Б.Туул: Монголын аялал жуулчлал хөгжөөсэй гэвэл бид ӨӨРСДӨӨ ДОТООДДОО АЯЛДАГ байх хэрэгтэй Б.Туул: Монголын аялал жуулчлал хөгжөөсэй гэвэл бид ӨӨРСДӨӨ ДОТООДДОО АЯЛДАГ байх хэрэгтэй
08 сарын 17, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Туул: Монголын аялал жуулчлал хөгжөөсэй гэвэл бид ӨӨРСДӨӨ ДОТООДДОО АЯЛДАГ байх хэрэгтэй

2026 оны 8 сарын 17

Arslan.mn

Иогийн багш Б.Туул " За яадгийн, өнөөдөр жаахан үндсэрхэг пост нийтэлчихье.

Ер нь 40+ наслаад ирэхээр сүүлийн хэдэн жил миний доторх үндэсний үзэл, эх орноо гэсэн хайр улам тодорч, тордож байгаа юм шиг санагддаг. Аргагүй биз дээ... энэ бүхэн бидний цусанд байдаг юм байна.

Өмнө нь гадаадад суръя, гадаадаар аялъя, тэнд л бүх сайхан зүйл байдаг юм шиг боддог байлаа. Харин одоо монгол дээл хувцсаа иж бүрэн өмсөж гангардаг болж, Монгол дуу хуураа шимтэн сонсдог болж, өв уламжлал, өвөг дээдсээ улам хүндэтгэдэг болж, эх орныхоо үзэсгэлэнт сайхан газруудаар аялдаг болжээ. Бас аль болох үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг болсон. Нас нэмэх тусам энэ бүхэн хэнээр ч заалгалгүй аяндаа ирдэг юм байна.

Саяхан гэр бүлийнхэнтэйгээ аялж яваад тухтай сайхан газар бууя гээд байгуулагдаад удаагүй нэгэн кэмп дээр буудалласан юм. Ганцаараа эсвэл залуучуудаараа явж байсан бол хаана ч хоноод өнгөрөх байсан байх. Харин 93 настай өвөө минь хамт явж байсан болохоор аль болох тухтай байлгая гэж бодоод дотроо ариун цэврийн өрөөтэй VIP цомцог гэрийг нь авсан. Үнэ нь мэдээж багагүй ч өвөөгийнхөө тухтай амарч, тайван унтаж байгааг харахад огт харамсмааргүй санагдаж билээ.

Тэр үед нэг зүйл бодогдсон. Бид олсон хэдэн төгрөгийнхөө нэлээд хэсгийг өөрийн эрхгүй гадагш урсгачихдаг. Харин тэр мөнгөнийхөө тодорхой хэсгийг Монголдоо үлдээж чадвал энэ нь өөрөө эх орондоо хийж байгаа хамгийн бодит хөрөнгө оруулалт юм байна.

Монгол орон маань үзэж харах зүйлгүйдээ биш. Нэг бүтэн амьдралд ч үзээд дуусахааргүй их баялаг, үзэж харах зүйл ихээ. Гэр бүлээрээ Монгол орноороо аялж, энэ сайхан уул ус, байгаль дэлхий, түүх соёлоо хүүхдүүддээ багаас нь мэдрүүлж өсгөнө гэдэг үнэхээр үнэ цэнтэй юм билээ.

Хүү минь Америкт сургуулиа төгсөөд шалгалтаа өгснийхөө маргааш шууд Монгол руу нисээд ирсэн. Миний бодлоор хэд хоног тэндээ аялж, амраад ирэх байх гэж бодож байлаа. Гэтэл хамгийн түрүүнд “Ээж ээ, очихоор гэдэс чаначихсан байж байгаарай” гэж гуйсан. Тэр үгийг сонсоод л их зүйл бодсон доо. Хүн хаана ч явсан эх орноо санадаг юм байна. Монгол хоолоо, агаараа, монгол үнэрээ, монгол хөрсөө санадаг юм байна. Монгол хүн гэдэг мэдрэмж бидний мах цусанд байдаг юм байна. Үүнийг хэн ч зааж сургадаггүй. Зүгээр л монгол хүн учраас мэдэрдэг, цусандаа байдаг.

Монголын аялал жуулчлал хөгжөөсэй гэвэл бид өөрсдөө дотооддоо аялдаг байх хэрэгтэй. Монголын үйлдвэрлэл хөгжөөсэй гэвэл бид өөрсдөө үндэсний бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг байх хэрэгтэй. Монголчууд бид цөөхүүлээ. Бид л бие биенээ дэмжихгүй бол өөр хэн биднийг дэмжиж, хөгжүүлэх билээ.

Сошиалаар “Монголын юм их үнэтэй”, “Дотооддоо аялж байснаас гадагшаа явсан нь дээр” гэсэн сэтгэгдлийг их хардаг. Мэдээж хүн бүр өөрийн сонголттой. Үнэтэй газар буух уу, хямд газар буудаллах уу, гадаадад аялах уу, дотооддоо аялах уу гэдэг хувь хүний асуудал. Гэхдээ аливааг босгож, ажиллуулж, олон хүний цалинг тавьж, татвараа төлж, эрсдэл үүрч үзээгүй болохоор гаднаас нь хараад дүгнэх амархан байдаг байх. Нэг бизнес ашигтай ажиллаж байж л улам өргөжинө, олон хүнийг ажлын байраар хангана, дараагийн бүтээн байгуулалтаа хийнэ. Харамсалтай нь бүгд амжилттай байдаггүй. Маш олон хүн асар их хөдөлмөрлөж, эрсдэл үүрч, зарим нь бүр дампуурдаг.

Харин сүүлийн хэдэн жил Монголын дотоодын аялал жуулчлал алхам алхамаар хөгжиж байгааг харахад таатай сайхан санагдаж байна.

Архангай орчихоод буцах замдаа ARA Festival-ийг санаачлан зохион байгуулж байгаа найз Цолмонбаяртайгаа цөөн хором уулзаад хот руу буцсан. Тэнд очоод үнэхээр сэтгэл хөдөлсөн. Маш том бүтээн байгуулалт өрнөж, залуучуудын цагийг зөв, соёлтой өнгөрүүлэх орчин бүрдэж байгааг хараад найзаараа бахархсан. Ийм хүмүүс, ийм бүтээн байгуулалтууд олширвол Монгол маань улам өнгөлөг, улам хөгжингүй болно гэдэгт итгэл төрсөн.

Тиймээс үнэтэй газар бууна уу, хямд газар буудаллана уу, энэ бол хувь хүний сонголт. Харин гадагшаа урсаж байгаа мөнгөнийхөө тодорхой хэсгийг Монголдоо үлдээдэг байя. Олсон хэдэн төгрөгөөрөө эх орныхоо аялал жуулчлалыг, үндэсний үйлдвэрлэгчдээ, бүтээн байгуулалтаа дэмжье. Энэ бол Монголынхоо ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт юм.

Бидний өдөр бүрийн жижигхэн сонголтууд нийлээд маргаашийн Монголыг бүтээнэ.

Монгол орноороо аялъя.

Монгол бүтээгдэхүүнээ дэмжье.

Монгол хүний хөдөлмөрийг үнэлдэг байя.

Учир нь Монголыг хөгжүүлэх хамгийн том хөрөнгө оруулагч нь бид өөрсдөө юм. 

Судраа барин Эрдэнэзуу хийдээ гороолохдоо Монголынхоо нийт ард түмнийг эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байгаасай хэмээн чин сэтгэлээсээ залбирч, ерөөл өргөлөө." гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670198
0 эможи

keyboard_arrow_up