа. Маск хэрэггүй” гээд байсан нөхдүүдийг барьж хорь.

Тэр, 11 мянган “Алдарт эхийн одон”-г өөрөө зүүж өгөх гээд төв талбайд эхчүүдийг цуглуулсан Ерөнхийлөгчтэй хариуцлага тооц.Тэр, сонгуулийн үеэр “эерэг”-ээ мэдсээр байж, орон нутагт зорчоод халдвар тараасан этгээдийг олж, намтай нь хамт шийтгэл оноо. Тэр, вирусын эсрэг эмийг хэд нугалж зарж байгаа эмийн импортлогчдыг хуулийн өмнө дууд. Тэр, коронавирус тарсан цагаас хойш эрүүл мэндийн салбарын удирдлагад байж, эргэлзээтэй асуудалд орооцолдоод өнөөг хүртэл “олны яриа” болсоор яваа хүмүүсийг ух, шалга. Тэр, вакцин татахад саад болсон улстөрч, цаг тухайд нь авч чадаагүй сайд, албан тушаалтантайгаа хариуцлага ярь. Эднээс эхлээд өөр юу байдаг юм, “давс мэт шорвог” шийдвэрүүдийг дараалаад гаргах хэрэгтэй.

Түүнчлэн Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр зорилтот бүлэгтээ хэрэгжиж байна уу гэдгийг тагнуул, цагдаа оруулаад шалгуулсан нь л дээр болов уу. ЖДҮ гэж хуйхыг нь гартал маажсан салбар бий. Тэрийг тордох цаг нэгэнт болсон байна. Саяхан даа, Эрээнд чингэлгүүд гацаж, энд бөөн юм болсон. “...Тариур, маск тасарна. Нөөцлөөрэй” гэсэн “аян” явсан. Бүхэл бүтэн улс шүү дээ, уг нь. Гэтэл ийм цаг үед тариур, маск хоёроор улсаа хангачих үйлдвэр өнөөг хүртэл босоогүй байна. Хил дээр хэдэн чингэлэг гацахад тариур, маск нь тасарч байдаг бол үнэндээ эмгэнэл юм. Энэ мэт эдийн засгийн олон ажил Засгийн газрын өмнө байна.

Дахиад хэлэхэд, тэртэй тэргүй энэ бүхний лайг засаг л “хар толгой”-гоороо үүрнэ шүү.

 

Б.Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627947
0 эможи

Зочин
2021-06-18 12:12
Халдвартай гэж оношлогдчихоод гадуур хэсэж байгаа хүмүүс бол бусдын эрүүл мэндэд санаатайгаар халдаж байгаа. Маш өндөр пүнгээр торго. Эхний 2-г нь торгоод мэдээллийн хэрэгслээр зарлахад хангалттай. Вакцины эсрэг тэмцээд, сурталчлаад байгаа сэтгүүлчид, авгай нарыг сайн торгоод өг. Тэд өөрийн гэсэн үзэл баримтлалгүй хүмүүсийг төөрөгдүүлж хорлож байна
Өөрийн бодлоор ажиллаачээ
2021-06-18 11:00
Хэн садаа болоод ажил хийлгэхгүй гуйвуулаад байгааг ард түмэндээ үнэн мөнөөр нь мэдэгд. Өөрөө зөв, шийдвэртэй ажиллаж чадахгүй байгаа бол ажлаа өг. Ард түмэн хэцүүдлээ. Хамгийн гол нь амь нас, эрүүл мэнд болоод бна
Зочин
2021-06-18 09:03
Алсын хараатай ажиллаж байгаа еронхий сайд маань хол харж ухэл вируст овчилолоор дээгуур байранд орж ьайна ойр харахаар ухэл овчин монгоггуй ажилгуй ядарсан иргэд алс харж наадам,тангарагын ёслолоо сайн хийхэд алс нь улам цоохон болж сайн болно.
keyboard_arrow_up