Шарга азарганы зураг “Дэлхийн шилдэг зураг”-аар нэрлэгдлээ

Их Британийн үндэсний өдөр тутмын "The Daily Telegraph" сонин 2016 оны дэлхийн шилдэг гэрэл зургуудын нэгээр монгол шарга азарганы зургийг нэрлэжээ. Тус зургийн тайлбарт “Монголын -40 хэмийн өвлийн хүйтнийг ажрахгүй туулж буй гэрэлтсэн шаргал өнгийн дэлтэй энэхүү морины зургийг гэрэл зурагчин Ч.Батзаяа авсан байна” хэмээн бичжээ.
Өнгөрсөн онд энэхүү шар азарганы зураг Их Британий “The Telegraph” цахим хуудаст өдрийн онцлох зургаар сонгогдон нийтлэгдсэн билээ. Их Британичууд энэ зурагт “Ellie Goulding” хэмээх нэр өгч, өөрийн орны поп дуучин Элли Гоулдингтай /Ellie Goulding/ адилхан хэмээн гайхан, хэлэлцүүлэг өрнүүлсэн нийтлэлүүд гаргаж байв.
Мөн зурагчин Ч.Батзаяа өөрийн цахим хуудастаа “2016 оны “Амьтны шилдэг зураг”-т тайгад авсан цааны зураг минь орлоо. Урам ороод сайхан байна. Энэ зургаа нэг юм дуулгана гэж найдаад байсан минь талаар болсонгүй” хэмээн бичжээ.




