“Rio”-д оролцох тамирчдын байрлах байранд асуудал гарав

“Rio 2016” Олимпийн наадам болоход хэдхэн хоног үлдээд байгаа ч наадмын үеэр тамирчдын байрлах тосгоны ажил одоо болтол дуусаагүй байна. Олимпийн наадамд оролцох Австрали, Их Британи, Недерланд зэрэг улсын төлөөлөгчдөөс Рио де Жанейро хотод хүрэлцэн ирэхэд тосгоны байрнуудын зарим нь гэрэл цахилгаанд холбогдоогүй, бие засах өрөө нь ус алддаг зэрэг олон асуудалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал Недерланд улсын төлөөлөгч Олимпийн тосгон дахь эдгээр асуудалтай холбогдуулан наадмыг зохион байгуулагчдаас мөнгө нэхэмжлэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Зуны Олимпийн наадмыг зохион байгуулагчид нэмэлт зардлаа 7.4 тэрбум реал буюу 2.2 тэрбум ам.долларт багтаахаар ажиллаж байгаа энэ үед нэмэлт нөхөн төлбөр олгох нь санхүүгийн хувьд нэмэлт дарамт болох юм. Харин наадмыг зохион байгуулах хорооноос тосгоны засварын ажлыг дуусгахаар 24 цагаар ажиллаж байгаа тул энэ долоо хоногийн сүүл гэхэд тамирчид тосгондоо байрлах боломжтой болно гэж мэдэгджээ.




