Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

"Автомашингүй өдөр" бүх нийтийн гүйлтийн тэмцээн болно

2016 оны 6 сарын 02

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор “Автомашингүй өдөр” болгон нийтийг хамарсан урлаг спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр” 6-р сарын сарын 4-ны өдөр тохиож байгаа ба энэ өдөр зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай Замын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

-"УЛААНБААТАР МАРАФОН" БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО-

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг найм дахь жилдээ зохиох гэж байна. Энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж,  явган алхах, унадаг дугуйгаар зорчих ба уламжлал ёсоор “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явуулах бөгөөд Чингисийн талбайгаас гараанаас гарч, тус бүрийн маршрутаар гүйсээр Чингисийн талбайд бариандаа ирнэ.

Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх бол сонирхогчидын дунд явуулах марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулна. Тодруулбал, 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10,000 метртийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм. Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1.5 км зайг туулах юм байна. Шагналын сангийн тухайд: бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, гуравдугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулахаар болжээ. Сонирхогчдийн гүйлтийн 10,000 метрийн зайн тэргүүн байрыг 500,000 төгрөгөөр, хоёрдугаар байрыг 400,000 төгрөгөөр, гуравдугаар байрыг  300,000 төгрөгөөр, 5,000 метрийн  зайн  гүйлтийн нэгдүгээр байр 300,000 төгрөг, хоёрдугаар байрыг 250,000 төгрөг, гуравдугаар байрыг 200,000 төгрөгөөр тус тус шагнахаар болжээ.

-ЗАМ ХААХТАЙ ХОЛБОГДУУЛАН, ТОМООХОН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖИЛЛАХГҮЙ-

Автомашингүй өдрийг тохиолдуулан нийслэлийн зарим автозамуудыг өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хэсэгчлэн хаахаар болжээ. Тээврийн хэрэгслийн хязгаарлалт нь тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амарна. Дараах байрглуудад автомашины хөдөлгөөн хязгаарлана. Үүнд:

-Зүүн дөрвөн замын уулзвараас баруун тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел,

-Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/ Чингис зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх,

-11 дүгээр хорооллын Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж

-Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш замууд

-Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4 зам хүртэлх

-Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний хойд талын хэсэг,

-Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд хамаарагдана.

Эдгээр замууд хаагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар Нийслэлийн тээврийн газраас төлөвлөлт хийгдээд байна. Мөн төв гудамжны замууд хаагдах үед Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчлэх ба троллейбусны "ХМК-Офицеруудийн ордон", "3.4-р хороолол-БММЗ", "Вокзал-Ботаникийн цэцэрлэг", "Офицеруудын ордон-3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсохоор болжээ.

-ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ХАМГААЛЬЯ-

Мөн энэ өдөр  “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” арга хэмжээг зохион байгуулна. Дэлхийн эрүүл мэндийн мэдээллэж байгаагаар дэлхийд нэг жилд зам тээврийн ослоор 186 мянга 300 хүүхэд, өдөрт 500 гаруй хүүхэд нас барж байна. Харин манай улсад 2010-2014 онд зам тээврийн осолд 14 мянга 151 хүүхэд өртжээ. Ослын шалтгаан нь  хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй, хамгаалах бүс зүүлгэхгүй автомашинд авч явж байгаа нь хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амиа алдахад нөлөөлдөг гэлээ. Тиймээс автомашингүй өдрөөр хүүхдүүдийг зам тээврийн ослоос хамгаалах жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж дээрх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Б.ГАНТУЯА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34206
0 эможи
keyboard_arrow_up