Хөгжлийн банк олон улсын хоёр стандартыг зэрэг баталгаажууллаа

Монгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 болон авлигын эсрэг менежментийн ISO 37001:2025 олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр (2026.05.08) "Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт арга хэмжээний үеэр Монсертф ТҮБ-аас гардан авлаа. Ингэснээр Хөгжлийн банк нь авлигын эсрэг менежментийн ISO 37001:2025 стандартыг баталгаажуулсан Монголын анхны банк болж байна.
Дээрх хоёр стандартыг зэрэг нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хангах, авлигын эрсдэлийг бууруулах, хариуцлагатай, ил тод засаглалыг бэхжүүлэх зорилготой цогц менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн байгууллага боллоо.
Тодруулбал, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог 2019 оноос үе шаттай хөгжүүлж, кибер аюулгүй байдлын хяналт, туршилт, үнэлгээг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлсэн байна. Мөн комплаенсийн бодлого, журам болон авлигын эсрэг бодлого, журмуудаа шинэчилж, авлига, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүгэл үлээх тогтолцоог бүрдүүлсэн юм. Цаашид Хөгжлийн банк нь олон улсын шилдэг туршлага, стандартуудыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн, хөгжлийн санхүүжилтийн байгууллагын итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхааран ажиллана.





















