Ч.Цэрэннадмид: Арьс гоо засал нь cувилагч хүнээс маш их ХАРИУЦЛАГА, ЧАДВАР, СЭТГЭЛИЙГ шаарддаг Ч.Цэрэннадмид: Арьс гоо засал нь cувилагч хүнээс маш их ХАРИУЦЛАГА, ЧАДВАР, СЭТГЭЛИЙГ шаарддаг

1
2
Ч.Цэрэннадмид: Арьс гоо засал нь cувилагч хүнээс маш их ХАРИУЦЛАГА, ЧАДВАР, СЭТГЭЛИЙГ шаарддаг
Зочин:
Ч.Цэрэннадмид
Байгууллага:
АӨСҮТ
Албан тушаал:
ЭГЗНСТ-ийн ахлах сувилагч
Ажиллах арга барил:


2021 оны 03 сарын 31

 Арьс өвчин судлалын үндэсний төвийн арьс гоо заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй ЭГЗНСТ-ийн ахлах сувилагч Ч.Цэрэннадмид ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Энэ зууныг харшлын зуун ч гэж нэрлэж болно

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг тус эмнэлэгтээ 32 дахь жилдээ ажиллаж байгаа, туршлагатай, ахмад сувилагч нарын нэг гэж сонсоод зорьж ирлээ. Тэгэхдээ таны хувьд маш залуухан харагдаж байна.

-Сайн байна уу. Маш их баярлалаа. Миний хувьд 1989 онд Сувилагчийн дунд сургуулийг төгсч, ЭМЯ-ны томилолтоор Арьсны өвчин судлалын үндэсний төвд /АӨСҮТ/ томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайн үед эмнэлэг маань Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нэртэйгээр клиникийн зургаан тасагтайгаар зүүн дөрвөн замд байрладаг байсан бол өнөөдөр улсдаа ганцхан арьсны чиглэлээр дагнасан эмнэлэг болон өргөжин хөгжсөн байна. Миний хувьд амьдралынхаа 32 жилийг энэ эмнэлэгтэйгээ холбож, энэ сайхан хамт олны нэг эд эс нь болон ажиллаж байгаадаа үргэлж баяртай байдаг. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийнхээ зургаан тасаг буюу бүх тасагт нь ажиллаж байсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасагт ахлах сувилагчаар ажиллаж байна. Манай эмнэлгийн алтан үеийн удирдлагууд сувилагч нараа чадваржуулах, хөрвөх чанарыг нэмэгдүүлэхийн тулд биднийг бүх тасгуудад хуваарилж ажиллуулдаг байсан. Энэ нь ч бидэнд маш их чадварыг суулгаж өгсөн гэж боддог.

-Эмнэлгийнхээ бүх зүйлийг гарын 10 хуруу шигээ мэддэг хүний нэг гэж таныг хэлж болохоор байна. Маш олон хүмүүстэй хамтран ажиллаж байхад хамгийн сэтгэлд тань дотно хамт олон аль нь байсан вэ?

-Миний хамтран ажиллаж байсан бүх хүмүүс л хүн бүхэнд сэтгэлээ дэвсэж байсан. Хамгийн анх нэгдүгээр тасагт хуваарилагдаж ирэхэд н.Ганболд эрхлэгчтэй, их эмч н.Алтанцэцэг, их эмч н.Сэржмядаг ахлах сувилагч н.Пүрэвжав  зэрэг хамт олон маш сайхан хүлээж авсан. Тэр үе ер нь хэзээ ч мартагддаггүй. Энэ хамт олноосоо маш их зүйлийг сурч мэдсэн. Тасаг болгон л онцлогтой. Ажиллах хугацаанд хамгийн дурсамжтай үе маань хүүхдийн тасагт өнгөрсөн гэж боддог. Би тэр тасагт тасралтгүй 10 жил ажилласан. Тухайн үед тасаг 44 ортой, ихэнхи нь сахиуртай. Тэгэхээр 60-70 хүнтэй зэрэг харьцаж ажилладаг байлаа. Хүүхэд л болсон хойно чимээ шуугиан ихтэй, ажилбар ихтэй байсан. Тэгэхдээ хүүхдийн арьс маш хурдан эдгэрдэг. 2-3 удаа эмчилгээ хийхэд л нүдэн дээр л эдгэрээд ирдэг нь сайхан байсан.

-Таны хувьд 32 жилийг энэ эмнэлэгтээ өнгөрүүлжээ. Дээрхэн үед хамуу, мөөгөнцөр гэх мэт өвчлөлүүд илүү давамгайлан гардаг байсан бол орчин цагт ямар төрлийн өвчлөлүүд давамгайлж байна вэ?

-Арьсны өвчлөл эрс өөрчлөгдсөн.

Бүр энэ зууныг харшлын зуун ч гэж нэрлэж болно. Эм, тариа, ургамал, ахуйн хэрэглээнээсээ хүртэл харшил авдаг болсон цаг үе. Арьсан дээр гарах тууралт, батга хүртэл маш өөрчлөгдсөн.

Орчны бохирдол, идэж ууж байгаа зүйлс, хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн, нойр хоолны зохицуулалт алдагдах зэрэг нөлөөлж байна. Үүнийгээ дагаад эмчилгээний арга хүртэл өөрчлөгдсөн. Өмнө нь батганы эмчилгээг гэхэд маск тавиад, цэвэрлэгээ хийх, дотор гаднаас нь эмчилдэг байсан бол одоо бид лазер эмчилгээ, эм тариа, аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бүх эмчилгээгээ хийж байна. Мөн эмийн төрлүүд нэмэгдсэн учраас эмчилгээ илүү үр дүнтэй болсон байна.

- Эмчилгээний гоо засал гэхээр хамгийн түрүүнд л хүний нүүрний арьсны эрүүл мэнд бодогдож байна. Тэгэхээр тасгийнхаа талаар товч танилцуулбал.

-Эмчилгээний гоо засал /ЭГЗ/ нөхөн сэргээх тасагт өсвөр насны батгатай хүүхдүүдэд батга цэвэрлэх, эмчилгээний маск тавих,эрүүл ахуйн иллэг массажыг гараар болон аппаратаар хийх, цэцэрлэг болон сургуулийн бага насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог  халдварт нялаахай буюу /моллюск /вирусийн гаралтай өвчин түгээмэл байдаг түүнийг эмчлэх, үү , ургацаг эмчлэх, арьсны гоо заслын  тарилга болон лазер эмчилгээ, арьс залуужуулах, үсний уналтыг зогсоох, хацрын улаан, батганы сорив арилгах лазер эмчилгээ, сүүлийн үеийн бүх тарилгыг  мэргэжлийн өндөр түвшинд хийж байна.

ЭГЗ-ийн хувьд эмч, мэргэжилтнүүдээ сургах, чадваржуулах тал дээр маш сайн ажилладаг. Тиймдээ ч манай эмч нар олон улсын стандартад нийцсэн эмчилгээг гадны орнуудад очин суралцаж, Монголдоо нутагшуулан ажиллаж байна.

Сувилагч бид ч гэсэн  эмч нараасаа маш их зүйлийг шинээр сурч, хамтран ажиллаж байна даа. Арьс гоо заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилагч нарыг бэлтгэн гаргахад манай  тасаг томоохон бааз суурь болдог. Эмч нар  маань арьс, гоо засал, нарийн мэргэжлийн хичээлийг зааж, бэлтгэдэг. Миний хувьд 2019 оноос  дадлага ажил дээр сургагч багшийн үүргийг давхар гүйцэтгэж байна. Манай Гоо засал нөхөн сэргээх тасгийг М.Амаржаргал эмч маань өдий зэрэгтэй удирдан, сайхан баг хамт олныг бүрдүүлсэн. Гоо заслын тасагт дөрвөн эмч, гурван сувилагч, нэг асрагчтай, нөхөн сэргээх тасаг нь нэг эмч, хоёр сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Arslan.mn


ХОЁР. Энэ мэргэжил биднээс эрсдэл, хариуцлага, чадвар, сэтгэлийг маш их шаарддаг

-Таны хувьд тасралтгүй 32 жил эрүүл мэндийн салбарт зүтгэжээ. Анх ер нь хэрхэн энэ мэргэжлийг сонгож байв. Тасралтгүй сувилагч гэх мэргэжлээр ажиллах шалтгаан нь юу байв.

-Анх эм зүйч болно гэж боддог байсан ч өөрийн эрхгүй л сувилагч мэргэжлийг сонгосон. Тэгээд сургуулиа төгсөөд ирэхэд сайхан хамт олон угтсан учраас энэ мэргэжилдээ улам дуртай болж, энэ мэргэжлийнхээ эзэн нь болохыг хүссэн. Тэгэхдээ дунд нь би энэ мэргэжлийнхээ хажуугаар  Эрх зүйч гэсэн мэргэжлийг эзэмшиж, хууль зүйн ухааны магистр цолтой болсон. Тэгэхдээ хүн чинь хамгийн ихээр хийж чаддаг зүйлээ л хийхийг хүсээд байдаг юм байна лээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө тухайн үеийн захирал байсан А.Цогцэцэг маань гоо сайхны бага эмч болохыг санал болгоход тухайн үедээ би маш их зүрхшээж байсан.

Хүний нүүр, гоо сайхан гэдэг бол тухайн хүнийг илэрхийлэх бүх зүйл нь шүү дээ. Тэгэхдээ би зориглоод сурсан. Одоо бол энэ мэргэжлийн эзэн нь болж, хамт олонтойгоо бужигнаад ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг.

-Хүнийг өөртөө итгэлтэй гоо сайхан харагдуулах нь та бүхний хийдэг хамгийн том ажил. Гэтэл ганцхан алдаанаас болж эсрэгээрээ эргэх тохиолдол байгаа шүү дээ. Эрсдэл маш өндөртэй гэж хэлж болно.

-Тэр үнэн.

Энэ мэргэжил биднээс эрсдэл, хариуцлага, чадвар, сэтгэлийг маш их шаарддаг. Тэр чинээгээрээ л үр дүн нь шууд нүдэн дээр харагдана.

Жишээ нь бага насны  хүүхдүүдийн хувьд арьс нь маш эмзэг, дээр нь тууралт, шархнууд бүр маш эмзэг газрыг олж гардаг. Мэдээ алдуулалтын тосыг түрхсэн хэдий ч хүүхэд л болсон хойно айна, хөдөлнө, янз бүрийн ааш авир гаргана. Тэр бүхнийг тооцоолж л маш болгоомжтой ажиллах хэрэгтэй гэдгийг залуу хүүхдүүдэд өдөр бүр захиж, өөрөө ч хичээж ажиллаж байна. Том хүмүүсийн хувьд эмчилгээний үр дүн 14-21 хоногийн дотор л харагддаг.

Үйлчлүүлэгч, эмч мэргэжилтнүүд хамтарч байж л эмчилгээний үр дүн гарна л даа. Тэрнээс энд ирж эмчилгээгээ хийлгэчхээд гэртээ хариад зааврын дагуу эмээ уухгүй, арьсаа арчлахгүй   бол ямар ч үр дүнгүй.

Arslan.mn

-Та бүхний хувьд ямар төрлийн үйлчилгээг үзүүлж байна вэ, өдөрт ямар төрлийн өвчлөлөөр хүмүүс илүү их ханддаг вэ?

-Манай тасгийн хувьд төлбөртэй тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмч нар үзэж, ямар төрлийн үйлчилгээг авахыг нь зөвлөдөг. Хамгийн их үйлчилгээ авдаг төрөл нь өсвөр насны батгашилтын эмчилгээ байна. Эдгээр хүмүүст цэвэрлэгээ хийх, үрэвслийн эсрэг маск тавих, моллюск түүх гэх мэт эмч нар маань маш олон төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Үүнд: вируст үүтэй хүнд хөлдөөх эмчилгээ, ургацагыг электрокоагуляцаар авч эмчлэх , төрөл бүрийн лазер эмчилгээ, мөн гоо сайхны тарилгуудыг хийж үйлчилж байна. Нэг хүнд дор хаяж 30-40 минутын үйлчилгээг хийдэг учраас үйлчлүүлэгч нар цаг авч үйлчлүүлэх ёстой байдаг.

-Өчигдөрхөн эмч нарын баяр болсон. Эмч нартаа мэндчилгээ дэвшүүлбэл.

-АӨСҮТ-д нэг зорилгын төлөө нэгдэж, дэлхийн жишгийг эмнэлэгтээ нэвтрүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа эмч нартаа болон үе үед хамтран баг болон ажиллаж байсан ахмад  эмч нартаа Дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.

Эмч та өвдсөнийг эдгэрүүлэгч

Эмч та өтөлснийг залуужуулагч

Эмч та эмнэлгийн ариун гартан

Эмч та энэ ертөнцийн ачтан билээ гэх дөрвөн мөртийг бүх эмч нартаа зориулмаар байна.


keyboard_arrow_up