Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
Өчигдөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монголоос анх удаагаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Акийн аваргад оролцохоор, хамтарсан бэлтгэл хийхээр Узбекистан улсыг зорилоо.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэ хүрээнд өсвөрийн боксчдын харилцан хамтарсан бэлтгэл сургуулилтыг зохион байгуулахаар тохирчээ.
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайхан ахалж, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлага дор Монголын боксын өсвөр үеийнхний 15 тамирчин Узбекистан улсад хамтарсан бэлтгэлийг эхлүүлжээ.
Дашрамд сонирхуулахад Боксын өсвөрийн баг өмнө нь аливаа тэмцээн, уралдаанд оролцохдоо ар гэрээсээ санхүүгийн зардлаа бүрэн гаргадаг байжээ. Энэ нь эцэг, эх нь боломжтой айлын цөөн хүүхдүүд л хамрагдах, ур чадвартай ч санхүүгийн боломжгүй хүүхэд залуус оролцохгүй үлдэх зэрэг тохиолдол үүсдэг байв. Тэгвэл энэ удаа өсвөрийн 15 тамирчны зардлыг Ерөнхийлөгчийн спортын зөвлөх, хүүхдийн төлөө спортын байгууллагууд хамтран бүрэн хариуцаж, тамирчдын ар гэрт санхүүгийн дарамт учруулалгүй тэмцээндээ төвлөрөх, хүүхдүүдийн оролцоог бүрэн хангаж байгаагаараа онцлог юм.
Манай баг тамирчид тус улсын нийслэл Ташкент хотод тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болох өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.



