9 настай хүү Орос, Монгол улсын хил дамнасан Их Саяны нурууны ноён оргилд гарчээ
Есөн настай хүү Орос, Монгол улсын хил дамнан орших Их Саяны нурууны ноён оргилд, далайн түвшнээс дээш 3491 метрт орших Мөнх сарьдагт хүрсэн байна.
Монголын явган алхалтын холбооны салбар байгууллага болох Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос энэ сарын 1-нээс 8-ны хооронд "Хөх сувдын эрэлд-2" адал явдалт явган аяллыг Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх сумдад зохион байгуулжээ.
Аялалын маршрутад Хөвсгөл аймгаас зохион байгуулж буй "Мөсний баяр 2023", үзэсгэлэнт сайхнаараа алдартай Жаргант гол, Монгол улсын хойд хил Ханх сумын нутагт орших Их Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг уул зэрэг Хөвсгөл аймгийн байгалийн болон түүхэн үзэсгэлэнт газрууд багтжээ. Тус аялалд Монголын явган алхалтын холбооны 18 алхагч оролцсон бөгөөд тэдний дотор 9 настай Л.Эрхэмбаяр хүү багтаж, аавын хамт маш амжилттай оролцсон нь онцлог байв.
Л.Эрхэмбаяр хүү аавтайгаа хамт эх орныхоо өнцөг булан бүрт очиж алхаж, аялдаг бөгөөд 2022 онд Асралт хайрхан (д.тд 2799 метр), Их Богд (д.т.д 3900 метр), Алтай Таван Богд уулын Малчин оргил (д.т.д 4051 метр)-т хүрч байсан бол энэ удаа Мөнх Сарьдаг (д.тд 3491 метр) оргилд 2023 оны 3-р сарын 4-ний өдрийн 14:29 минутад ийнхүү амжилттай гарч чадлаа.
Аялалын замд адал явдал, дурсамж, түүх үлдэж, тулгарсан сорилт бэрхшээл бүр дараагийн удаад туршлага, мэдлэг, хүч чадал болон үлддэг. Энэ бүхнийг бодитоор харуулсан Хөвсгөл нутгийн зүг зорьсон алхагч нартаа талархал дэвшүүлье.