Хэдүүлээ хойд хилээ нээгээд Оросоос “зугтсан” компаниудыг оруулчих юм сан Хэдүүлээ хойд хилээ нээгээд Оросоос “зугтсан” компаниудыг оруулчих юм сан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хэдүүлээ хойд хилээ нээгээд Оросоос “зугтсан” компаниудыг оруулчих юм сан

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

Орос, Украины дайн дэлхийн эдийн засаг, улс төр, цаашилбал геополитикт өөрчлөлт авчрах нь тодорхой боллоо. Судлаачид ингэж байна. “Хоёр тал”-ын мэдээллээс тэгж ойлгогдож байна. Мэдрэгдээд ч эхэлсэн байна. Анхаарал татаж буй зүйл гэвэл арваад хоногийн өмнө дэлхийн хэмжээний брэнд үйлдвэрлэгч 250 орчим том компани Оросыг орхиж буйгаа мэдэгдсэн. Apple, Nokia, Canon, ADM, Panasonic, Nike, IKEA, Mango, Swarovski, Simple, Carlsberg, Warner Bros, Sony, Universal, Ford, BMW, Hyundai, Jaguar Land Rover, Porshe, Nissan, Boieng, Airbus, DHL гэсэн брэнд үйлдвэрлэгч олон компани Оросоос гарсан.

Энэ талаар Paperpaper.ru мэдээллийн сайтад “...Дэлхийн компаниуд Украиныг дэмжиж, Оросын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаагаа хязгаарлалаа” гэж мэдээлэв.

Харин ВВС-д “...Оросын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө гаргахыг түр хугацаагаар хязгаарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг бэлдсэн. Тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин “...Гадаадын бизнес эрхлэгчид эдийн засгийн хүчин зүйлд хөтлөгдөөгүй. Улс төрийн шахалтаар ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрч байна” гэж мэдэгдсэн.  Мөн тэрбээр “...Өнөөдөр манай зах зээлээс гарах амархан, гэхдээ дараа нь буцаж ирэх илүү хэцүү байх болно гэж тайлбарласан” гэсэн байна.

Ямар ч байсан Оросын төрийг эсэргүүцсэн компаниудын тэндэх үйл ажиллагаа нь зогсож байх шиг байна. Гэхдээ Орост олон жил болсон компаниуд ганцхан амьсгаагаар гараад гүйчих нь юу л бол... Боломжгүй. Адаглаад л тэр том зах зээл дээрх үйлчлүүлэгчдээсээ тийм ч амархан салаад явчихгүй. Apple гэхэд бүх бүтээгдэхүүнийхээ борлуулалт, экспортыг зогсоосон. Гэхдээ Apple Pay болон бусад үйлчилгээгээ хязгаарлаад орхисон. Гэвч энэ бүхний дараа Apple-ийн үйлдвэрлэсэн iphone гар утас зэрэг бүтээгдэхүүнийг бусад улс орнууд Оросоос зөөж эхэлсэн байна. Учир нь Орос дахь бүтээгдэхүүний үнэ маш ихээр унажээ. 

Түүнчлэн Оросын зах зээл маш том, ийм учраас дэлхийн брэнд үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа бүрэн зогсооход багагүй хугацаа орно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Угаасаа тэгнэ л дээ. Ер нь бол дээрх 250 орчим компанийн дийлэнх нь Орос дахь зах зээлээ алдахгүйг хүсэж байгаа нь тодорхой юм. Тиймээс дийлэнх нь энэ геополитикийн асуудлаас болоод “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” болчихоод байна. Нэг жишээ хэлэхэд, Оросоос гарч байгаагаа зарласан нэр бүхий томоохон компани тус улсын хэмжээнд мянга гаруй салбартай. Гэхдээ ердөө 70 орчим салбараа татан буулгаад бусдыг нь хэвээр үлдээсэн байгаа юм.

 

Энэ мэтээр зах зээлээ авч үлдэх гэсэн томоохон компаниуд салбаруудаа Гүрж, Казахстанд нээж арга хэмжээ авч эхэлсэн гэх мэдээллүүд гарч байна.

Чухамдаа энэ бол манайд шар тос болсон мэдээ юм. Өөрөөр хэлбэл, зах зээлээ хамгаалж, “Оросын ойролцоо” үлдэх бодолтой компаниудад газарзүйн байршлаараа Монголоос сайн сонголт байхгүй. Тэгэхээр хэдүүлээ Алтанбулагийн боомтоо нээгээд “Welcome to Mongolia” гэмээр байгаа юм.  Өөрөөр хэлбэл, энэ боломжийг ашиглаж хойд хилээ нээгээд Оросоос “зугтсан” компаниудыг оруулчих юм сан. Ингэж чадвал, Оросуудад үйлчилдэг дэлхийн брэндүүдийн дэлгүүр Монголд олноороо нээгдэнэ гэсэн үг. Валют ч манайх руу урсана даа.

Үүнд Орос, Украины дайнд Монгол Улсын барьж буй “түдгэлзсэн” байр суурь тээг болж мэдэх юм. Учир нь манайх НҮБ-д ийм санал өгсөн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр, “...Төрийн байгууллагууд гадаад харилцааны энэ халуун сэдэв дээр нэг цонхны байр суурьтай байна” гэдэг шийдэлд хүрсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ асуудал нь дипломат утгаараа Орос Украины зөрчилд орооцолдсон хэрэг огт биш юм. Харин ч Оросоос гарч буй дэлхийн брэндүүдийг Монголд тогтоож чадвал дипломат утгаараа хөршид таатай л үйл явдал болно.

Харамсалтай нь, бид чинь дэлхийн брэндүүдийг урих дэд бүтэц муутай юм. Энэ бол өнгөрсөн 30 жилд улсаа биш хэдэн даргыг хөгжүүлж ирсэний гор л доо. Чөлөөт бүс гээд давхиад очихоор ардчилсан хувьсгалаас арваад жилийн дараах социализмын үеийн бригадын төв шиг хүн амьтан ч үгүй, эл хуль, ер нь хэцүү газар угтдаг. “Хөгжүүлсэн” хугацаа, байгаа царай хоёрыг нь харьцуулбал “хүнд харуулахад ичмээр дамшиг” байдаг.

Гэхдээ л байгаа боломж дээрээ менежмэнт хийгээд наашаагаа Сэлэнгэ, Дарханы бүсийг оролцуулаад үзвэл болохгүй гэх газар байхгүй. Боломж байж л байна. Харин ингэж зориглох эрх мэдэлтэн гарах юм болов уу даа?

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635214
2 эможи

keyboard_arrow_up