Хүүхэд залуучуудын театрыг удирдах болсон МУГЖ Н.Ариунболд соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ аваад буй.
Тэгвэл шинэ театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболдыг томилохоор болсон талаар бид өмнө мэдээлсэн. Гэхдээ түнийг түр томилсон гэж буй.
Харин төрийн байгууллагыг удирдах хүн хувьдаа ямар нэгэн ашгийн төлөө тухайн чиглэлээр соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай байж болох уу эсэх нь хардлага төрүүлж эхэллээ. Учир нь МУГЖ Н.Ариунболдын нэр дээр "Шинэ үе тайз" ХХК буюу ашгийн төлөө компани бүртгэлтэй байна.

Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч, ажилтан ажиллах гэнэ. Театрт үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн Улсын төсөвт тусгахаар болсон байна. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” компани 2019 онд гүйцэтгэж эхэлсэн аж.






