Монгол сурагчид ОУ-ын бүтээлч сэтгэлгээний тэмцээнд багаараа алтан медаль хүртжээ

БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 6-ны өдөр Олон улсын математик, шинжлэх ухаан,бүтээлч тэмцээн болох "4D frame" арав дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 18 орны 500 гаруй сурагч оролцон тусгай бэлдцээр бүтээл хийн, өөрсдийн авьяас чадвар, ур ухааныг сорин өрсөлджээ.
Манай улсаас “Улаанбаатар” бүрэн дунд сургуулийн есөн багийн 18 сурагч амжилттай оролцон, IX ангийн сурагч Э.Анна, Х.Биндэръяа нар багаараа алтан медаль хүртсэн бол дунд ангийн төрөлд оролцсон бусад гурван баг нь тусгай шагнал хүртжээ.
Мөн Монгол Улсаа төлөөлөн оролцсон дунд ангийн баг багаараа алтан медаль хүртсэн байна. Тэд өнөөдөр эх орондоо ирэх юм.
"4D frame" гэж юу вэ
"4D frame" нь математик, шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэх, боловсрол олгох шинэ хэв маяг бөгөөд олон улсад сүүлийн жилүүдэд тархаад байгаа аж. Тодруулбал, "4D frame"-р дамжуулан хүүхдүүдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх бөгөөд хүүхдүүд өөрийнхөө хүсч байгаа дүрс, биетийг бодит болгон гаргадаг байна.




