БАЯРТ МЭДЭЭ: Б.Гончигсүрэн их дуулга ангиллын тэмцээнд анх удаа түрүүллээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн "Улаанбаатар 2023" их дуулгын гурав дахь өдрийн медалийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.
Тэмцээний гурав дахь өдөр Монголын шигшээ багийн 18 тамирчин зодоглосноос эрэгтэйчүүдийн -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн олимпын мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн Варлам Липартелианийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртлээ.

Тэрээр хоёрдугаар шатанд Орос, Япон, Польшийн тамирчдыг ялж хагас шигшээд шалгарсан бөгөөд Оросын Арман Адамианыг ялж финалд шалгарсан юм. Түүний жинд Японы Аарон Волф, Оросын Арман Адамиан нар хүрэл медаль хүртсэн.
Энэ оны Душанбегийн их дуулгаас хүрэл, Тбилисигийн их дуулгаас мөнгөн медаль хүртээд байсан Б.Гончигсүрэн ийнхүү их дуулгын гурав дахь медалиа хүртлээ.
Ийнхүү Монголын шигшээ баг одоогоор 2 алт, 2 хүрэл медаль хүртэж гурван тамирчин 5, гурван тамирчин 7-р байр эзэлсэн амжилттай 44 орноос 3-т бичигдэж байна.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн -100 кг жинд зодоглосон Б.Хүдэрчулуун, Б.Сумъяабаяр, Г.Хангарьд нар тэмцээнээ эрт дуусгасан бол эрэгтэй -90 болон эмэгтэй -78 кг жинд монгол тамирчин медалийн төлөө барилдсангүй.





