С.Ундармаа: Архив, бичиг хэргийн ажил хариуцлагаас эхэлдэг

Монгол Улсын Хөгжлийн банкны 15 жилийн ойг тохиолдуулан бэлтгэн хүргэж буй “Бидний нэг” цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт Архив, бичиг хэргийн мэргэжилтэн С.Ундармааг урилаа. Тэрбээр Хөгжлийн банкны ууган ажилтнуудын нэг юм. Түүнтэй ажлын замнал, мэргэжлийн онцлог, хамт олныхоо тухай болон хувийн сонирхлын талаар ярилцлаа.
-Та юун түрүүнд өөрийгөө танилцуулж, Хөгжлийн банкнаас ажлын гараагаа хэрхэн эхэлсэн талаараа хуваалцаач?
-Намайг Санжийн Ундармаа гэдэг. Нөхөр, зургаан хүүхдийн хамт амьдардаг. Монгол Улсын Хөгжлийн банканд 15 дахь жилдээ ажиллаж байна.
Би 2011 онд “Захирлын туслах ажилд авна” гэсэн зарын дагуу анкетаа өгч, ярилцлагад орсноор ажлын гараагаа Монгол Улсын Хөгжлийн банкнаас эхэлж байлаа. Тухайн үед дөнгөж байгуулагдсан, томоохон банканд ажиллахаар болсон, тэр дундаа анхны ажлын гараа минь байсан учраас “би сайн ажиллаж чадах болов уу?” гэсэн бага зэрэг айдас, догдлол төрж байлаа. Ингээд Тэргүүн дэд захирлын туслахаар ажиллаж эхэлсэн бөгөөд одоо Архив, бичиг хэргийн мэргэжилтнээр ажиллаж байна.

-Архив, бичиг хэргийн мэргэжилтний ажил хариуцлага өндөр, нэлээд онцлогтой болов уу?
-Тиймээ. Албан бичиг, баримттай ажилладаг учраас өдөр тутамдаа хариуцлагатай, нягт нямбай байхыг шаарддаг ажил. Албан бичиг гэдэг тухайн байгууллагыг төлөөлж байдаг чухал зүйлсийн нэг. Тиймээс дүрмийн алдаатай, буруу зөрүү мэдээлэлтэй албан бичиг илгээгдэж, банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж энэ тал дээр маш их анхаарч ажилладаг. Архив, бичиг хэргийн ажил нь банкны бүх ажилтантай харилцаж, хамтран ажилладгаараа онцлог.
Монгол Улсад мөрдөгдөж буй Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, холбогдох журам, стандартуудыг чанд мөрдөхийн зэрэгцээ улсын хэмжээнд зохион байгуулагддаг үзлэг шалгалтад хамрагдан, ажлынхаа хэрэгжилт, зохион байгуулалтыг үнэлүүлдэг. Тиймээс энэ ажил өндөр хариуцлага, нямбай байдал шаарддаг гэж боддог.

-Таны оролцсон хамгийн сонирхолтой, чухал ажил, төсөл юу байсан бэ?
-2011 онд Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гаргасан анхны бонд болох 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрт гар бие оролцон ажилласан нь миний хувьд маш том туршлага болсон. Ажлын гараагаа дөнгөж эхлүүлж байхдаа ийм томоохон ажилд өөрийн чадах хэмжээнд хувь нэмрээ оруулж ажилласан минь одоо ч сайхан дурсамж болон үлджээ. Тухайн үедээ ч, одоо эргээд бодоход ч энэ ажлаараа дамжуулан маш их зүйл сурсан байдаг.

-Та мэргэжлээсээ гадна ямар сонирхол, хоббитой вэ? Спортоор хичээллэдэг үү?
-Ажлын бус цагаар аялах их дуртай. Амралтын хоёрхон өдрийг ч зүгээр өнгөрөөчихгүй, хаашаа ч хамаагүй явж, шинэ газар үзэхийг хүсдэг.
Мөн бодибилдингийн спортыг сонирхдог, тэмцээнүүдийг нь үзэх дуртай. Нөхөр маань бодибилдингийн мэргэжлийн тамирчин. “Эрүүл биед саруул ухаан” гэдэг шүү дээ. Заавал тамирчин болохгүй ч хүн бүр өөрийн хэмжээнд спортоор хичээллэх хэрэгтэй гэж боддог. Бид өдрийн ихэнх цагийг дэлгэц ширтэж өнгөрөөдөг болсон энэ үед өөртөө өдөрт ердөө хоёрхон цаг зарцуулаад ч хамаагүй ямар нэгэн спортоор хичээллэж, хөдөлгөөнтэй байгаарай гэж бусдадаа уриалмаар байна.

-Хөгжлийн банкны ирэх 15 жилийг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Мэдээж, сайн сайхнаар төсөөлж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Хөгжлийн банк зам тээвэр, цемент шохой, ноос ноолуур, цахилгаан станц зэрэг олон салбарын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Цаашид ч Хөгжлийн банк Монгол Улсын хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай санхүүжүүлж, улам өсөн дэвжиж, илүү их амжилт гаргана гэдэгт итгэдэг. Банкныхаа 15 жилийн түүхийн нэгэн хэсгийг бүтээлцэж, энэ сайхан хамт олны нэг хэсэг болон ажиллаж яваадаа баяртай байдаг.
-Баярлалаа.
