COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк 296.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна

админ
2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголтын явц, зээлдэгч нараас ирүүлж буй хүсэлт, анхаарах асуудлын талаар Төрийн банкны Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Ажлын байрыг дэмжих зээлийн явц Төрийн банкан дээр ямар байна вэ?

-Энэ зээлийг манай банк өнгөрсөн гуравдугаар сараас олгож эхэлсэн. Өнөөдрийн  байдлаар 6,621 зээлдэгчид 296.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүнээс 6,061 иргэнд 213.3 тэрбум, 560 ААН-д 83.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Төрийн банкны хувьд иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ түлхүү үзүүлдэг учир харилцагчдын олонх нь иргэд, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг. Энэ утгаараа иргэдээс ирсэн зээлийн хүсэлт болон судалж олгосон зээлийн тоо, хэмжээ өндөр байгаа. Үүний зэрэгцээ ААН-үүдийн зээлийн хүсэлтийг ч мөн давхар судалж, олгож байна.

-Зээлийн санхүүжилтийн хүрэлцээ муу байгаагаас банкууд зээлээ зогсоосон мэдээлэл байна?

-Засгийн газраас Ажлын байрыг дэмжих зээлийг 2 их наяд төгрөгийн хэмжээнд олгохоор төлөвлөсөн байсан. Гэвч зээлийн эрэлт их байгааг харгалзан хэмжээг гурван их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэхүү зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгож байгаа бөгөөд Монголбанкнаас банк тус бүрт нийт зээлийн хэмжээг тогтоон ирүүлдэг. Манай банкны хувьд, зээлийн санхүүжилт дуусаагүй. Хүсэлт хүлээж авах, судалгаа шинжилгээ хийх, шийдвэр гаргах процесс хэвийн үргэлжилж байна.

-Хүсэлтийг хэрхэн хүлээн авч, ямар хугацаанд судалж шийдвэрлэж байгаа вэ?

-Хүсэлтийг банкны бүх салбар нэгж болон цахим хуудсаар дамжуулан авч байгаа. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Төрийн банк нийт 19,075 иргэн, аж ахуйн нэгжийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авснаас 6,621 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж зээл олголт хийсэн. Бусад хүсэлтүүдийг судлах ажил хэвийн явагдаж байна. Салбар, нэгжийн хувьд ачаалал ихтэй байгаагийн зэрэгцээ салбар, нэгжүүд дээр халдварын тохиолдол илэрснээр түр хугацаанд хаах, мөн зээлдэгч нар халдварын эрсдэлд өртөх, дам хавьтал болсноос шалтгаалан материалын бүрдүүлэлтэд хугацаа шаардаж байгаа нь удаашрах шалтгаан болж байна. Энэ тохиолдолд Банкны төвөөс зохицуулалт хийж, баг гарч ажиллан зээлийн судалгааг үргэлжлүүлэх, өөр бусад салбар нэгжид зээлийн хүсэлтийг шилжүүлэх зэргээр тасралтгүй ажиллагааг хангаж байгаа. Зээл судлах процессийн хувьд зээл хүсэгч нь судалгаанд шаардлагатай материалаа бүрэн бүрдүүлж өгснөөс хойш ажлын 10 хоногт багтаан судалж шийдвэрлэнэ. Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулах аж ахуйн нэгжийн зээлийн тухайд арилжааны банкны зээлийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхээр холбогдох гэрээ, журамд тусгагдсан. Банк өөрийн бүх салбар нэгжээр хүсэлт хүлээн авч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч дээрх шалтгааны улмаас судалгаа удааширч байгааг ойлгох хэрэгтэй.

-Ажлын байрыг дэмжих зээлийг судалж олгох явцад ямар хүндрэлүүд тохиолдож байна вэ? Зээлийг олгох явцад зээлдэгч нарт болон банканд үүсч буй асуудлуудаас дурьдвал?

-Ажлын байрыг дэмжих зээл маань цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, ажлын  байраа хадгалж үлдэхэд хүндрэл үүсээд буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдээ дэмжих, тэдэнд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой зээл байгаа. Гэтэл зээлийн хүсэлтийг хүлээн авч судлах явцад зарим шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл хүсэх, мөн ажлын байр бий болгоогүй буюу ажилтангүй компаниуд зээл хүсэх, эсвэл өмнө нь огт үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаагүй компанийн хувь эзэмшлийг шилжүүлж аваад зээл хүсэх зэргээр уг зээлийн зориулалтаас зөрүүтэй байдлаар хүсэлт гаргаж буй тохиолдлууд гарч байна.

Мөн нэг зээлдэгч болон түүний хамааралтай этгээдүүд олон банканд зэрэг хүсэлт гаргаж зээлээ судлуулах байдал ажиглагдаж байгаа. Энэ нь банкууд дээр зээлийн судалгаа, шинжилгээний процесст хиймэл ачаалал нэмэх, зээлийг судалж олгох шийдвэр гарсны дараа өөр банкан дээр судлуулж байсан зээлийн шийдвэр гарч давхар олголт хийгдэх зэрэг эрсдэлүүдийг үүсгэж байна. Энэ асуудлыг банкууд Монголбанканд уламжилснаар Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар банкууд дээр олгогдсон Ажлын байрыг дэмжих зээлийн мэдээллийг ялгаж харах боломжтой болсон бөгөөд манай банкны хувьд зээлийг олгохын өмнө уг лавлагааг авч зээлийг давхардуулж олгохоос сэргийлэн ажиллаж байна.

Түүнээс гадна зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай бизнес эрхлэгч иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах боломжгүй байгаа. Энэ асуудлыг Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан анхаарч, холбогдох хууль журамд өөрчлөлт оруулах ажил хийгдэж эхэлсэн бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд арилжааны банкуудаас санал авсан. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэддээ тус зээлийг аль болгох олгох чиглэлд Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан болон Арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа.

-Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628135
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up