THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Wolf Totem” тоглолтоо хийнэ

THE HU хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Wolf Totem” тоглолт 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болсон тухайгаа албан ёсоор мэдээллээ.
“Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох юм.
THE HU хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан Hunnu Rock урсгалаараа олон улсад танигдаж, дэлхийн томоохон фестиваль, концертын тайзнаа Монголын хөгжмийг хүргэсээр ирсэн.
10 жилийн ойн “Wolf Totem” тоглолтын хүрээнд хамтлагийн онцлох бүтээлүүдээс бүрдсэн тусгай хөтөлбөр толилуулагдах бөгөөд ойд зориулсан тайзны шийдэл, контент, дуу дүрсний үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.
Энэ удаагийн тоглолтын гол концепц нь өнгөрсөн 10 жилийг дурсахаас илүүтэйгээр THE HU-ийн хөгжмөөр дамжуулан үзэгч бүрийн доторх эрч хүч, омог бардам зан, сүлд хийморийг сэргээхэд чиглэж байгаа юм.

Монголчуудын эртний дайчдын уухай, хархираа, хамтын хүчнээс төрдөг сүр хүчийг орчин үеийн тайзны хэлээр илэрхийлж, үзэгчдийг нэгэн ижил энерги, мэдрэмжийн дор нэгтгэхийг энэхүү тоглолтоор зорьж байна.
“Хархираа дор Хийморь сэргэмүй” гэх уриа нь тоглолтын үзэл санааг бүрэн илэрхийлэх бөгөөд үзэгчид зөвхөн хөгжмийн тоглолт үзэх бус, Монгол хүний омог бардам зан, эрч хүч, сүлд хийморийн мэдрэмжийг хамтдаа мэдрэх нэгэн үдшийн гэрч болох юм.
Тоглолтын тасалбарыг: Shoppy.mn , Ticket.mm, EventX болон Portal.mn-аар авах боломжтой.
Тасалбарын ангилал:
Early Wolf – 79,000₮
Early Wolf Fanzone – 169,000₮
Chillzone – 169,000₮
VIP – 699,000₮


