С.НЯМСҮРЭН: УГТЭ ГОЛ СУДСАНД СУДСАН ДОТУУРХ АРГААР СУДАС ЗАЛГАХ МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛЛАА С.НЯМСҮРЭН: УГТЭ ГОЛ СУДСАНД СУДСАН ДОТУУРХ АРГААР СУДАС ЗАЛГАХ МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛЛАА

2
С.НЯМСҮРЭН: УГТЭ ГОЛ СУДСАНД СУДСАН ДОТУУРХ АРГААР СУДАС ЗАЛГАХ МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛЛАА
Зочин:
С.НЯМСҮРЭН
Байгууллага:
УГТЭ
Албан тушаал:
үрхний мэс заслын тасгийн зүрхний мэс засалч
Ажиллах арга барил:


2021 оны 09 сарын 25

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн /УГТЭ/ Зүрхний мэс заслын тасгийн зүрхний мэс засалч С.Нямсүрэн эмчтэй ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-УГТЭ-ээс судасны мэс заслын төрөлд шинэ технологийг нэвтрүүлсэн байсан. Уг технологийн талаар ярилцлагаа эхлүүлье.

-Сайн байна уу. УГТЭ-ийн зүрх, судасны баг хамтран судсан дотуурх эмчилгээний аргаар цээжний гол судсанд, мөн хэвлийн гол судсанд стент тавих мэс заслыг хийсэн. Өмнө нь хэвлийн гол судсанд графт стент буюу судсан дотуурх аргаар судсан дотор нь дахин судас оруулах мэс заслыг зөвхөн гадны багуудтай хамтран хийдэг байсан бол өнгөрсөн жилээс манай баг хамт олон бие дааж гүйцэтгэж байна. Нэг сарын өмнө 32 настай залууд цээжний гол судасны уруудах хэсэг нь хуурчихсан, том хэмжээний цүлхэн үүссэн өвчтөнд багаараа графт стент суулгах мэс заслыг анх удаа бие дааж хийлээ. Он гарсаар энэ төрлийн мэс заслыг гурван эмчлүүлэгчид амжилттай хийгээд байна. Багийн хувьд судасны мэс заслын баг, судсан дотуурх эмчилгээний баг гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй оролцдог. Судасны мэс заслын багийн хувьд өвчтөнөө сонгон, бэлтгээд, судсыг ялгадаг бөгөөд тус мэс заслыг Монгол Улсын Гавьяат эмч З.Лхагвасүрэн ахлагчтай Х.Мөнгөн-Өлзий эмч нарын баг судсан дотуурх стентийг суурилуулдаг. Бидний хувьд ажилбарт хамт туслалцан, судсыг ханын нэвтэрсэн хэсгийг засах, нөхөн сэргээх ажилбарыг гүйцэтгэдэг.

-Өмнө нь ийм эмгэгтэй хүмүүсийг хэрхэн эмчилдэг байсан бэ?

-Эхлээд энэ өвчний тухай ярих нь зүйтэй байх. Гол судасны хуулрал гэдэг энэ өвчин нь дэлхий дахинд тулгамдаад байдаг гэнэтийн нас баралтын дийлэнх шалтгаанд ордог. Манайхан дээр үед гэнэт л клапан нь хаагдчихлаа, гэнэт зүрх нь зогсчихлоо гэж ярьдаг байсан. Тэр болгон нь зүрхний өвчин байхаас гадна 30 орчим хувь нь судасны эмгэг байх нь бий. Гэнэтийн нас барсан иргэдийн 30 орчим хувийг гол судас хуурах, гол судасны цүлхэн задрах хүндрэл, эмгэгүүд эзэлдэг. Тэгэхээр манай улсын хувьд өргөн уудам нутагтай, таруу байршсан хүн амтай, энэ өвчнийг оношлох чадамж нь зөвхөн нийслэлд л байдаг болохоор өвчтөн оношлогдоод эмчилгээ үйлчилгээ авах хугацаандаа дийлэнх хувь нь нас бардаг байх магадлалтай. Үүнээс гадна энэ өвчин үүсэх шалтгаан нь хүн амын онцлогоос их шалтгаалдаг. Артерийн даралт ихэсдэг, давсны зохисгүй хэрэглээтэй, өндөр уулархаг бүс нутагт, хүйтэн эрс тэрс уур амьсгалтай орчинд амьдардаг хүмүүсийн судасны даралт их байдаг учраас энэ төрлийн өвчлөлд өртөх магадлал их.

Гол судас зүрхнээс гараад цээж, хэвлийг бүхэлд нь дамждаг. Гол судаснаас тархи, элэг, дэлүү, бөөр гэх мэт бүх эрхтний судас салаалдаг. Нэг ёсондоо гол судсыг хүний хоёрдогч зүрх гэж ч нэрлэдэг. Хүний зүрх цусыг шахдаг бол шахсан цусыг тараадаг гол дамжуулагч нь гол судас юм.

Гол судасны хуулрал нь гэнэт үүсдэг өвчин бөгөөд цээж, ар нуруу, хэвлийгээр хүчтэй өвдөнө. Гэнэт шинж тэмдэг илэрснээс хойш 24 цагийн дотор нийт өвчтөнүүдийн 75 хувь нь нас барах магадлалтай. Учир нь зүрхнээс гарсан цусан хангамж гол судсаар дамжиж явах ёстой байтал тэр судас нь цуурчхаар цусыг дамжуулах боломжгүй болж хүний биеэр цус тархах нөхцөлгүй болно.

Манай улсын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар жилээс жилд өсч байгаатай холбоотойгоор эрт оношлогдох, эмнэлэгт хандаж ирэх нь өмнөх жилээс нэмэгдсэн сайн талууд бий. Эдгээр иргэдэд нээлттэй мэс засал хийдэг ч нас баралтаар төгсөх тохиолдол их байсан. Өмнө нь бид 2016, 2017 онд гол судасны цүлхэнгийн хуулралтай өвчтөнд БНХАУ-ын судасны багтай хамтран эмчилгээ хийсэн нь амжилттай болсон. 2018 оны тавдугаар сард зүрхний мэс заслын багийнхан Люксембургийн Их гүнт улсын эмч нартай хамт нээлттэй аргаар гол судасны хуулралыг засах мэс заслыг амжилттай хийсэн.

Өнөөдөр бид гол судасны хуулрал, цүлхэнгийн мэс заслыг нээлттэй аргаар хийхгүйгээр судсан дотуур нь хүндээ хамгийн аюулгүй хүрцээр, хүндрэл, эрсдэл багатай замаар стент графт суулгах мэс ажилбарыг өөрсдөө хийдэг боллоо.

 


ХОЁР. Монгол эрчүүдийн дундаж наслалт нь 68, эмэгтэйчүүдийнх 74 байна

-Монгол Улсад жилд яг энэ өвчнөөс болж хэчнээн хүн амиа алддаг вэ?

- Дэлхий нийтийн хүн амын тархалтын байдлаас газарзүйн хувьд ялгаатай байдаг. Ялангуяа Ази номхон далайн бүсийн хүн амын 100 мянган хүн ам тутмын 2,9 хувь нь энэ өвчнөөр өвчилдөг. Манай улсын хувьд энэ өвчнөөр жилдээ 90 орчим хүн өвчилдөг байх магадлалтай бөгөөд үүний 4-5 хүн нь л онош нь тодорч эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл нийт өвчилсөн хүний 95 орчим хувь нь оношлогдож амжилгүй нас бардаг гэсэн үг.

-Уг мэс заслын хувьд хэдэн төгрөгний өртөгтэй байна вэ? ЭМД-аар хөнгөлөлт эдлэх үү.

- Гол судсанд графт стент тавих мэс засал нь анагаахын шинжлэх ухаанд нэвтэрсэн томоохон ололтуудын нэг бөгөөд жил ирэх тусам л эмчилгээний арга өөрчлөгдөж байна. Манай улсын хувьд хөгжиж байгаа орон учраас судсан дотор тавьж байгаа стентүүдийг хувцас сольдог шигээ л бүх хэмжээгээр нь аваад бэлтгэх боломж хомс.

Нэг стент графт ойролцоогоор 35-40 сая төгрөгийн өртөгтэй учраас бид яаралтай тохиолдолд хийх боломжгүй. ЭМЯ, төр засгаас сайн дэмжээд бүх хэмжээгээр нь авчраад тавьчихвал бид яаралтай тохиолдлууддаа ч хийх боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар өвчтөнд тохирох хэмжээний стент графтийг захиалахад 30-40 хоногийн дараа л ирдэг. Зөвхөн тохирох стент графт ирсний дараа өвчтөндөө мэс заслаа хийж байна. Тэгэхээр оношоо тодруулсан, эмийн эмчилгээгээр хянагдах боломжтой өвчтөнүүдэд л энэ төрлийн мэс засал хийгдэж байна гэсэн үг.

Өмнө нь бид өвчтөнүүдийн 50-аас дээш хувьд нь нээлттэй мэс заслыг хийдэг байсан бол одоо 50-аас дээш хувьд нь судсан дотуурх аргаар стенд байрлуулах мэс заслыг хийж байна. Уг мэс заслыг Эрүүл мэндийн сайдын гуравдугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн даатгалаар санхүүжих өндөр өртөгтэй мэс заслыг тоонд багтаж 100 хувь хөнгөлөгдсөн.

Харин графт стент тавих мэс заслын хувьд цөөн хийгддэг гэсэн шалтгаанаас болж хасагдсан байгаа. Тиймээс манай эмнэлгийн зүгээс ирж байгаа өвчтөнүүдийн амь насыг аврах зорилгоор өөрийн эмнэлгийн санхүүжилтээр мэс заслыг аль болох иргэдэд төлбөрийн дарамт учруулахгүйгээр хийхийг зорин ажиллаж байна. Мөн ЭМДЕГ-ын 100 хувь санхүүжүүлэх төрөлд нь оруулах саналыг хүргүүлсэн байгаа билээ.

Бидний хувьд дээрх мэс залыг хийхдээ дэлхийн хамгийн шилдэг брендийн графт стентийг хэрэглэж байна.

-Гадны улс орнуудад энэ төрлийн эмчилгээ, мэс заслыг ямар үнэ өртгөөр хийдэг вэ?

- Миний хувьд Люксенбургийн их сургуульд богино хугацааны сургалтад хамрагдаж, Тайванийн үндэсний их сургуульд урт хугацааны буюу хоёр жил зүрх судасны мэс заслын чиглэлээр сурсан. Тэгэхэд тус сургуульд байх үед энэ мэс заслыг монгол төгрөгөөр барагцаалбал хамгийн багадаа 120 сая төгрөгөөр хийж байсан. Гэхдээ энэ үнэ зөвхөн нэг ширхэг стент графт суулгах шүү дээ. Хэрвээ хэд хэдийг суулгахаар бол дагаад үнэ нь өснө гэсэн үг. Мөн энэ өртөгт уг ажилбарыг гүйцэтгэсэн багийн ажлын хөлс багтдаг. Манай улсад бол аливаа нэг тусламж үйлчилгээг гүйцэтгэсэн ажлын багийн хөлсийг тухайн өндөр өртөгт тусламжид огтхон ч шингээдэггүй.

-Судасны цүлхэн гэж ямар эмгэг болохыг та дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

- Хүний гол судас хуурахаас гадна цүлхэн болж томрох өвчин бас маш хэцүү хүндрэлтэй хүний амь насанд өндөр эрсдэлтэй эмгэгийн нэг юм. Хүний судас уян чанартай, зүрх агшихад агшиж, тэлэхэд сунаж байх ёстой. Гэтэл судасны хананы уян хатан байдал алдагдаж чихрийн шижин, зарим холбох эдийн өвчлөлөөс болоод шалтгаалж судас хатуурч уян хатан байдал алдагддаг. Тэгэхээр зүрхнээс ирж байгаа өндөр даралтыг дааж чадахаа больж гол судас өргөсч, өргөсөх тусмаа задрах хүндрэл нэмэгддэг.

УГТЭ нь хэвлийн гол судас болон гол судасны цүлхэнгийн мэс заслыг 1980 -аад оноос хойш хийж эхэлсэн бөгөөд ихэнх тохиолдолд 70 наснаас доош насны өвчтөнүүдэд хийдэг байсан. Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр бид 76 настай ахмад настны хэвлийн гол судас найман см хүртэл өргөсч, задрахад бэлэн болсон байсан өвчтөний хэвлийн гол судсыг тайрч хиймэл судас залгах мэс заслыг хийсэн бөгөөд өвчтөн өнөөдөр эрүүл саруул Дархан хотдоо эмчилгээгээ хийлгээд явж байна. Мөн 2021 оны дөрөвдүгээр сард 86 настай ахмад настны хэвлийн гол судас нь долоон см хүртэл өргөссөн, задралтай, хэвлийгээр маш хүчтэй өвдөлттэй ирсэн. Тухайн өвчтөнд 24 цагийн дотор мэс засал хийхгүй бол амь насаа алдах эрсдэлтэй байсан өвчтөнд манай баг яаралтай мэс засал хийж цүлхэнг авч, хиймэл судас орлуулж, стенд суурилуулсан. Одоо өвчтөн гэртээ эмчлэгдэж байгаа. Хоёр хоногийн өмнө 82 настай өвчтөнд яг энэ төрлийн мэс заслыг хийсэн бөгөөд одоо эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

-Хэвлийн гол судасны мэс засал ер нь хэр удаан хугацаанд хийгддэг вэ? Ер нь энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Дунджаар дөрвөн цаг орчим болдог. Хүний биеийн байдлаас шалтгаалж энэ цаг хэлбэлзэнэ л дээ. Сүүлийн тохиолдол бол гурван цаг орчим үргэлжилсэн. Хүн ер нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа л эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэх хэрэгтэй. Таны амаар орж байгаа хоол бүхэн л эрүүл байх ёстой. Мөн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. Дараагийн нэг зүйл бол та өөрөө эрүүл бодолтой байх ёстой. Амьдралд тулгарч байгаа бүхий л асуудалд бухимдалтай хандаад стресстэх тусмаа хүний биед стрессийн даавар ялгарч, судас хатуурдаг. Үүнтэй холбоотой сонирхолтой жишээ хэлбэл хуучин Еврейчүүдийн хорих лагерьт байсан хүмүүсийн цогцос дээр судалгаа хийхэд стресст байгаа 20-25 насны залуусын судас нь аль хэдийн хатуурсан байсан. Тэгэхээр хувь хүн өөрөө эрүүл сэтгэлгээтэй байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам юм шүү.

Үүнээс гадна архи, тамхины хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Эдгээр нь судсыг хатууруулах хамгийн эхний шалтгаан болдог. Мөн буруу хооллолтоос үүдэлтэй чихрийн шижин өвчин нийгэмд хавтгайрч байна. Тэгээд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа хамрагдаж байх хэрэгтэй. Өөрийнхөө амьдралын буруу хэвшлээс болж өвдсөн, зовсноо ар гэр, эрүүл мэндийн байгууллагуудруу нялзаах явдал бас их байна. Гэтэл таны л амьдралын асуудал. Та л өөрөө зохицуулж, энэ биеийг та л эрүүл байлгах үүрэгтэй шүү дээ.

-Урьдчилан сэргийлэх үзлэг гэхээр эрчүүд их хойрго ханддаг л даа. Алив чи үзүүлээд өгөөч гэж татаж чангаах нь холгүй л эмнэлэг авч явах тохиолдол их байна шүү дээ.

-Тэр үнэн. Монгол эрчүүдийн дундаж наслалт нь 68, эмэгтэйчүүдийнх 74 байна. Энэ нь нэг ёсондоо Монгол эрэгтэй хүний өдөр тутмын амьдрал, хооллолт, хорт зуршил асуудал их байгаагийн илрэл. Анзаараад байхад эрчүүдийг бүр багаас нь амьдралаа тэжээж явах ёстой гэж бодоод хамаг хар бор ажил хийлгэдэг. Харин эмэгтэй хүүхдүүдээ энхрийлээд сургууль, соёлд явуулаад байдаг шүү дээ. Багаасаа л ийм нөхцөлд өссөн эрэгтэй хүн өөрөө өөртөө эрүүл мэндийн үйлчилгээ авах мэдэлгүй, санхүүгийн эрх чөлөөгүй байх нь бий. Ингэж явсаар эрчүүд нь 50 нас гараад л хөдөлмөрийн чадвараа алдах, саажилттай болох, зүрхний шигдээс болох жин ихтэйгээс болоод өвчлөмтгий болж, эргээд ханилсан ханийнхаа бүрэн хараат болох нь бий. Та бүхэн анзаараарай цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайгаар яваа хижээл насны хүмүүсийг сайн ажиглавал саажилттай нөхрөө дагуулаад явж байгаа эхнэрүүд зөндөө байдаг. Тиймээс эрчүүд минь ханилсан ханиа зовоохгүй л гэж бодож байвал бага залуу наснаасаа л биеэ тордох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.

- Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.


keyboard_arrow_up