“Цагаан сар-монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн эхэллээ
Сар шинийн баярыг угтан Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын дунд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13.00 цагт ЦДБЭЧ-ын концертын их танхимд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ж.Бадамбазар, Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга хурандаа С.Төмөрхуяг, ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа болон тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 27 анги, байгууллагын баг, хөгжөөн дэмжигчид оролцлоо.
Тус тэмцээн нь анхны жилдээ Зэвсэгт хүчний 6 анги, байгууллагын баг оролцож байсан бол жилээс жилд хүрээгээ тэлж, улсын хэмжээний тэмцээн болон өргөжиж, сүүлийн жилүүдэд тогтмол Зэвсэгт хүчний 22-24 анги болон ҮБХИС, Цэргийн төв эмнэлэг зэрэг байгууллагууд оролцдог болсон. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд давхардсан тоогоор 800 гаруй алба хаагчид хамрагдаж, ардын ёс заншлаараа өрсөлдөөд байна.
Тэмцээний удирдамжийн дагуу сонгож дуулах 10 дууны жагсаалт жил бүр ардын богино дуу, харилцаа дуу, хошин дуу, домогт дуу, баруун Монгол ардын дуу гэх мэтээр өөрчлөгдөж ирсэн. Түүнчлэн шилдэг дэмбээчин, шилдэг дуучин, шилдэг удирдагч, шилдэг үйлчин зэргийг тодруулж, Ардын богино дуу дуулаачдын холбоо, Монгол цэргийн музей, “Талх чихэр” хувьцаат компани зэрэг үндэсний шилдэг үйлдвэрлэгч компаниуд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэмцээнийг жил бүр телевизээр нэвтрүүлж ирсэн билээ.
Зэвсэгт хүчний анги, байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнийг соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах зорилгоор ангийн захирагч, захирагчийн орлогч, штабын дарга, тэргүүн ахлагч нарын дунд зохион байгуулагдаж байсан “Заавал дуулах дууны тэмцээн”-д энэ жил Ажиллагааны удирдлагын тасгийн дарга нарыг хамруулж байгаа болон Монголын үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харваа, оньсон тоглоом, баруун монгол ардын дууны тэмцээн, “Монголын нууц товчоо”-ноос өгөгдөх АХА тэмцээнүүд зохион байгуулагдахаараа онцлогтой бөгөөд тэмцээн нь 5 өдрийн турш, 2 үе шаттай явагдах юм.




