Б.Шижирбатын бүжиг дэлхийг шуугиулж байна
"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатын хоёрдугаар шатны үзүүлбэр дэлхий дахинд танигдаж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичиж эхэллээ.
Тодруулбал, Фэйсбүүкт байрлуулсан түүний бүжгийн бичлэгүүдийг нийт 54 сая хүн үзсэн байна.


Бичлэгийг үзсэн хүмүүс:
- Түүний авьяас дараагийн түвшинд гарчээ,
- Гоё дуу, гайхалтай бүжгийн хөдөлгөөн, шилдэг график, эффект. Үнэхээр гайхалтай үзүүлбэр байна. Би энэ видеог үзэж дуусгаад босч алга ташлаа,
- Тэр "Авьяаслаг Монголчууд" байтугай "Авьяаслаг Дэлхийчүүд" шоунд түрүүлэхээр байна,
- Үнэхээр янзтай. Ийм бүтээлч байдал, эффектийг 1980-аад оны Жэксоноос хойш харсангүй. Тэр хол явна,
- Гайхшрал төрүүлж, нүд нээсэн үзүүлбэр үзүүлсэн залууд баярлалаа. Үүнийг үзсэндээ маш их баяртай байна. Би Сири улсад амьдардаг бүжигчин. Миний мөрөөдөж ч чадахгүй шидэт үзүүлбэр байна,
- Технологи, бүжиг хоёрын шилдэг хослол байна
- Би охинтойгоо хамт үзлээ. Охин маань надаас "Энэ залуу онцгой хүч чадалтай юм уу"гэж асуусан зэрэг олон сайхан үгтэй сэтгэгдэл үлдээсэн байна.
Түүнээс гадна Б.Шижирбатын талаар дэлхийн 40 гаруй мэдээллийн хэрэгсэл мэдээ бэлтгэж, 20 гаруй хэрэглэгч бичлэгийг нь Youtube сувагтаа байршуулжээ.
Тухайлбал, олон сая уншигчтай "Mashable" сайтад "Энэхүү үзүүлбэрийг бэлтгэхэд хэр хэмжээний ур чадвар, бэлтгэл, бүтээлч байдал шаардагдсаныг төсөөлж чадахгүй нь.Монголын бүжигчин Б.Шижирбат бол мэргэжлийн график дизайнер. Тэрбээр өөрийн ур чадвар, авьяасаараа улсдаа том давалгаа үүсгэлээ.
"Б.Шижирбат "Авьяаслаг Монголчууд" шоуны хагас шигшээ тоглолтын тайзнаа хөдөлгөөнт графикийг бүжгийн үзүүлбэртэй төгс хослуулсан байна" гэж бичжээ.
Түүнээс гадна Б.Шижирбатад Голландын DJ Sam Feldt хамтран ажиллах санал тавьсан. Бүжигчин залуу маань одоогоор шигшээ тоглолтонд бэлдэж байгаа тул шоуны дараа хариу өгөхөөр болжээ.
Б.Шижирбат "Авьяаслаг Монголчууд" шоуны хоёрдугаар шатны үзүүлбэрийнхээ камерын хөдөлгөөнгүй, эгц урдаас авсан бичлэгийг Фэйсбүүк хуудаснаа байршуулсан байна.
Тэрбээр бичлэгийн тайлбартаа "Бүтээлийнхээ зохиолыг наймдугаар сарын эхээр гаргасан санагдаж байна. Оюутан байх үедээ бүжиг гэж хэт туйлширч яваад бүтэн хоёр семестер "будаа болж", хамаатан садан, аав ээждээ дэлбэ зэмлүүлж, өөртөө гутарч сургуулиа орхих талаар бодсон. Тэр үед уур уцаараар биш тэр л хайрын үгсээр зөв зам руу залж, дахин боломж олгосон аав ээждээ зориулж, тэр үеийнхээ мэдрэмжийг хэлэх биш харуулах гэж зорилоо" гэж бичжээ.




