Я.СОДБААТАР: Хил хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна

Улсын онцгой комисс, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг есдүгээр сарын 15-н хүртэл сунгасан. Тэгвэл ирэх долоо хоногийн УОК, Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэхээр болжээ. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “УОК хуралдаад өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хэрхэн ажиллах вэ гэдгийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. УОК-ын 30 дугаар хуралдаан болно, дараа нь Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргана.
Асуудал хариуцаж байгаа хүний хувьд харахад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурахгүй байх гэж бодож байна. Гэхдээ дотоодод цар тахал алдаагүй байгаа учраас дотоодод явуулж байгаа худалдаа үйлчилгээний чиглэлийн бүх үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ.
Хил нээх тухайд энэ цар тахал хэзээ намжиж улс орнууд хэзээ хилээ нээхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Дэлхий нийтэд ч хилээ нэгээд, өндөржүүлсэн бэлэн байдлаа сулруулаад өвчин дахин дэгдсэн тохиолдол их байна. Тиймээс яг одоогоор хилээ хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.








