Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдохоор болсон Э.Анар ₮1.4 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮829 саяын үнэлгээтэй 4 МАШИНТАЙ

Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд дэмжиж чөлөөлсөн юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах тогтоол батлав. Сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар болсон юм.
Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилохоор болжээ.
Э.Анар нь УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү бөгөөд Монголбанкинд олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүн юм.
Э.Анарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 155 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 13 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮155 сая
Гэр бүлийн орлого: ₮454 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1.4 тэрбум / орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮829 сая
- Toyota, Land Criuser 300
- Hummer, H1
- Mercedes Benz, G 500
- Жийп болон туулах чадвар өндөр-1 нийт 4 автомашинтай.
Мал аж ахуй: ₮360 сая /ХХонь-300, Үхэр-50, Адуу-100/
Газар: ₮2,4 сая / Эзэмших-4430м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮137 сая
Хадгаламж: ₮552 сая
Авлага: ₮1,7 тэрбум
Зээл: ₮281 сая гэж мэдүүлжээ.

