Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ

Монголын газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд Хөгжлийн банкнаас нийт 211 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 89 хувь буюу зээлийн гэрээний дагуу гүйцэтгэлээр 187.7 тэрбум төгрөг олгоод байна. Монгол Улсын Засгийн газраас 2028 онд ашиглалтад оруулахаар зорьж буй тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн боловсруулж, автобензин, дизель түлшний дотоодын хэрэглээний 55-60 хувь, онгоцны түлшийг 100 хувь хангах юм.
Ингэснээр импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэж, түлш, шатахууны импортод зарцуулдаг валютын гарах урсгалыг дунджаар 1 тэрбум ам.доллар буюу 40-45 хувиар бууруулах эдийн засгийн өндөр ач холбогдолтойгоос гадна 500 орчим байнгын ажлын байрыг бий болгоно.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн 2018 оноос эхлүүлсэн тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн, 3 ээлжээр 24 цаг ажиллаж, 60 хувьтай үргэлжилж байна.










