COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголын эмэгтэй шигшээ баг хүрэл цом хүртлээ

админ
2021 оны 10 сарын 12

Arslan.mn

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 2-10-нд Норвегийн Осло хотод  болж өндөрлөлөө. “Токио-2020” олимпийн наадмаас сарын дараа болсон дэлхийн аваргад олимп, дэлхийн шилдгүүд чуулсан юм. Тэмцээн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-аар эхэлсэн. Эхний өдрийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн эрэгтэйчүүдийн 125 кг-д боллоо. Олимпийн алт, хүрэл, дэлхийн хошой аварга Таха Акхул, дэлхийн гурван удаагийн аварга олимпийн мөнгө, хүрэл медальт Гена Петрошивили мөн Токиогийн олимпийн хүрэл медальт Ираны залуу од Амерхоссейн Заре нар  Ослогийн дэвжээн дээр хүч үзлээ. Харин Токиогийн олимпийн аварга АНУ-ын Гейбл Стивенсон мэргэжлийн бөх рүү орж байгаагаа зарлаж энэ удаагийн ДАШТ-д зодоглосонгүй. Барилдааны өмнө алдарт Таха Акхул, Гено Петрошивилий нарыг дэлхийн аваргын төлөө шигшээд дахин нэг удаа тулна гэж үзэгчид, судлаачид таамаглаж байсан. Гэвч Ираны 20 настай Амерхоссейн Заре хагас шигшээд Тахаг, шигшээ барилдаанд Гено аваргыг ялж аварга боллоо.

“Осло-2021” ДАШТ-д оролцсон манай эмэгтэй шигшээ багийн медалийн салхийг “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гантуяа хүрэл медалиар хагаллаа. Тэрбээр булган сүүлтэй байж 50 кг-д 20 настай залуу тамирчин Д.Отгожаргал уран барилдаанаар үзэгчдийг баясгасаар хүрэл медаль хүртсэн. Тэмцээний өдөр дэлхийн хошой хүрэл медальт Б.Шоовдор, залуу тамирчин Э.Даваачимэг нар медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Мөн 76 кг-д Н.Загардулам, 72 кг-д барилдсан Э.Даваанасан нар тавдугаар байр эзэллээ. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай 34 орноос гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн болсон юм. Хамгийн сүүлд манай эмэгтэй бөхчүүд 2013 онд Унгарын Будапештэд болсон ДАШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсож байна. 

125 кг шинэ хаантай болсон уу?

Үнэмлэхүй жингийн шинэ аварга түрүүлснийхээ дараа титэм зүүж буй үйл хөдлөл  үзүүлсэн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Зарегийн зургийг "Бид 125 кг-д шинэ хаантай болсон уу" гэсэн тайлбартайгаар твиттер хуудастаа жиргэсэн. Тус жиргээний хариуд  Токиогийн олимпийн 125 кг-ын аварга Гэйбл Стивесон "Тийм ээ, тэр яг энд байна" хэмээн жиргэжээ. 21 настай олимпийн аварга, 20 настай дэлхийн аваргын хооронд халз барилдаан болж магадгүй юм.

Эрэгтэйчүүдийн 86 кг тэмцээний чимэг нь байлаа

Эрэгтэйчүүдийн 86 кг-д Токиогийн олимпийн медальтнууд Ослод чууллаа. Таамгын дагуу хагас шигшээд АНУ-ын олимп, дэлхийн аварга Дэвид Тайлор Ираны олимп, дэлхийн аварга Хассан Яздани нар шалгарсан. 86 кг-ын өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа хоёр аваргын сүүлийн гурван учраанд Дэвид Тайлор ялалт байгуулаад байсан юм. Эхний үед харилцан шилдэлцсэн нэгнээ хянаж уран барилдаан гарсангүй. Хоёр дахь гурван минутын эхэнд Яздани суйлж хөл авч ард гараад хоёр оноо салгаж тэргүүлж эхэлсэн. Барилдааны туршид өрсөлдөгчийнхөө хайрцагат орж барилдсан Тайлор зүүн хөлд нь алдалж улмаар цацаж өргөн оноогоо ойртуулсан юм. Оноогоор хожигдож явсан Тайлор давшиж эхэлсэн ч Яздани зөрүүлж сугадаж давхар хамаж дайраад цагийн төгсгөлд хоёр оноо авч амжилттай ялалт авлаа. Гурав дараалан ялагдсан Яздани гэрийн даалгавраа сайн биелүүлж илүү судалгаатай, дайчин барилдаж даагаа нэхэж чадлаа. Дараагийн учраанд Тайлор ямар нууц хөзөртэй ирэх бол? 

Жордан Эрнест Барроуз домгуудын эгнээнд

АНУ-ын Жордан Эрнест Барроуз 33 настайдаа ДАШТ-д тавантаа түрүүлж домгуудын эгнээнд нэгдэв. Барроуз 79 кг-д анх удаа зодоглоод дэлхийд тав дахь алтан медалиа хүртсэнээр Ираны Абдоллах Мовахед, ОХУ-ын Али Алиев, Махарбек Хадарцев, Хажимурад Гацалов, Гүржийн Лери Хабелов нартай мөр зэрэгцэж байна.

"Орос танк" Абдулрашид Садулаев дэлхийн амжилтыг эвдэх боломжтой

Өнөө цагийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын супер ривал "Орос танк" Абдулрашид Садулаев, "Stronger" Кайл Снайдер нар Ослод дөрөв дэхээ уулзлаа. Дөрөв дэх удаагийн "Мөрөөдлийн финал"-д Садулаев илүүрхснээр дэлхийд тавантаа түрүүлж домгуудын эгнээнд багтсан юм. Тэрбээр дэлхийд тав түрүүлсэн долоон бөхийн нэг болов. 25 настай "Орос танк" домогт Александр Медведь, Валентин Йорданов нарын дэлхийд долоо түрүүлсэн түүхэн амжилтыг эвдэх магадлалтай боллоо.

Дэлхийн аварга сурагч

Японы ахлах ангийн сурагч Акари Фүжинами эмэгтэйчүүдийн 53 кг-д 17 настайдаа дэлхийн аварга болохдоо дөрвөн барилдаанд бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж ганц ч оноо алдалгүй тасархай түрүүлсэн. 2018 онд өсвөрийн үеийн дэлхийн аварга болж байсан Японы гоц авьяастай охин Фүжинами энэ хавар Японы аваргаар тодорч, Ослогийн дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ. Тэрбээр гурван настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Түүний аав Тошиказү Фүжинами "Инабэ Соүго Гакүэн" дунд сургуулийн дасгалжуулагч бол төрсөн ах Юхи Фүжинами нь 2017 онд Парисын ДАШТ-д 70 кг-д хүрэл медаль хүртэж байв. Акари 2017 онд зургадугаар сард ахлах сургуулийн аваргад мөнгөн медаль хүртсэнээс хойш Ослогийн дэлхийн аваргыг оролцуулаад нийт 20 тэмцээнд дараалан түрүүлээд байна.

ОХУ-ын баг эрэгтэйчүүдийн чансааг тэргүүллээ

ОХУ-ын эрэгтэй шигшээ баг гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нэг тавдугаар байртай 173 оноогоор “Осло-2021” ДАШТ-ий чансааг тэргүүллээ. АНУ, Иран тус бүр гурван алттай багийн дүнгээр удааллаа. Польшийн  Магомедмурад Гажиев бөхийн гурван том гүрний дунд завсар оруулж 70 кг-д алтан медаль хүртсэн. Эмэгтэй багийн дүнгээр Токиогийн олимпийн наадамд оролцсон тамирчдаас ганц нь ч Ослод ирээгүй. Дан залуучуудаа илгээсэн Япон улс дундаршгүй ундаргатай орон гэдгээ харуулж тасархай тэргүүлсэн бол хүчирхэг бүрэлдэхүүнтэй АНУ аман хүзүүдлээ.

Монголын эрэгтэй шигшээ баг дэлхийн цомд оролцох эрхтэй болов

Тэмцээний эхний өдөр манай улсын М.Лхагвагэрэл эхний тойрогтоо алдарт аварга Гено Петрошивилид ялагдсан ч дагах барилдаандаа ялалт байгуулсан. Хүрэл медалийн төлөө Казакстаны Олег Болтиныг ялсанаар Монголын шигшээ баг ДАШТ-ий медалийн салхийг хагалав. Эрэгтэйчүүдийн хамгийн өрсөлдөөнтэй 65 кг-д Т.Тулга хүрэл медаль хүртсэн. 23 настай залуу мастер хагас шигшээд Оросын Загир Шахиевт маргаантай ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Рохит Рохитыг уран тонгорч давсан нь монголчуудыг огшоосон юм. Т.Тулга чөлөөт бөхийн 65 кг-д хатуу самар гарч ирж байгаагаа батлан харууллаа. Эрэгтэй шигшээ багаас 97 кг-д барилдсан Ө.Батзул, 61 кг-д барилдсан дэлхийн аваргын хүрэл медальт Т.Түвшинтулга нар хүрэл медалиас атгаад алдлаа. 97 кг-д тавдугаар байр, 125 кг-д медаль хүртсэн нь Монгол Улсын шигшээ багийн хүнд жинд ирээдүй байгааг илтгэж байна. “Осло-2021" ДАШТ-д манай эрэгтэй баг хоёр хүрэл, хоёр тавдугаар байр эзэлснээр зургадугаар байрт орсноор ирэх жил дэлхийн цомд оролцох эрхээ авлаа.

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн түүхэн амжилт

“Хилчин” спорт хорооны тамирчин М.Лхагвагэрэл “Осло-2021” ДАШТ-ий 125 кг-д Казакстаны Олег Болтиныг ялж хүрэл медаль хүртсэн. Ингэснээр манай улсаас эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд ДАШТ-аас медаль хүртсэн анхны тамирчин болж Монголын чөлөөт бөхийн 60 жилийн түүхэнд шинэ хуудас нээлээ. “Женко” клубын тамирчин Д.Отгонжаргал эмэгтэйчүүдийн 50 кг-д хүрэл медаль хүртэж энэ жингийн Монгол Улсын анхны медалийг хүртэж түүх бүтээсэн юм. Дэлхийн сор болсон хүчитнүүд цугласан Ослогийн “Жордал Амфи” ордонд Монгол Улсын төрийн далбаа орой бүр мандаж байлаа. Манай улсын шигшээ баг ДАШТ-д зургаан медаль хүртсэн. Энэ нь шигшээ багийн түүхэнд хоёрт бичигдэх амжилт юм. Хэдий алтан медаль авч төрийн дууллаа мандуулаагүй ч чөлөөт бөхийн түүхэнд үлдэх амжилтыг үзүүллээ. 

 

 

Б.Дэмбэрэлням

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631729
0 эможи

keyboard_arrow_up