AsiaRussia: Сергей Шойгу “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоно
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг монголчуудын хамгийн ихээр таашааж, шимтэн үздэг теле нэвтрүүлэгт урьсан хэмээн “Asia Russia”-д мэдээллэжээ. Энэ талаар мөн Оросын "Impol" цахим хуудаст ч онцолсон байна.
Хэвлэлийн мэдээлэлд: Монгол Улсад маш их алдартай, телевизийн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийн таашаалд нийцжээ. Тус нэвтрүүлэгт Монгол Улсын болон Өвөрмонголын хамгийн хүндлүүштэй эрхэмүүд бараг бүгд оролцсон. Жишээ нь, Хятадын алдарт жүжигчин, өвөрлөгч, БНХАУ-ын телевизийн "Чингис хаан" цуврал кинонд Чингис хааны дүр бүтээсэн Батдоржийн Баасанжав, мөн ӨМӨЗО-ы нэрт эрдэмтэн Гэрэлт Боржигон зэрэг олон алдартан оролцож байв. Дашрамд дурдахад, Холливудын жүжигчин Стивен Сигал тус нэвтрүүлэгт оролцжээ. Гэхдээ монголчууд тэрхүү нэвтрүүлгийг өөр өөрийнхөөрөө хүлээн авч, зарим нь ард түмний дуртай нэвтрүүлэгт түүнийг оролцсонд дургүйлхэж байжээ.
Харин одоо УИХ-ын гишүүн Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу (Түүний тува нэр нь Сергей Күжүгет оглу Шойгу)-г тус нэвтрүүлэгт урилаа. Монголын хэвлэлүүдэд Сергей Шойгу энэхүүнэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөн хэмээн бичжээ. Бид Монголын улс төрийн сонгуулийн дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын оролцсон маш сонирхолтой нэвтрүүлгийг үзэх нь ээ.
Түүний тухайд товчхон: Сергей Шойгу 1955 оны тавдугаар сарын 21-нд Өөртөө засах Тува улсын Чадан хэмээх жижиг хотод, дүүргийн сонины редактор Серээевич Шойгу болон Александр Яковлевна Шойгугийн гэрт мэндэлжээ.
Сергей Кужугетович Шойгу - ОХУ-ын төрийн болон цэргийн зүтгэлтэн. 2012 оноос хойш ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажжиллаж буй. Армийн генерал (2003), ОХУ-ын баатар (1999).
ОХУ-ын болон ЗСБНХОУ-ын Иргэний хамгаалалт, түргэн тусламж, Байгалийн гамшгийн нөлөөг арилгах улсын хорооны дарга (1991-1994), Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах (1994-2012) Оросын Холбооны Улсын сайд, Москва мужийн амбан захирагч (2012).
Бүс нутгийн хоорондын "Эв нэгдэл" хөдөлгөөний дарга(1999-2001), "Нэгдсэн Орос" намын дарга(Ю.М.Лужков болон М.Ш.Шаймиев нарын хамт, 2001-2002), "Нэгдсэн Орос” дээд зөвлөлийн гишүүн. ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн Ерөнхийлөгч (2009 оноос хойш). 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сергей Кужугетович Шоуйгу Анатоли Сердюковын оронд ОХУ-ын Батлан хамаалахын сайдаар томилогджээ хэмээн бичжээ.

-“ШАЙТАН” 10 НАСТАЙДАА ТУВА ЛАМЫН ТУСЛАХ БОЛЖ, ЭЛДЭВ НУУЦ
ЁСЛОЛ ҮЙЛДЭХЭД НЬ ТУСАЛЖ БАЙЖЭЭ-
Буддист, генерал Унгернийг шүтэн бишрэгч Сергей Кожугетович Шойгу 1991 оноос хойш тасралтгүй төрийн өндөр алба хашиж, дээд амжилт тогтоов. Энэ хүний амьдрал өвөрмөц. 1971 онд Сергейг паспорт авах үед “андуураад” Кожугетович Шойгу гэж бичжээ.
Сергейн багын хоч “Шайтан”. Тэр 10 настайдаа тува ламын туслах болж, сүнс дуудахаас өгсүүлээд оршуулгын ажил зэрэг элдэв нууц ёслол үйлдэхэд нь тусалж байсан аж. Тэрээр бүр 12 настайгаасаа мөнгөний амтад оржээ. Тэр Ленинградын их сургуулийн археологийн багтай хамт тувачуудын орхигдсон хаваржаа, өвөлжөөгөөр явж, хайгуул хийх болсон байна. Түүнийхээ төлөө улиралд 1500 рубль авсан гэдэг.
Сергейн эцэг Кожугет хувиараа хөдөлмөр эрхлэн, ЗХУ-д хамгийн томд тооцогддог скорционерын тариалантай байжээ. Кожугет энэ ургамлын үндсээр эм хийж улс даяар зарж, борлуулдаг байж. Хоёрдугаар ангийн боловсролтой Кожугет удалгүй Тувагийн Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгчийн орлогч болжээ. ЗХУ-ын Улс төрийн товчооны хэдэн хөгшин гишүүний бэлгийн чалхыг сайжруулсан шидэт эмийнхээ ачаар түүнийг энэ байр сууринд очсон гэлцдэг.
Бичиг үсэггүй малчин эр 1990-ээд онд бүр зохиолч болж манджээ. Түүний “Цаг хугацаа ба хүмүүс”, Тувагийн ахмадын бага эх орныхоо тухай өгүүлсэн үнэн бодит түүх”, “Танну-Тыва бол нуур, хөх голуудын орон” зэрэг ном олон мянган хувиар хэвлэгдэн гарч, алдартай зохиолчид өмнөтгөл үгийг нь бичсэн байна. Энэ номын нээлтэд тухайн үеийн бүх эрхтэн дархтан хүрэлцэн ирж байжээ.
Сергейн ээжийн талаар Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Александра Яковлевна гэхээс өөр албан мэдээлэл байдаггүй, түүний овгийг ч огт дурсдаггүй. Үнэндээ бол ээжийнх нь овгийг Ривлин гэдэг. Сергейн ээж Тувад томилолтоор ирээд, эцэгтэй нь танилцсан байна.
Сергей Кожугетович азтай гэрлэлтийнхээ ачаар, мөн хожим нь ЗХУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн болсон Шенин гэдэг хүний тусламжтайгаар элит бүлэгт багтжээ. Чухам тэр л малчны хүү, алдарт меньшевикийн хамаатныг Москвад авч ирсэн аж. Сергей ажлын гараагаа Оросын барилга, архитектурын төрийн зөвлөлийн тэргүүний орлогчоор эхэлжээ.

-“ЦУСТ БАРОН УНГЕРНИЙ ХОЙД ДҮР” ГЭЛЦДЭГ-
Зарим эх сурвалжид мэдээллэснээр, Шойгу Москвад яг боевик дайчны дүрээр орж ирсэн аж. Ямар ч гэсэн Сергей Шойгу 1991 онд Шамиль Басаевын Чечений отрядтой хамт төрийн эргэлт гарсан тэдгээр өдөр Ельциний Цагаан ордныг хамгаалж байжээ. Энэ үед Ельцин түүнийг Оросын тусгай албаны тэргүүнээр (тухайн үед Оросын аврагчдын корпус нэртэй байсан) томилжээ. Тус улсын арми Ельциний болон КГБ, Дотоод явдлын яамны мэдэлд байгаагүй аж. Иймээс тэд 1999 оны эхний хагаст аврагчид гэсэн нэрийн дор далд хэлбэрээр өөрсдийн “толгой хэрчигчдийн отряд”-ыг байгуулах ганц боломжийг ашигласан нь тэр гэдэг.
Оросын хуулиар хүнийг энх тунх ахуйд хот, гудамжийг нэрээр нь нэрлэдэггүй. Гэтэл Грозный хотод Путиний өргөн чөлөө байдаг. Харин үүнээс ч өмнө Тувагийн Чадан хот Сергей Шойгугийн нэрэмжит болжээ. Түүнээс гадна Тувад “Сергей Шойгу” нэртэй уулын оргил, бүр сангийн аж ахуй ч байдаг байна. Түүнчлэн Чадан хотыг Шойгу-град болгохоор төлөвлөжээ.
Оросын бага ястан, үндэстэн Шойгуг Ерөнхийлөгч Медведев, Ерөнхий сайд Путинээс ч илүү хүндэлдэг. Тэдний хувьд Сергей бол агуу бэлгэдэл. Еврей гаралтай оросууд түүнийг Евразийн Каганат байгуулна гэж найддаг (Шойгу далдуурхан еврейчүүдийн байгууллагыг санхүүжүүлдэг гэнэ). Харин лалын шашинтнууд Шойгуг оросуудын үндсэрхэг үзлийг эсэргүүцэн, өөрсдийнх нь ашиг сонирхлыг хамгаална гэж итгэдэг.
Буддаг шүтэгчдийн хувьд бүр ярих ч юм биш, тэд Сергей Шойгуг бараг л Оросын Далай лам гэж бишрэн, асар их хүндэлдэг. Сергей өөрөө улсынхаа янз бүрийн үндэстэн ястан болон улстөрийн төрөл бүрийн урсгалтай зохицож чаддаг авьяастай нэгэн аж. Эзэн хаант засаглалыг дэмжигчид, поцтреотчүүд, Дугиний гэх евразичууд, бөө шүтлэгтэнүүд харин Шойгуг цуст барон Унгерний хойд дүр хэмээдэг аж.
Сергей бүр 1970-аад оноос Унгернийг шүтдэг болжээ. Түүний найзууд “Бид орой бүр түүдэг галын дэргэд гитар тоглодог. Харин Серёжа гитараа хойш тавин, барон Унгерний амьдралын тухай хэдэн цагаар ч хамаагүй ярьдаг байсан. Тэр ер нь энэ хүнийг солиотой юм шиг тахин шүтдэг нь ойлгомжтой байсан” гэж ярьжээ. Панмонголизмын үзэл санааны фанат, Азийн морин дивизийн командлагч барон Роман Унгерн фон Штернберг нийслэлийн штабд өндөр албан тушаал хашихаас үргэлж татгалзан, хаана дайн байна тийшээ явдаг нэгэн байжээ. Түүний зэрлэг дивизийн тухай яриа одоо ч домог мэт ам дамжсаар, Тувагийн иргэд түүний нэрээр хүүхдээ айлгадаг гэнэ. Гэхдээ л тувачууд Шойгуг Унгерний хойд дүр гэдэг нь хачирхалтай.
Шойгу үүнийг нэг их үгүйсгэдэггүй бололтой. Ельциний үеэс Кремль бөөгийн шашныг бишрэх болсон нь Шойгутай холбоотой гэдэг. Шойгу л 1990-ээд оны дундуур Ельцинийг “сэтгэцийн эрчим хүч судлаач”, зөн билэгтэн нартай холбож өгсөн байна. Анагаахын доктор, профессор Георгий Степанов, тэр бүү хэл Борис Ельцинийг психотрон малгайгаар эмчилж байжээ.
Шойгу бүр Ельциний үеэс шууд улсын дээд удирдлагад захирагдах тусгай алба байгуулж, улмаар КГБ болон хожуу үеийн Холбооны аюулгүйн албатай /ХАА/ холбож өгсөн аж. Тэрээр 1990-ээд оны сүүлээр Израилийн чөлөөнд гарсан тусгай албадын ажилтнуудыг авч ирэн, Онцгой байдлын яамны ивээл дор “Лидер” хэмээх “үхлийн” эскадронуудыг байгуулжээ.
-ОРОСЫН НУУЦ ДАРАНГУЙЛАГЧ-
Төрийн Думын гишүүд 1999 онд тухайн үеийн ХАА-ны захирал В.Путинд хандаж, Шойгугийн байгууллагыг шалгуулах хүсэлт тавьж байсан удаатай аж. Учир нь аврах албаныхан яагаад ч юм Дотоод хэргийн яам, ХАА зэрэг тусгай албадын гүйцэтгэх ажлыг өөртөө үүрсэн байжээ. “Лидер”-ийн талаар 1500 мэргэжлийн дайчинтай гэхээс өөр мэдээ байдаггүй. Тэгсэн хэрнээ тэдний ард Онцгой байдлын яамны /ОБЯ/ хэдэн арван мянган цэрэг бий. Ер нь ОБЯ нь ОХУ-ын хүчний байгууллагуудаас хамгийн олон генералтай нь. ОБЯ-ны зөвхөн төв аппарат 1215 хүнтэй бөгөөд нийт 26900 ажилтны 19500 нь цэргүүд. ОХУ-ын ОБЯ дэлхийн түүхэд байхгүй дээд амжилт тогтоожээ, энд нэг генералд 160-аас цөөн цэрэг ногддог. 100 цэрэгтэй салааг ахмад, 450 хүнтэй батальоныг дэд хурандаа, 3800 хүнтэй бригадыг хурандаа удирддаг. ОБЯ-ны 19500 цэргийг армийн генерал Шойгу болон 122 генерал удирддаг. Үүнээс 9 хурандаа-генерал, 33 дэслэгч-генерал, 76 хошууч-генерал, 4 контр-адмирал байдаг аж.
ОХУ-ын армийн 1 сая цэрэгт 890 генерал ногддог. Харьцуулахад АНУ-ын армийн 1 сая 371 мянган цэрэгт 879 генерал ногддог. Өөрөөр хэлбэл ОБЯ-ны нэг генерал 159 цэргээ захирдаг бол ОХУ-ын армийн нэг генерал 1100 цэргийг, АНУ-ын армийн нэг генерал 1204 цэргийг удирддаг. Хамгийн гайхалтай нь Оросын ОБЯ-д цэргийн нисэх хүчин, хуягт танкийн нэгтгэл бий. Ийм ч учраас Шойгуг бүр 1990-ээд оны дунд үеэс Оросын нууц дарангуйлагч хэмээх болсон аж.
Тухайн үед генерал Лебедийг биш харин Сергей Шойгуг л Кремль үргэлж Пиночетийн дүрд тохирох хүн гэж харж байжээ. 1998 оны намар дефолт тохиоход Ельцин Үндсэн хуулийн бус аргаар эрх мэдлээ Шойгуд өгөхийг завдсан гэсэн яриа тарсан байна. Дараа нь буюу 2002-2003 онд Шойгу 2 дахь удаагаа Оросын удирдагчид “нэр дэвшчээ”. Тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан Александр Волошин, Ерөнхий сайд Михаил Касьянов нар төрийн эргэлт хийж, Путинийг Шойгугаар солих гэж байжээ. 2008 оны намар, 2009 оны хавар Шойгу 3 дахь удаагаа Оросын дарангуйлагч болох хүнээр тодорсон байна. Тэр үед нефтийн үнэ нэг баррель нь 36 доллар хүрч буурсан тул элитүүд улсаа удирдах чадваргүй Медведевийг огцруулж, онц байдал зарлахыг хүсэх болжээ. Ямартаа ч Шойгу Оросын нууц дарангуйлагч гэж тооцогдож ирсэн, тооцогдсоор ч байна.




