Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ жилээр юу үзэх вэ?

2016 оны 12 сарын 23

Шинэ он айсуй. Улиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө хамт тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр... Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өдрүүдээр та юу үзэхээ шийдсэн үү? Ингээд та бүхэнд шинэ жилийн аялгуутай тоглолтын хуваарийг танилцуулж байна.


Арванхоёрдугаар сарын 23-нд 19.00 цагт Улсын Филармонид “Snow melody” шинэ жилийн тоглолт зохион байгуулна. 200 гаруй уран бүтээлч оролцох тоглолтын үеэр шинэ жилийн уур амьсгалтай бүтээлүүдийг амилуулна. Шинэ жилийн баярт зориулсан хамгийн томд тооцогдох уг тоглолтыг Филармонийн Симфони найрал хөгжмийг удирдаач Н.Нямдаш, Б.Батбаатар, Б.Анар нар удирдана. Мөн удирдаач Д.Түвшинсайхан тэргүүтэй “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид, “Баянмонгол” жааз, найрал хөгжмийн удирдаач Б.Ганбат, С.Саруул-Од нар оролцоно. Харин энэ жилийн зочноор Ардын жүжигчин Б.Зангад, поп хатагтай Б.Сарантуяа нар сэтгэл хоногшсон уран бүтээлээ хүргэх юм. Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 20, 30 мянган төгрөгийн үнэтэй.


Арванхоёрдугаар сарын 24-нд Баяр баярын дундаас шинэ жил хамгийн сайхан нь. Харин шинэ жил, шинэ жил дундаас хамгийн тасархай нь Улаан оймс-Харшийн шинэ жил. "Камертон"-ы Д.Болд “Амжилтаа ахиулъя”-ын Г.Анархүү нарын санаачилсан ”Улаан оймс”-Харшийн шинэ жил хоёр дахь жилдээ “Шангри Ла”-д болох тухай мэдээг та аль хэдийн сонссон байх. Их хотын нүүр царай болсон залуусыг нэг дор цуглуулдаг энэ парти олон сюрпризтэй. Урилга болох улаан оймсондоо бэлэг хийж авчраад, сүлд модныхоо доор тавьж, харихдаа гацуур дор өөр нэгний үлдээсэн бэлгийг авна.


Арванхоёрдугаар сарын 24-нөөс өдөр бүр Монголын үндэсний циркт олон улсын циркчдийн тоглолттой. Уг тоглолтод хамгийн аюултай, эрсдэлтэй, амь дүйсэн үзүүлбэрүүд үзэгчдийг байлдан дагуулах болно. Мөн сургуультай араатан амьтад цагаан барс, цагаан арслан зөвхөн танд зориулж тоглохоос гадна эр зоригт мото залуусын нүд алдам үзүүлбэр таныг хүлээж байгаа ажээ. Монголын үндэсний циркт олон улсын циркчдийн тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.


Арванхоёрдугаар сарын 24-нд 15.00 цагаас “Корпорейт хотел энд конвейшн центр”-т “Үнсгэлжин” хүүхдийн шинэ жилийн баяртай. Тоглолтод хүрэлцэн ирсэн багачуудыг үлгэрийн баатрууд угтан авч, зураг авахуулна. Мөн тоглолтын үеэр 17 азтай хүүхэд шалгаруулж бэлэг гардуулах нь ээ. Харин тоглолтын тасалбарыг 35, 40 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна.


Арванхоёрдугаар сарын 24, 25-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт “Монголын балетын хөгжил” сангаас “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг гурав дахь жилдээ бүжнэ. “Цөмөөхэй-2016” тоглолт нь "Монголын балетын хөгжил сан"-гийн 10 дахь олон улсын чанартай тоглолт болж байгаа аж. Энэ удаагийн “Цөмөөхэй” тоглолтонд Кубын үндэсний балет театрын гоцлооч болон Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд гол дүрүүдийг бүтээнэ. Мөн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүүхдүүд гээд нийт 196 хүүхэд оролцоно.


Арванхоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар чуулгад 12.00, 16.00 цагт “Номадик балет” продакшныхан “Цасангоо ба долоон одой” бүжгэн жүжиг тоглох нь. Шинэ жилийн баярыг анги хамт олноороо хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлж “Цасангоо ба Долоон одой”-н гайхамшигт түүхээр аялаарай. Тоглолтын тасалбар бүр бэлэгтэй аж.


Арванхоёрдугаар сарын 25-нд Дурсамж шөнийн клубт монголын хип хопын алтан үеийн сор болсон ICETOP, DIGITAL, MONTARAP хамтлагуудтай хамт зул сарын баярыг хамтдаа тэмдэглэцгээх гэнэ. Тус тоглолтыг тасалбар 10 мянган төгрөг аж.


Арванхоёрдугаар сарын 27, 30-нд Улаанбаатар чуулгын тайзнаа адал явдалд дуртай бяцхан хүүхдүүдийг сэргэлэн цовоо, баатарлаг “Ногун” сүлд модны наадамд дургүй Гринч болон үлгэрийн хотхоны баатрууд тоглосон хүүхдийн жүжигт урьж байна. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөг шүү. Тоглолт 13, 15, 17 цагуудад тус тус болно.


Арванхоёрдугаар сарын 28-нд 19 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрийн гоцлол дуучин Э.Анхбаяр “Prima ..." буюу "Эхлэл ..." хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Түүний тоглолт энэ сарын 13-нд болох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулж, энэ сарын 28-нд тоглохоор болжээ.


Арванхоёрдугаар сарын 30-нд 19.00 цагт “Брэнд медиа” группээс “Salm brau” клубт “Яг хэн шиг” шоу зохион байгуулна. Олны танил нэгнийг хамгийн сайн дуурайж хувирсан хүнийг 300 мянган төгрөгөөр шагнах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39304
0 эможи
keyboard_arrow_up