Иогийн багш Б.Туул: Бид нүдээрээ инээж, хөмсгөөрөө гайхаж, хацраараа баярлаж, уруулаараа хайртайгаа илэрхийлдэг Иогийн багш Б.Туул: Бид нүдээрээ инээж, хөмсгөөрөө гайхаж, хацраараа баярлаж, уруулаараа хайртайгаа илэрхийлдэг
08 сарын 21, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Иогийн багш Б.Туул: Бид нүдээрээ инээж, хөмсгөөрөө гайхаж, хацраараа баярлаж, уруулаараа хайртайгаа илэрхийлдэг

2026 оны 8 сарын 21

Arslan.mn

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын зөвлөгөөг хүргэж байна.

ИНЭЭХЭД ҮНЭХЭЭР ЗАЛУУЖДАГ УУ?

Би хэдэн жилийн өмнө нэг хүний тухай түүх сонсож байсан юм.

Хүнд өвчин тусаж, эдгэрэх магадлал тун бага гэсэн мэдээ сонссон тэр хүн амьдралынхаа үлдсэн хугацааг өвчтөн шиг өнгөрүүлэхийг хүсээгүй гэдэг. Ингээд эмчилгээнийхээ хажуугаар өөрийгөө инээлгэх ажлыг яг ажил мэт төлөвлөж эхэлжээ. Өдөр бүр инээдмийн кино, хөгжилтэй нэвтрүүлэг үзнэ. Инээмсэглэж, хөхөрч байгаа хүмүүсийн зургийг харна. Өөрийнхөө амьдарч буй орчныг айдас, өвчний тухай яриагаар биш, баяр баясгалангаар дүүргэнэ.

Тэр хүн бол Америкийн сэтгүүлч, зохиолч Норман Казинс байсан.

Өвдөлтөөсөө болоод шөнө тайван унтаж чадахгүй байсан түүнд арван минут чин сэтгэлээсээ инээхэд хэсэг хугацаанд өвдөлт нь намдаж, тайван унтаж амрах боломж гардаг байсныг тэр хожим номдоо бичсэн байдаг. Инээд нь түүний эмчилгээг дэмжиж, өвдөлтөө даван туулах, биеэ амраах, эдгэрнэ гэсэн итгэл найдвараа алдахгүй байхад нь хүчтэй нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл тэр өвчнийхөө өмнө зүгээр нэг хүчин мөхөстөн хэвтээгүй, өөрийнхөө эдгэрэлд сэтгэлээрээ, биеэрээ идэвхтэй оролцож эхэлсэн хэрэг байлаа.

Энэ түүхийг анх сонссоноос хойш би инээдийг зүгээр нэг сэтгэл хөдлөл гэж бодохоо больсон юм.

Хүн инээхэд зөвхөн уруулын хоёр үзүүр дээшилдэггүй. Нүдний эргэн тойрон дахь булчин хөдөлж, хацар өргөгдөж, амьсгалын хэмнэл өөрчлөгдөн, цээж онгойж, бүх бие оролцдог. Хүн хэдхэн хором ч болов айдас, түгшүүр, бүхнийг хянах гэсэн хүслээ тавьж, бие махбоддоо:

“Би одоо аюулгүй байна. Би баяртай байна. Амьдрал сайхан байна” гэсэн дохио өгдөг.

Шинжлэх ухаанд үүнийг нүүрний хариу үйлдлийн холбоо гэж тайлбарладаг. Бид баярлахаараа инээмсэглэдэг нь үнэн. Гэхдээ нөгөө талаас нүүрний булчин инээмсэглэлийн хөдөлгөөн хийхэд тархи тэр мэдээллийг буцаан хүлээн авч, бидний сэтгэл хөдлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл нүүр бол дотоод сэтгэлийн зүгээр нэг толь биш. Дотоод сэтгэл рүү буцааж дохио илгээдэг амьд систем юм.

Чин сэтгэлийн инээд стрессийн даавар болох кортизолыг бууруулж, сэтгэл санаа, өвдөлт мэдрэх байдал, биеийн тайвшрах үйл явцад эергээр нөлөөлж болохыг судалгаанууд харуулдаг. Мэдээж инээд бол шидэт эм биш. Хорт хавдар болон бусад хүнд өвчний үндсэн эмчилгээг орлохгүй. Харин эмчилгээг давах сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар, тайван амралтыг дэмжиж, бие махбодын нөхөн сэргэх таатай орчныг бүрдүүлэх хүчтэй нөөц мөн.

Гэтэл өнөөдөр зарим эмэгтэйчүүд “Инээвэл нүдний хажууд болон нүүрэнд үрчлээ сууна, хацрын нугалаас нэмэгдэнэ” гээд бүтэн нүүрээрээ инээхээс хүртэл болгоомжилдог болсон. Үрчлээгүй харагдах гэж эхлээд нүүрнийхээ хөдөлгөөнийг хязгаарлана. Дараа нь хөдөлж байгаа булчин бүрээ сулруулж, аль болох хөдөлгөөнгүй байлгахыг хүснэ.

Ботокс хийлгэх нь нүүрний булчингийн хөдөлгөөнийг хязгаарлаж, үрчлээ гарахаас сэргийлдэг хэдий ч нүүрний булчингийн хөдөлгөөн багасахад нүүрнээс тархинд очдог сэтгэл хөдлөлийн эргэх холбоо болон хүний сэтгэлээ илэрхийлэх байдал тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж болохыг сүүлийн үеийн судалгаануудад авч үзэж байна.

Энэ нөлөөг “тархинд байнга аз жаргалгүй гэсэн дохио өгдөг” хэмээн шууд дүгнэж болохгүй ч нүүрний хөдөлгөөн, сэтгэл хөдлөл хоёр бидний төсөөлдгөөс илүү нягт холбоотой нь тодорхой.

Учир нь хүний нүүр бол зөвхөн толинд харагдах арьс биш. Харилцааны хэл юм.

Бид нүдээрээ инээж, хөмсгөөрөө гайхаж, хацраараа баярлаж, уруулаараа хайртайгаа илэрхийлдэг. Нүүрний хөдөлгөөнөөрөө бусдад сэтгэлээ ойлгуулж, бусдын сэтгэлийг ч хүлээн авдаг. Тиймээс нүүрээ арчлах нэрээр амьд хөдөлгөөнийг нь бүхэлд нь үгүй хийх бус, өөрийн төрх, онцлог, сэтгэл хөдлөлөө хадгалсан ухаалаг сонголт хийх нь чухал санагддаг.

Инээдний үрчлээ бол хөгширсний нотолгоо биш. Олон удаа баярласны, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай байсны, амьдралыг хэт хүндээр үүрэлгүй, заримдаа хөнгөхөн хүлээж авч чадсаны мөр юм.

Миний хувьд үрчлээтэхээс айгаад инээхгүй байх нь насаа залуугаар нь хадгалж байгаа хэрэг биш. Харин амьдралаасаа хамгийн сайхан мөчүүдийг хасаж байгаатай адил санагддаг.

Тиймээс инээх хэрэгтэй.

Бүтэн нүүрээрээ, нүдээрээ, дотроосоо инээх хэрэгтэй.

Учир нь инээд нүүрэнд хэдэн зураас нэмж болох ч амьдралд тань баяр баясгалан, сэтгэлд тань тэнхээ, биед тань эрүүл мэнд нэмдэг. Магадгүй “инээвэл залуужина” гэдэг үгний жинхэнэ утга нь ч энэ байх.

"Slow Aging — нас нэмэх тусам гэрэлтэх урлаг."

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670312
0 эможи

keyboard_arrow_up