С.Баатарсүрэн: Хөгжлийн банк 2026 онд 2.3 их наяд төгрөгийн зээл олгон эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх үүргээ үргэлжлүүлэх болно

Эдийн засаг, хөгжлийн яам болон Хөгжлийн банк хамтран “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээг энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэн, боломжит шийдлүүдийг тодорхойлохоор зорьж буй энэхүү арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж, хэлсэн үгэндээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, томоохон бүтээн байгуулалтуудыг урагшлуулахад Хөгжлийн банк стратегийн ач холбогдол бүхий чухал үүрэгтэйг тодотгосон юм.
Эхний өдрийн арга хэмжээ Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүдэд туссан төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах талаар оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор “Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл - Хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд боллоо. Тус сэдвийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад Хөгжлийн банкны оролцоо, Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд, Улаанбаатар хотын хэрэгжүүлэх мега төслүүд, Хөгжлийн төсөлд хувийн хэвшлийн оролцоо зэрэг сэдвүүдээр холбогдох төлөөллүүд илтгэл тавьж, “Хөгжлийн банкны нийгэм, эдийн засаг дахь үүрэг, оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн илтгэлдээ “Банк цаашид төслийн санхүүжилтийн шинэ бодлогыг хэрэгжүүлж, 2026 онд 2.3 их наяд төгрөгийн зээл олгон эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх Монгол Улсын хөгжлийг дэмжигч үндэсний институт байх үүргээ үргэлжлүүлэх болно...” хэмээн онцлов.
























