Иогийн багш Б.Туул: Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй үедээ юугаа ч өөрчилсөн сэтгэл нь амардаггүй

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын зөвлөгөөг хүргэж байна.
Тэрбээр "Өнөөдөр над дээр зөвлөгөө авахаар нэгэн эмэгтэй ирлээ. Өөдөөс минь хараад сууж байгаа түүний арьс миний нүдэнд бол насандаа тохирсон, хэвийн, бүр тун дажгүй харагдаж байв. Гэтэл тэр
Арьс маань хөгшрөөд муухай болчихлоо. Энэ хэсэг унжсан, тэр хэсэг суларсан. Би одоо яах вэ? Ямар арга байна? гэж сэтгэл нь үнэхээр зовсон янзтай асуулаа.
Түүний зааж байгаа хэсэг бүрийг би анхааралтай харсан. Үнэндээ засаж янзлах шаардлагатай айхтар зүйл надад харагдсангүй. Харин тэр эмэгтэйн гол асуудал арьсандаа биш, нас ахиж яваа өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад нь байлаа.
Бид өнөөдөр өөрийнхөө нүүрийг зөвхөн толинд хардаг болсонгүй. Утасны камер, зурагны шүүлтүүр, сошиал орчинд өдөр бүр харагдах өөгүй толигор нүүрнүүдтэй харьцуулан хардаг болжээ. Бид сурталчилгааны амьдралыг хардаг. Харин амьдралын жинхэнэ үнэ цэнэ ихэнхдээ камерын ард үлддэг. Тийм болохоор өөрийнхөө бодит төрхийг харах бүрд ямар нэгэн зүйл нь дутаад байгаа мэт санагдаж, насны аясаар гарч буй энгийн өөрчлөлт хүртэл алдаа шиг харагдаж эхэлдэг.
Би түүнд:
- Юуны өмнө та нас ахиж яваагаа, үүнийг дагаад арьс, бие тань өөрчлөгдөж байгааг үнэнээр нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрнө гэдэг бууж өгнө гэсэн үг биш. Харин өөртэйгөө тэмцэлдэхээ болиод, өөрийгөө хайрлан арчилж эхлэх эхний алхам юм гэж хэллээ.
- Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй үедээ юугаа ч өөрчилсөн сэтгэл нь амардаггүй. Нэг үрчлээгээ арилгавал дараагийн өө нь харагдана. Нэг хэсгээ өргүүлбэл өөр нэг хэсэг нь таалагдахаа болино. Учир нь гол асуудал нүүрэнд биш, өөрийгөө харж байгаа харцанд нь байдаг.
Харин “Тийм ээ, би нас ахиж байна. Гэхдээ би муухай болж байгаа юм биш. Би өөрчлөгдөж байна” гэж хүлээн зөвшөөрч чадсан мөчөөс хүний доторх тэмцэл намдаж эхэлдэг.
Би гоо сайхны хагалгаа, ботокс, филлер болон бусад үйлчилгээг үгүйсгэдэггүй. Хүн өөрийнхөө бие, нүүрэнд юу хийхээ өөрөө сонгох эрхтэй. Зарим тохиолдолд эдгээр нь хүний өөртөө итгэх итгэлийг сэргээж, сэтгэл ханамж өгч ч болно. Гэхдээ гадна талын ямар ч өөрчлөлт дотроо өөрийгөө голдог мэдрэмжийг бүрэн эмчилж чаддаггүй.
Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөгүй хүн хэчнээн их засвар хийлгэсэн ч өөрөөсөө дахин өө хайсаар байдаг.
Харин жинхэнэ арчилгаа гэдэг өөрийгөө засах гэж яарахаас биш, өөрийгөө хайрлах сэтгэлээс эхэлдэг. Биеэ хөдөлгөх, гүн амьсгалах, сайн унтаж амрах, зөв хооллох, арьсаа тогтмол арчлах, нүүр хүзүүний булчингаа ажиллуулах нь “Би хөгширч болохгүй” гэсэн айдсаас биш, “Энэ бие олон жил намайг авч явсан, одоо би түүндээ анхаарал тавья” гэсэн хүндлэлээс үүсэх учиртай.
Хүн бүр төрөхдөө байгаль эхийн урласан давтагдашгүй төрхтэй ирдэг. Нүдний харц, инээхэд нь хацар дээр тогтох жижигхэн зураас, дуу хоолой, хөдөлгөөн, нүүрний хувирал нь хүртэл тухайн хүний амьд түүхийн нэг хэсэг. Хоёр хүн яг адилхан инээдэггүй, яг адилхан хардаггүй. Бидний гоо сайхан төгс хэмжээсэд биш, тэр давтагдашгүй байдалд оршдог.
Нас ахихад нүүр өөрчлөгдөнө. Арьс нимгэрч, уян чанар багасаж, инээсэн газарт үрчлээ тогтож, амьдралын зарим хүнд үе харцанд үлдэнэ. Гэхдээ энэ бүхэн хүний үнэ цэнэ буурч байгаагийн шинж биш. Харин амьдарсан хугацаа нь биед нь өөрийн мөрөө үлдээж байгаа хэрэг юм. Нүдний буланд тогтсон зураас бүр зөвхөн хөгшрөлтийн тэмдэг биш. Тэнд олон жилийн инээд, баяр, хүлээлт, нулимс, ухаарал бий.
“Дур булаам эмэгтэй” гэдэг хамгийн өөгүй арьстай, хамгийн залуу харагддаг, эсвэл насныхаа бүх шинжийг арилгаж чадсан эмэгтэйг хэлэхгүй. Дур булаам эмэгтэй гэдэг өөрийнхөө амьдралыг бусдын хэмжүүрээр биш, өөрийн үнэт зүйлээр авч явдаг, өөрийнхөө бие, нүүр, нас, туулсан замтай эвлэрсэн эмэгтэй юм.
Тэр өөрийгөө орхидоггүй, бас өөрийгөө наснаасаа зугтаалгах гэж хүчээр өөрчилдөггүй. Өөртөө анхаарал тавина, арчилна, хөдөлнө, гэрэлтэнэ. Гэхдээ энэ бүхнийг өөрийгөө голсондоо биш, өөрийгөө хайрласандаа хийдэг.
Нас ахилт бол айдас биш. Бас гоо сайхан дуусаж байгаагийн зарлал ч биш. Харин залуу насны гаднах өнгө аажмаар намдаж, дотор бий болсон эмэгтэйн ухаан, тайван байдал, өөртөө итгэх итгэл илүү тодорч эхэлдэг үе юм.
Өөрийгөө хайрлах тусам хүн гэрэлтдэг. Өөрийгөө голлох тусам дотроосоо гунддаг. Харин өөрийнхөө нас, төрх, амьдралын түүхтэй эвлэрч, байгаагаараа байх зоригтой болсон үед л эмэгтэй хүн хамгийн үнэн, хамгийн амьд, хамгийн дур булаам харагддаг.
Та байгаагаараа үзэсгэлэнтэй." гэв.




