Б.Лхагвасүрэн: 2022 онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна Б.Лхагвасүрэн: 2022 онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: 2022 онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна

2022 оны 3 сарын 01

Arslan.mn

Мөнгөний бодлогын мэдэгдлийг танилцуулах хэвлэлийн хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн бүрэн эхээр хүргэж байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийтийн эрүүл мэнд болон эдийн заcгийн хүндрэлийг даван туулахтай дэлхий нийтээр тэмцэж байгаа хэдий ч цар тахалтай холбоотой шинэ нөхцөл байдлууд үүсэж, тодорхой бус байдал даамжирсаар байна. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь эдийн засгийг сэргэлтийг дэмжих, дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

Инфляц сүүлийн саруудад тооцож байснаас давж өсч, инфляцын хүлээлт эрчимжих эрсдэл үүсэж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлсэн тул Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах  шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, жилийн 6.5%-иар тогтоох,
  2. Монголбанкнаас тогтоосон банкуудын төгрөгийн Заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн 8%-иар тогтоох,
  3. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийг уул уурхайн бус экспортыг дэмжих, боловсруулах аж үйлдвэрийг дэмжихэд чиглүүлэх зэрэг шийдвэрийг гаргалаа.

Энэхүү хурлаар гарсан шийдвэртэй уялдуулан эдийн засгийн дотоод, гадаад орчин, цаашдын төлөв, хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар Монголбанкны байр суурийг Та бүхэнтэй хуваалцъя.

Цар тахалтай нүүр тулсан 2020-2022 онд Монголбанкнаас мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжүүлж байгаа билээ. Бодлого, зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл зөөлөрч, эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна.Тухайлбал,

  • Зээл олголт нэмэгдэн, 2021 оны 12 дугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 21.3 хувиар өсөв.
  • Шинээр олгосон зээлийн дундаж хүү 2021 оны 12 дугаар сарын байдлаар 13.2 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар тус тус  буурлаа.
  • Төлбөрийн тэнцэл хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2021 онд 235 сая ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын албан нөөц 4.36 тэрбум ам.доллар буюу импортын 7.9 сарын хэрэгцээг хангах түвшинтэй 2022 оныг угтлаа.

Инфляцын төсөөлөл нэмэгдсэн нь энэ удаагийн төсөөллийн гол өөрчлөлт болж байна. Өмнөх онтой харьцуулахад бизнесийн хязгаарлалт суларч дотоод эрэлт бага зэрэг нэмэгдсэний зэрэгцээ нийлүүлэлтийн хүчин зүйлсийн инфляц дах сөрөг нөлөө нэмэгдлээ. Тухайлбал:

  • Хил хаагдсантай холбоотой импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн 2 сар эрчимжлээ,
  • Зарим аймгуудад малын гоц халдварт өвчин дэгдсэнээр махны үнэ улирлын онцлогоосоо зөрж, нэмэгдээд байна,
  • Бензин, шатахууны үнэ, тээврийн зардал, түүхий эд материалын үнийн өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэл, үйлчилгээний зардал өссөн зэрэг нь инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байна.

Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц 2021 оны 12 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрч, өмнөх төсөөллөөс давж гарлаа. Иймд эдийн засгийн сэргэлтийг хадгалах, инфляцыг тогтворжуулахын тулд нийлүүлэлтийн шинжтэй дээрх хүчин зүйлсийг шийдвэрлэх шаардлагатай. Хилийн нөхцөл байдал нь инфляцын төдийгүй бизнесийн идэвхжилд чухал нөлөөлөх хүчин зүйл болж байна. Энэ удаагийн төсөөлөлд боомтын хязгаарлалт 1 дүгээр улиралд жигдэрнэ гэж үзлээ.  Төв банкны зүгээс Мөнгөний бодлогын тохируулгыг хийж, инфляцыг тогтворжуулах арга хэмжээ авах хэдий ч, инфляцыг өдөөх гадаад хүчин зүйлсийн эрсдэл өндөр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар нэмэгдэх гадаад болон дотоод орчны эрсдэл өндөр байгаа хэдий ч, 2022 оны сүүлээс үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын дээд хязгаарын орчимд хүрч буурах суурь төсөөлөлтэй байна.

Энэ удаагийн хурлаар 2021 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан гүйцэтгэл 2 дугаар сард зарлагдах тул төсөөллийг шинэчлээгүй байна. Эдийн засгийн 11, 12 дугаар сарын тоон мэдээллээс харахад хилийн боомтууд дээрх хязгаарлалт, логистикийн асуудлын улмаас уул уурхай, тээврийн салбарын үзүүлэлтүүд төсөөллөөс илүү уналттай гарах хүлээлтийг бий болгож байна. Түүнчлэн, эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв Ковид-19 вирусийн шинэ хувилбарын тархалт, экспортын тээвэрлэлт, хилийн нөхцөл байдал, хөрш орны гадаад худалдааны дэглэм хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай болохыг онцолъё.

Дэлхий нийтэд цар тахлын Омикрон хувилбарын тархалт нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх хүлээлтээс буурлаа. Тухайлбал,

  • БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл үргэлжилж, хувийн хэрэглээ төсөөлж байснаас удаашралтай байгаа нь эдийн засгийн хэтийн төлөвийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна.
  • АНУ-д цар тахлын сөрөг нөлөөг зөөллөх төсвийн бодлогын багцыг хассан, мөнгөний зөөлөн бодлогыг хүлээж байснаас богино хугацаанд үргэлжлүүлэхээр болсон, нийлүүлэлтийн хомсдол үргэлжилж байгаа нь өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлөв.

Түүнчлэн, нийлүүлэлтийн тасалдал үргэлжилж, эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь дэлхийн улс орнуудад төсөөлж байснаас өндөр, өргөн хүрээтэй инфляцыг бий болгож, инфляц удаан үргэлжлэх болгоомжлолыг бий болгож байна. Энэ үед томоохон Төв банкууд бодлогын төлөвөө хэр хурдтай чангаруулах нь хөгжиж буй орнуудын өсөлт, гадаад санхүүжилтийн нөхцөлд чухал нөлөөтэй байна.

Дэлхийн улс орнуудын адил Монгол Улс цар тахлын хямрал, нийлүүлэлтийн доголдлоор өдөөгдсөн импортлогдсон инфляцтай нүүр тулж байгаа энэ хүнд цаг үед богино хугацааны тогтворжуулах бодлогын шийдвэрээс гадна улс орны эдийн засгийн хөгжил, төрөлжилтөд шаардлагатай бодлогын шийдвэрээ хойш тавилгүй гаргасаар байх болно. Тийм ч учраас өнөөдрийн Мөнгөний бодлогын хорооны хурлаас Монголбанкны урт хугацаатай репо санхүүжилтийн нөхцөл шаардлагыг боловсруулах аж үйлдвэрийн салбар, уул уурхайн бус салбарын экспортын санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн шийдвэр гаргалаа.

Нийтийн эрүүл мэндийн хямралаас улбаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн гарч, сайн цаг наашилж байгааг эдийн засгийн үзүүлэлтүүд илтгэж байгааг илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэн хэлье.

Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлтийн өрнөлтэй уялдуулан инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно.

 

Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе!

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634926
1 эможи

Б.Лхагвасүрэн
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up