Брэд Питт архинаас гарах эмчилгээ хийлгэж эхэлжээ
Алдарт жүжигчин Брэд Питт архинаас гарах, эмилгээ хийлгэх тухай “ВВС” агентлаг мэдээлжээ. Тэрбээр “GQ Style” сэтгүүлд саяхан ярилцлага өгсөн байна. Жүжигчин Анжелина Жолигоос салснаас хойш анх удаагаа ярилцлага өгсөн нь энэ юм. Брэд Питт “Би саяхнаас эмчилгээ хийлгэж эхэлсэн. Эмчилгээндээ дуртай явж байгаа. Би “зөв хүн болох”-ын тулд хоёр ч эмчилгээ хийлгүүлж байгаа” гэжээ.

Жоли Питтээс салж байгаагаа 2016 оны есдүгээр сард нийтэд зарласан юм. 2004 оноос хойш хамт амьдарсан хосууд салснаасаа хойш хүүхдүүдээ асран хамгаалах асуудлаар олон сарын турш маргалдсан юм. Питт архи ууж, уурлаж бухимдсан үедээ хүүхдүүд рүүгээ хашгичиж, тэдэнд гар хүрдэг гэх мэдээлэл тархснаар цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ч түүнийг гэм буруугүй гэж үзсэн.

Брэд Питт “Жолигийн салах шийдвэр өөрийгөө өөрчлөхөд надад хамгийн ихээр нөлөөлсөн. Би архинд үнэхээр дуртай байсан. Үнэнийг хэлэхэд, ширээн доороо нууж байгаад л уудаг байсан” гэжээ. Салалтын тухай тэрбээр “Жоли бид хоёр асуудлаа хувиараа, эв зүйгээр зохицуулахаар шийдсэн” гэж хариулжээ. Түүний хамгийн сүүлд тоглосон “Дайны машин” кино энэ сарын 26-нд нээлтээ хийх юм.




