Б.ЛХАГВАСҮРЭН: Төв банк зээлийн тасалдал үүсгэхгүй байх, хүүг бага түвшинд хадгалахыг зорьж байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 9-р сарын хурлын шийдвэр (Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8% болгохын зэрэгцээ Төв банк урт хугацаат репо хэрэгсэл нэвтрүүлэхээр болсон) болон макро эдийн засгийн талаар ярилцлаа.
-Төв банк энэ жил бодлогын хүүг 3 дахь удаагаа бууруулж 8% болголоо. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр юунд чиглэж байна вэ?
- Ковид 19-оос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр иргэд болон аж ахуйн нэгжүүд санхүүгийн томоохон сорилттой тулгарч буй энэ үед зээлийн тасалдал үүсгэхгүй байх, санхүүжилтийн өртөг зардлыг бууруулах, мөн зээлийн хүүг бууруулах зэрэг бодлогын зорилтуудтайгаа нийцтэйгээр шийдвэр гаргахыг Төв банк зорьж байна. Бодлогын хүүг бууруулснаар зах зээл дээрх зээлийн хүү, ялангуяа сайн зээлдэгчдийн хувьд санхүүжилтийн нөхцөлийг сайжруулна гэж харж байна. Макро эдийн засгийн орчин муудах үед зээлийн хүү өсөх хандлагатай байдаг ч энэ оны 7-р сарын байдлаар зээлийн дундаж хүү 15.8% буюу 2011 оноос хойших сүүлийн 9 жилийн доод түвшинд хадгалагдаж байна. Энэ бол цар тахлын сөрөг нөлөөг зөөлрүүлэхээр Төв банкнаас хэрэгжүүлсэн багц арга хэмжээний үр дүн байгаа юм. Өмнөх улиралтай харьцуулахад ханшийн суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцлийн төлөв сайжирч инфляцын дарамт багассан зэрэг нь энэ удаагийн хурлаар мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зайг олголоо. Үүний зэрэгцээ, Төв банк урт хугацаатай репо хэрэгсэл зах зээлд нэвтрүүлснээр эдийн засгийн хүндрэлтэй үед банкуудын хөрвөх чадвар дээшилж эдийн засагт шинэ зээл нийлүүлэхээс гадна, зээлийн хүү өсөхгүй байхад нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, банкууд тодорхой төрлийн сайн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалан Монголбанкнаас зах зээлийн зарчмаар урт хугацаатай санхүүжилтээр зээл гаргах нэмэлт эх үүсвэртэй болно гэсэн үг.
-Инфляц 8-р сард 2.1% болж буурсан нь хөгжиж буй орны хувьд эдийн засгийн идэвхжил хумигдсаныг илэрхийлэх хэт бага түвшин болж байна. Төв банк үүнийг хэрхэн харж байна вэ?
-Инфляцыг хөөргөдөх эрэлтийн болон нийлүүлэлтийн хүчин зүйлс аль аль нь сул байна. Эрэлт талаас эдийн засгийн идэвхжил сүүлийн 2 улиралд хурдтай суларлаа. Тодруулбал, ДНБ 1-р улиралд -10.7%, 2-р улиралд -9.1% агшсан байна. Хэдийгээр Засгийн газар болон Төв банкнаас иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, өрхийн бодит орлого өсөлттэй, хөдөлмөрийн зах зээлийн статистик төдийлөн муудаагүй байгаа ч Ковид 19-тэй холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Харин нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд, өнгөрсөн жилүүдэд инфляцыг хөөргөдөж байсан бараа бүтээгдэхүүний үнэд өндөр өсөлт бий болоогүй нь дарамтыг зөөлрүүлж байна. Тухайлбал мах, хатуу түлшний үнэ харьцангуй тогтвортой, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагаад шатахууны үнэ боломжийн түвшинд хадгалагдаж байна. 8-р сараас хүнсний ногооны үнэ хямдарснаар аль хэдийн нам түвшинд орсон инфляцыг илүү эрчимтэй буурууллаа. Инфляц ийнхүү бага байгаа нь эдийн засагт дэмжлэг шаардлагатайг илэрхийлэхээс гадна мөнгөний бодлогод орон зайг олгож байна. Төв банк өнгөрсөн 3 жилд инфляцын 8%-ийн зорилтоо үр дүнтэй биелүүлсэн тул цаашид зорилтыг бууруулж 6%-ийн түвшнийг интервалтай онилох бодлогод шилжинэ. Эдийн засгийн идэвхжлийг дагаад инфляц нэмэгдэх ч, цаашид энэ түвшинд тогтворжуулахыг зорьж ажиллана гэсэн үг. Энэ нь Монголбанкны мөнгөниий бодлого, үйл ажиллагаа нь бусад өндөр хөгжсөн улс орнуудын төв банкуудын адил үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс инфляцыг онилж тодорхой түвшинд тогтворжуулах зорилт тавин ажилладаг хөгжлийн шинэ шатанд гарсныг илтгэх юм.
-Эдийн засгийн цаашдын байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурал дээр ямар хэлэлцүүлэг өрнөв?
- Гадаад орчинд Ковид 19-ийн тархалт үргэлжилж, дэлхийн эдийн засагт сорилт учруулсаар байгаа боловч гол эдийн засгуудад идэвхжил нэмэгдэж байна. Ялангуяа Хятадын эдийн засаг 2 дугаар улиралд эерэг өсөлттэй, сүүлийн саруудад үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тэлэлттэй байгаа нь экспортын гол түүхий эдийн эрэлт болон үнэд эерэгээр нөлөөллөө. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч оны эхний хагаст хийж байсан төсөөлөл тооцооллоо эргэн харж, зарим нь сайжруулж дэлхийн эдийн засгийн төлөвийг өөдрөг тал руу нь засварлаж байна. Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, зах зээлийн итгэлийг сэргээж, нийт эрэлтийг тэтгэн эдийн засгийн огцом уналтаас зайлсхийх зорилгоор хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад төсвийн тэлэх бодлогыг түлхүү ашиглаж байгаа нь нэг талдаа өрийг нэмэгдүүлж байгаа ч эерэг үр дүнгээ зохих хэмжээгээр үзүүлж эхлээд байна. Түүнчлэн гол төв банкуудын шийдвэрийн нөлөөгөөр гадаад зах зээл дээр ам.долларын санхүүжилтийн өртөг буурч байна.
Дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл үйлдвэрлэл талаас өнгөрсөн 2 улиралд 30% орчим унаад байсан уул уурхайн салбарт сэргэлт ажиглагдахын зэрэгцээ агшилттай байсан үйлчилгээний салбарууд дээр хөл хорио цуцлагдаж байгаа нь бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй. Мөн эрэлт талаас цэвэр экспорт дээр гол эерэг өөрчлөлт бий боллоо. Хэдийгээр төлбөрийн тэнцэл сайжирсан дүр зурагтай байгаа ч санхүүгийн зах зээл дээр идэвхжил сул, бодит секторын гүйцэтгэл тааруу хэвээр байгаа тул Мөнгөний бодлогын хорооны гишүүд эдийн засагт дэмжлэг шаардлагатай гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Анх бодлогын хүүг 0.5%-аар бууруулах саналыг хэлэлцсэн ч, бодлогын орон зай байгааг харгалзан хүүг 1%-иар буулгаж, зоримог гэж дүгнэж болох шийдвэрийг гаргалаа. Бизнесийн байгууллагуудын энэ өвлийн бэлтгэл хангалт, дээр нь ирэх 2021 оны бизнесээ төлөвлөж буй үед хүүг бууруулах шийдвэр нь зах зээл дээр чухал дохио болох юм. Бодлогын орон зай талаас шийдвэр гаргахад зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай нэг асуудал нь төгрөгийн ханшийн хөдөлгөөн байсан. Өнөөдөр бидний хувьд суурь хүү болгон ашиглаж байгаа төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн өгөөжийг илэрхийлж байгаа учир төгрөгийн ханшид ирэх дарамтыг нарийн тооцоолох, эрсдэлийг үнэлэх явдал чухал байдаг.
-Тэгвэл бодлогын хүүг бууруулснаар төгрөгийн ханш дээр дарамт үүсэх вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
- Хүүг бууруулснаар ханшинд ирэх дарамт нь зээлийн суваг хэр хүчтэй ажиллаж улмаар импортыг нэмэгдүүлж төлбөрийн тэнцэлд хэр зэрэг дарамт үүсэх эсэхээс, мөн валютын орох урсгал болон гадаад валютын албан нөөцөөс ихээхэн хамаарна. Зээлийн хувьд, эдийн засгийг тэтгэх энэхүү гол санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, санхүүгийн зуучлалын тасалдал үүсгэхгүй байх нь чухал. Сүүлийн саруудад зээл аль хэдийн 5% орчим агшилттай яваа тул төлбөрийн тэнцэл дээр том дарамт үүсгэхгүй болов уу. Валютын орох гарах урсгалын хувьд, хэд хэдэн эерэг өөрчлөлтийг нэрлэж болно. Нэгт, гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Алтны үнэ түүхэн дээд $2000 орчимд, зэсийн үнэ $6000-аас дээш боломжийн түвшинд, нүүрсний экспорт сэргэж, хилээр 2000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч буй байдал, түүнчлэн импортууд болон зарим үйлчилгээний зардал хумигдан, ялангуяа нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр $40 орчимд буюу харьцангуй хямд байгаа зэрэг нь урсгал тэнцлийг сайжруулж валютын урсгалд эерэгээр нөлөөлж байна. Хоёрт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж санхүүжилтүүд хэвийн орж ирж байгаагийн зэрэгцээ Оюу толгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх, хуваарийн дагуу орж ирэхээр байна гэж харж байна. Валютын нөөцийн хувьд, импортын 7-8 сарын хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэвээр, ханшийн огцом савлагааг үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг Төв банк хэрэгжүүлж ирлээ. Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30% хүртэл суларсан. Харин монгол төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4% орчим суларсан нь гол экспортын орлого 40-50% хүртэл тасарсан хүнд үед харьцангуй сайн үзүүлэлт гэж харж байна. Гадаад сөрөг шокыг дан ганц валютын нөөц дээр авах боломжгүй бөгөөд тодорхой хэмжээний ханшийн тохиргоо нь дунд хугацаанд эдийн засгийн тогтворгүй байдлаас сэргийлэх суурь болох учиртай.
Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, Төв банкны хувьд улсын валютын нөөц хангалттай хэмжээнд хуримтлагдан өсч байна. Өмнөх улирлын Мөнгөний бодлогын хорооны хурлаас хойш төлбөрийн тэнцэл сайжирч, тухайлбал худалдааны тэнцэл 8-р сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарч оны эхний хагаст үүсээд байсан алдагдал нөхөгдсөн. Санхүүгийн тэнцэл талаас бол олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас энэ ондоо багтан 700 сая ам. долларын зээл тусламж үзүүлэх гэрээ хэлцэл хийгдэж байгаа зэрэг эдийн засагт бий болсон өөрчлөлт, шинэ мэдээлэлд үндэслэн төгрөгийн ханш огцом савлагаа үүсэх эрсдэл буурсан. Ингээд эдгээрээс үзэхэд ханш өмнөх онуудынхаа хандлагаар тогтвортой байх боломжтой гэж тооцоолоод байна.
- Эдийн засгийн орчин тааруу, зээлийн эргэн төлөлт муудаж буй энэ үед бодлогын хүүг бууруулж, банкууд нэмэлт эх үүсвэртэй боллоо ч зээл олгож эдийн засгийг дэмжих эсэхэд эргэлзэж л байна.
Юуны өмнө, дотоод эдийн засгийн орчны талаар дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй болов уу. ДНБ оны эхний хагас жилд 9.7% агшсан боловч үүний гол шалтгаан болсон уул уурхайн салбар (ДНБ-ийн агшилтын 6.2 нэгж хувийг дангаараа тайлбарласан), ялангуяа нүүрсний экспорт, үйлдвэрлэл 8-р сараас эхлэн сэргэсэн нь том эерэг өөрчлөлт юм. Энэ нөлөө эхний ээлжинд худалдаа, тээвэр болон боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад мэдрэгдэнэ. Түүнчлэн, үйлчилгээний салбаруудын бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан хөл хорио 3-р улирлаас суларч, идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна. Харин эрэлт талаас экспортын биет хэмжээ нэмэгдэн гадаад худалдаан дээр эерэг өөрчлөлт бий болсны зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нь өсөлтийг дэмжинэ. Хоёрт, банкуудын хувьд сайн зээлдэгч нартаа санхүүгийн зуучлал үзүүлснээр бизнесийн үйл ажиллагаа, ажлын байр, хэрэглээг тэтгэх нь макро орчин хурдан тогтворжиход чухал нөлөөтэй. Энэ нь мэдээж эргээд банкны салбарын үйл ажиллагаа, санхүүгийн системийн тогтвортой байдалд ч чухал. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, сорилтын энэ үед макро эдийн засгийг тогтвортой байлгахын тулд бодлогын бүх хэрэгслээ ашиглах болно. Төв банкинд бодлогын хэрэгслийн хувьд ч, хүний нөөц чадавхийн хувьд ч хангалттай нөөц боломж бий, тэр хэмжээнд бэлтгэгдсэн институци болж төлөвшиж хөгжсөн.
-Ковид 19-ийн үед улс орнуудад тулгарч буй мөнгөний бодлогын гол сорилтын талаар болон цаашдын эдийн засгийн байдалд анхаарах зүйлсийн талаар Та тодорхой тайлбарлаж өгөөч.
Олон улсад эдийн засгийн үйл ажиллагааг эрэлт, нийлүүлэлт талаас нь зэрэг хумисан цар тахал хэзээ намжиж бүрэн хяналтад орох нь тодорхой бус байгаа нь гол сорилт юм. Чанга хөл хорионы нөлөөгөөр дэлхийн гол эдийн засгууд 2 дугаар улиралд хүчтэй агшсан ч, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн 2-3 сард идэвхжиж эхэллээ. Гэхдээ вакцингүй үед вирусийн эрсдэл хэвээр, зарим орнуудад цар тахлын 2 дахь давалгаа үүсч болзошгүй байна.
Монголбанкны хувьд, хүндрэлийн үед цалин орлого эсвэл борлуулалт нь хумигдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хөрвөх чадварын түр зуурын эрсдэлийг цааш гүнзгийрэхээс сэргийлэх, хүндрэлийг зөөллөхөд зорьж, ажиллаж ирсэн. Өмнөх гаргасан шийдвэрүүд үр дүнгээ өгч байгааг та харж байгаа байх. Цаашид гаргах бодлого шийдвэр маань мөн адил байх болно. Зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлээр дамжуулж хэрэгжих мөнгөний бодлого нь уналтын шокыг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжихэд үр дүнтэй. Харин нэгэнт ядуу эмзэг бүлэг болон үйл ажиллагаа нь бүрэн зогсчихсон аж ахуйн нэгжүүдэд зээл төдийлөн тус болохгүй учраас төсвийн зарцуулалт чухал юм. Иймд хямрал удаан үргэлжилсэн тохиолдолд зарцуулах санхүүгийн нөөцтэй байх, Ковид 19-ийн дараа эдийн засгийг сэргээх сангийн бодлогын орон зайг хадгалах нь чухал.
Мөн бид энэ хүндрэлийг манай эдийн засгийн буруу бүтцийг сууриар нь засах боломж гэж харж байна. Төр нь ч, хувийн хэвшил нь ч тэр санхүүгийн шийдвэр гаргахдаа яг одоогийн ажлын байр, өсөлтийн статистик гэхээсээ илүүтэй ирээдүйд аль эдийн засгийн салбар, ямар бизнес моделийг дэмжиж хөгжүүлэх вэ гэдгийг нухацтай бодох шаардлагатай. Түүнчлэн улс орнуудад цар тахлын үед технологид суурилсан цахимаар ажиллах бизнес загвар түлхүү хөгжиж байна. Түүнчлэн, өмнө нь үйлдвэрлэл, үйлчилгээ үндэстэн дамнасан байдлаар хоорондоо маш уялдаа хамааралтай нийлүүлэлтийн буюу өртгийн сүлжээнд тулгуурлаж ирсэн бол харин одоо хорио цээрийн дэглэмээс шалтгаалан өөрчлөгдөж, илүү бие даасан бүтэц боломжийг судлах боллоо. Дэлхий нийтээрээ шинэ нөхцөл байдалд дасан зохицохоор тэмүүлж, эрэл хайгуул хийж байгаа үед бид хоцорч болохгүй.
-Ярилцсанд баярлалаа!