Шигшээ багийнхаа ялагдлыг тэмдэглэж байсан иран залуу цагдаа нарт БУУДУУЛЖЭЭ
Хөлбөмбөгийн ДАШТ-д баг нь ялагдаж Катарыг орхин явах болсонд баярласан Ираны зарим иргэд гудамжинд гарч баяраа тэмдэглэжээ. Энэ үеэр машиныхаа дуут дохиоллыг чангаар дуугаргасан 27 настай Мехран Самак гэх залууг цагдаа нар толгой руу нь буудан хөнөөсөн байна. Энэ хэрэг Каспийн тэнгисийн Бандар Анзали хотод гарчээ.
Засгийн газрынхаа эсрэг тэмцэж байгаа Ираны жагсагчид ДАШТ-д оролцсон шигшээ багаа жагсагчдыг дэмжсэн зорилгоосоо ухарч Исламын Бүгд Найрамдах улсын засгийн газрын талд орсонд буруутгаж байгаа юм.
Хэсгийн сүүлийн тоглолтод АНУ-д 1:0-ээр хожигдсоны дараа Тегеран болон бусад хэдэн хотод баярласан иргэд гудамжинд гарч дуулж бүжиглэн, машиныхаа дуут дохиоллыг тасралтүй дуугаргаж байсан юм.
Ираны шигшээ Англид 6:2-оор хожигдсон эхний тоглолтын өмнө жагсагчидтай эв санааны нэгдлээ илэрхийлж төрийн дууллаа дагаж дуулаагүй юм. Гэвч эрх баригчдынхаа зүгээс хүчтэй дарамт шахалтыг амсаж дараагийн хоёр тоглолтод төрийн дууллаа дагаж дуулсан.
Ираны засгийн газар шигшээ багийнхны Иранд байгаа ар гэрийнхэнд нь аюул заналхийлсэн гэж зарим эх сурвалжууд бичиж байсан юм.
Иран улсад 9-р сарын дунд үеэс эхлэсэн засгийн газрын эсрэг хөдөлгөөнд 18 мянган хүн баривчлагдаж, 450 хүн амиа алдсаны 60 нь хүүхэд гэж хүний эрхийн байгууллага мэдээлж буй.