“Хөгжлийн банкныхан” хэрэгтэйгээ танилцаж байна “Хөгжлийн банкныхан” хэрэгтэйгээ танилцаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Хөгжлийн банкныхан” хэрэгтэйгээ танилцаж байна

2022 оны 10 сарын 20

Arslan.mn

Хөгжлийн банкны хэрэгт нөлөө бүхий бүхий улстөрчид, тус банкны удирдлагууд, зээлдэгч компанийн захирлуудыг яллагдагчаар татсан. АТГ-аас тэднийг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Албаны эх сурвалжууд сар шахмын өмнө “..Хөгжлийн банкны хэрэгт 80 гаруй хүн яллагдагчаар татагдлаа” гэж зарлаж байв.

Мөн тухайн үед “...Хөгжлийн банкны хэргийг шүүхэд шилжихэд бэлэн боллоо” гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч АТГ-аас “..Хэргийг прокурорт шилжүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Бас Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “...Миний авсан мэдээллээр нийт 83 яллагдагч гэж сонссон. Энэ бол зөвхөн яллагдагчдын тоо. Үүн дээр гэрч, сэжигтнүүдийг нэмэх юм бол хэд хүрэх юм мэдэхгүй. Яалт ч үгүй Монголын эрүүгийн түүхэнд хамгийн том хэрэг болох байх. Тиймээс шалгах процессын ажилд цаг их зарж байгаа байх. Хэрэг прокурорт шилжиж, цаашаа шүүхэд шилжинэ. Банк хэрэгт хохирогчоор оролцож, бүх мэдээллээ АТГ-т өгсөн. Үүнээс гадна өөр хэргүүд ч шалгагдаж байгаа учраас хэрэг энэ 19-өөр дуусахгүй байх магадлалтай” гэж байлаа. Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “...АТГ-аас өгсөн мэдээллээр Хөгжлийн банкны 86 ялллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа” гэх мэдээллийг бэлтгэж албан сайтдаа байршуулсан байна.

Тодруулбал, УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганы 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, цаг үеийн асуудлаарх мэдээллийг сонссон. “...АТГ-аас өгсөн мэдээллээр, тус газар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 86 яллагдагчид холбогдох мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж. Мөрдөн шалгах явцад 769 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Гэхдээ зээл төлсөн эсэхээс үл хамаарч 86 хүний гэм буруугийн асуудал яригдана гэсэн хариултыг өгсөн” гэжээ.

Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээллээр яг одоо Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаа юм байна. Уг үйл ажиллагаа энэ долоо хоногт дуусах юм байна. Ер нь бол Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг улстөрчид,  албан тушаалтнууд холбогдсон нь ил болсон.

Тэднээс гадна ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас мэргэжилтэн хүртэлх албан тушаал хашиж байсан хүмүүс, зээлдэгч компанийн удирдлагуудыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж яллагдагчаар тооцсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангиар яллагдагчаар татжээ.

Дашрамд хэлэхэд, яллагдагчаар татагдсан эрхмүүдээс одоо албан тушаал хашиж байгаа хэдхэн хүн байна. УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн бий. Мөн БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар байна. С.Магнайсүрэн, Б.Лхагвасүрэн нарын хувьд Хөгжлийн банкны ТУЗ-д байсан. “Хамтын шийдвэр”-ийн хамсаатан болчихжээ. Харин Г.Дөлгөөний хувьд байдал хүнд байгаа бололтой. Тэрбээр “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн, “Инжир”, “Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй холбогдсон байна. Г.Дөлгөөн нь 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байжээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641562
0 эможи

keyboard_arrow_up