Хэвлэл мэдээллийн топ хууралтууд
Олон улсын инээдмийн баярын өдөр дэлхийн хэвлэл мэдээллүүд үзэгч, уншигчдаа хуурч, даажигнахаа мартдаггүй. Энэ өдөр хэвлэлүүд “шуурхай”, “яаралтай” мэдээ оруулж, түүндээ “та итгэхгүй байж болох ч энэ үнэн” гэсэн утгыг заавал шигтгэдэг. Ингээд сэтгүүлүүдийн топ хууралтуудыг хүргэж байна.
Шпагеттины ургац
Өнгөрсөн зууны хамгийн агуу хууралтын тоонд ВВС-гийн нийтэлсэн Швейцарь дахь шпагеттины ургац хураалтын тухай мэдээ орно. Уг мэдээлэлд дурдсанаар өвөл өнтэй болж, гоймон идэгч цох хэмээх аюултай хортон шавьжийг устгаснаар шпагеттины ургац сайжирсан гэжээ. 1957 оны 4дүгээр сарын 1-нд Британийн телевизээр үзүүлсэн уг бичлэгт фермерүүд модноос шпагетти гоймон түүн авч, наранд хатааж байгаа тухай гарчээ. Мэдээлэл гарсны дараахан хүмүүс редакци руу утасдан, шпагеттиг гэрийн нөхцөлд тариалах боломжтой эсэхийг сонирхсон байна.

Эйфелийн цамхгийг нүүлгэнэ
Алдарт Эйфелийн цамхгийг Францын Диснейлэндэд нүүлгэж, оронд нь удахгүй болох Олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн барина гэж 1986 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Le Parisien” сонинд бичжээ.

Хоногийн 20 цагтай болно
Австралийн нэгэн телевиз 1975 онд улс орноо тун удахгүй аравтын цаг хугацааны тоололд шилжих гэж буй тухай мэдээлжээ. Энэ системээр бол нэг минут 100 секундтай, нэг цаг нь 100 минуттай, нэг хоног 24 биш, 20 цагтай байх юм гэнэ. Хууралтад Өмнөд Австрали мужийн ерөнхий сайд Дезмонд Коркоран нь ч оролцож, энэ системийг дэмжсэн гэдгээ илэрхийлжээ. Хүмүүс ч телевиз рүү утасдаж, электрон цагийг яаж 10-тын тоололд шилжүүлэх тухай заавар хүссэн байна.





