Л.Нанжид: Аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүйгээс болж ГАР, САРВУУ гэмтэх тохиолдол их байна Л.Нанжид: Аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүйгээс болж ГАР, САРВУУ гэмтэх тохиолдол их байна

2
Л.Нанжид: Аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүйгээс болж ГАР, САРВУУ гэмтэх тохиолдол их байна
Зочин:
Л.Нанжид
Байгууллага:
ГССҮТ
Албан тушаал:
Гар сарвууны гэмтэл согогийн мэс засалч
Ажиллах арга барил:


2020 оны 10 сарын 27

"Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаараар бид ГССҮТ-ийн Гар сарвууны гэмтэл согогийн мэс засалч их эмч, Гэмтэл согогийн мэс засалч их эмч, тэргүүлэх зэргийн их эмч Л.Нанжидтай ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд гар, сарвууны гэмтлийн тохиолдол нэмэгдсэн. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Сайн байна уу. Гар бол хүний тестер хийдэг хамгийн том эрхтэн. Энэ аягатай ус халуун байна уу, хүйтэн байна уу гэдгийг хуруугаараа барьж үзэж мэдэх, ямар нэгэн зүйлийг дандаа гарны оролцоотойгоор хийдэг учраас гар хамгийн түрүүнд гэмтдэг. Ялангуяа улирлын чанартай ажил эхлэх үеэр буюу барилга, уул уурхайн ажил эхлэхээр энэ төрлийн гэмтэл нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнээс гадна зуны улиралд хүүхдүүд эцэг эхчүүдийн хараа хяналтнаас хол гадаа гарч тоглох, дугуй унах, хөдөө гадаа явах үедээ гэмтэх тохиолдол ихэсдэг. Хүн унахдаа гараараа тулдаг учраас энэ төрлийн гэмтлүүд их байна.

-Зарим иргэдийн хувьд гараа тулгачихаад тоохгүй явах тохиолдол их байдаг л даа. Үүнээс гарч болох эрсдэл.

-Тэр үнэн. Хүмүүс сагс тоглож байхдаа, унаад ч юм уу хуруу гараа тулгалаа гээд хажуудаа байгаа хэн нэгнээр татуулчихаад бүр хүндэрсэн хойно нь манай эмнэлэгт ханддаг. Хуруу тулгах үед гарын холбоос сунах, үены уут урагдах байдлаар гэмтсэн байдаг. Тэгээд татуулах юмуу анхны тусламжаа буруу авснаас хурууны гэмтэл нэмэгдэнэ гэсэн үг.

Хэрвээ таны хуруу ямар нэгэн байдлаар гэмтсэн л бол хамгийн ойрхон байгаа эмнэлэгт хандаж үйлчилгээ авч, зөв арга хэмжээг авч, хөдөлгөөнгүй чиг барих хэрэгтэй.

Тэрний дараа зураг авч, гипсдэх үү, хагалгаанд оруулах уу гэдгийг шийддэг. Хэрэв хуруугаа тулгасан гээд л тоохгүй орхих, ахуйн нөхцөлд хар цайгаар шавшиж явсаар халдвар авах,  хүндрэл үүсэх нь бий. Бидний зүгээс аймаг, орон нутаг, дүүргийн гэмтлийн эмч нарыг хангалттай сургаад бэлтгэж эхэлсэн тул та өөрт ойрхон эмнэлэгт хандахад танд бүрэн тусламжийг үзүүлнэ.

-Танай тасагт өдөрт хичнээн хагалгаа ордог вэ? Үүнээс хамгийн их хийгдэж байгаа хагалгаа нь юу байна.

-Хүлээн авах, амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнхи нь гар сарвууны гэмтлийн үеийн үйлчилгээг авдаг учраас манай тасаг их ачаалалтай ажилладаг. Өдөрт 10-20 хагалгааг хийдэг. Үүнээс 6-8 нь төлөвлөгөөт ясны хагалгаа байдаг бол үлдсэн нь яаралтай тусламж үйлчилгээгээр  ирсэн хутгалуулсан, ахуйн осол гэмтлээс шалтгаалсан гэмтлүүд буюу судас, мэдрэл, шөрмөс нь гэмтсэн, зөөлөн эдийн мэс заслууд, халдварлагдсан шархнуудад хагалгаа хийгдэж байна. Мөн үйлдвэрлэлийн осолд өртөх буюу цахилгаан хэрэгсэлтэй болгоомжгүй харьцсанаас болж, ажилын аюулгүй байдлын дүрэм, журмаа сайн мэддэггүйгээс, түүнийгээ бүрэн гүйцэт хангаж ажиллаагүйгээс хүмүүс маш их гэмтэж, гар хуруу нь тасарсан байдалтай ирэх тохиолдол нэмэгдсэн. Тухайн тасарсан хуруунуудыг залгах мэс заслыг манай тасаг хийдэг. Нэг  хурууг залгах хагалгаа 7-10 цаг үргэлжилдэг. Тус хагалгааг 15 дахин өсгөж харах хүчин чадалтай тусгай төхөөрөмжөөр харж хийдэг учраас нүд чилэх, ядрах гэх мэт асуудлаас сэргийлж, мэс засалчид маань 2-3 багт хуваагдаж,  нэг баг 2-3 цаг сууж хагалгааг хийх зарчимаар ээлжлэн мэс засал үргэлжилдэг. Хурц иртэй зүйлд таслагдсан, хурууны нэгдүгээр үеэс хойш хуруу залгахад хүндрэл багатай байдаг бол хөрөөнд ч юм уу зажлагдаж тасарсан тохиолдолд хурууны судас сунах, агшсан үед тус хагалгаа хүндрэлтэй болох нь бий. Тиймээс эхлээд эмч өвчтөнийг үзэж, үнэлгээ хийн хагалгаанд орох эсэхийг нь, мөн ямар мэс ажилбар хийхээ шийддэг.

Хуруу залгах хагалгаанд орсон өвчтөнүүдийн 80 хувийнх нь хурууны үйл ажиллагаа сэргэсэн үзүүлэлттэй байна. Нэг хурууг эрүүл болгохын тулд 1,5 мм диаметртэй 1-2 артерийн буюу тэжээх  судас, зургаан венийн буюу хураагуур судас залгадаг. Ойролцоогоор тасраад гурван цаг болсон хурууг залгах боломжтой.

-Сүүлийн үед танай тасаг ямар шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлсэн бэ?

-Бидэнд шинээр нэвтрүүлж буй хэд хэдэн мэс заслын шинэ арга, технологиуд байна. Үүнд мөрний үе болон тохойн үений мэс заслуудыг хийж байгаа бөгөөд цаашид сарвууны үений хиймэл үе суулгах мэс заслын технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөр болон тохойн үений гэмлийн үед үений ойролцоох зөөлөн эдүүд, мөгөөрсөн эдүүд их хэмжээгээр гэмтсэн үед мөн үе дайрсан бяцарсан хугарлын үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж байна.

Манай тасаг нь Энэтхэг улсруу бичил мэс заслын 3-6 сарын сургалтанд дөрвөн эмчийг сургасан бөгөөд сургалтаар эмч нар маань өндөр өсгөвөртэй микроскоп дээр ажиллаж бичил судас, мэдрэлийг залгах мэс ажилбарт дадлагажиж ирсэн. Зарим тохиолдолд эрүүл хөл, гарнаас эрүүл судас, шөрмөсийг авч гэмтэлтэй хэсэг болон зөөлөн эдийн дутмагшилтай хэсэгт  шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх мэс заслыг хийдэг болсон.

Үүнээс гадна төрөлхийн болон олдмолоор мэдрэлийн согог, саажилт үүссэн буюу гар хөлийн хөдөлгөөн хязгаарлагдсан үед хавирганы мэдрэлийг авч тухайн саажилттай хэсэгрүү шилжүүлэн суулгах мэс засал хийдэг бөгөөд үүний үр дүнд мэдрэл шилжүүлсэн мөчний хөдөлгөөний үйл ажиллагааг сэргэдэг. Энэ төрлийн мэс засал хийгдэж байгаа тоо нь төдийлөн их биш байгаа. Учир нь иргэд нэгэнт саажилт өгсөн бол эмчлэгдэх боломжгүй, оношилоход цаг их шаарддаг гэж ойлгон эмчид хандалгүй цаг, хугацаа алдах тохиолдол ихтэй байдаг. Тэгэхдээ энэ төрлийн мэс заслын үр дүн маш өндөр байгаа бөгөөд үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байдаг. Удирдлагын зүгээс болон манай тасгийн ахмад эмч нарын тусламжтайгаар бид бүхэн дээрх шинэ төрлийн мэс заслууд болон эмчилгээний арга техникүүдээ шинэчилсээр байгаадаа баяртай байна.

Мөн үений мөгөөрсөн эд нь шохойжин хөдөлгөөнгүй болсон тохиолдолд заавал хиймэл үе солих мэс засал хийлгүй гуяны булчингийн зузаан хальсыг авч давхарлан,  хиймлээр мөгөөрсөн эдийг нөхөн сэргээж  чөлөөтэй хөдлөх  нөхцлийг бүрдүүлэх мэс заслыг хийж байна.

-Иргэд гар хөлний үе янгинаж, үе дуугараад байна гээд л яриад байдаг. Гэмтлийн шалтгаанаас болж үүсэх тохиолдол бий юу?

-Энэ шинж тэмдэг нь маш олон төрлийн шалтгаанаас үүсэлтэй байдаг гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Тиймээс заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж ялган оношлуулах шаардлагатай.


ХОЁР. Иргэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг тоодоггүй нь энэ төрлийн гэмтэл авах үндсэн шалтгаан

-Бага насны хүүхдүүдэд мөр мултрах гэмтэл их тохиолддог. Зарим иргэдийн хувьд энэ талын мэдлэг ховор учраас тоохгүй байх нь элбэг. Энэ тал дээр иргэдэд анхааруулга хүргэвэл.

-Хүмүүс мөр мултрах гэж буруу ойлгоод байдаг.

Хүүхдийн тохойн үений холбоос гүйцэт сайн хөгжөөгүй байдаг бөгөөд томчууд энэ үед нь гарнаас нь огцом татах,  дээш нь өргөх, эргүүлэх үед холбоосны дутуу хөгжлөөс болж тохойн үенд хагас мултрал үүсдэг.  

Энэ үед хүүхдэд маш хүчтэй өвдөлт өгөхөөс гадна, хөдөлгөөн хязгаарлагддаг. Энэ төрлийн шалтгаанаас манайд хандсан хүүхдэд мэргэжлийн эмч нар хоёр минутын дотор  үеийг байранд нь оруулж өгдөг. Зарим хүмүүс манай хүүхэд хоёр гурван хоног гараа өргөхөөр л уйлаад байсан, тэгж байгаад зүгээр болчих байх гээд хэд хоног харсан гэх мэтчилэн хайхрамжгүй үйлдэл гаргаж байдаг. Энэ маш буруу. Нэг удаа мултарчихсан үе амархан мултрах буюу сурмаг мултрал үүсэх эрсдэлтэй байдаг. Тийм болохоор бид эцэг эхчүүдэд хүүхдийнхээ гарыг мултлахгүй байхын тулд хэрхэн урьдчилан сэргийлэх цаашид сайн анхааралтай байхыг захидаг. Мөн мутралыг зассаны дараа 2-3 хоног гарыг сойлттой байлгах, физик эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатайг энэ үеэр зөвлөөд гаргадаг.

-Иргэдэд анхааруулж хэлэх эмчийн үг.

-Манай иргэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм гэдэг зүйлийг бүр тоодоггүй. Сүүлийн жилүүдэд автомат ажиллагаатай багаж техник их болсон.

Иргэдийн хувьд дээрх тоног төхөөрөмжийг ашиглахын тулд аюулгүй ажиллагааны дүрмийг маш сайн судлаж, яг тэр зааврын дагуу ашиглах хэрэгтэй. Жишээ хэлэхэд цахилгаан хөрөөг сүүлийн үед их хэрэглэдэг болсон. Уг нь тухайн хөрөө нь гарны хамгаалалттай байдаг ч иргэд модоо бүтэн зүсэхийн тулд тээглээд байгаа гарны хамгаалалтыг нь авчихдаг. Мөн цахилгаан харууланд банзаа бүтнээр нь оруулж зүсэхийн тулд хамгаалалтыг нь авчихдаг. Энэ мэт ажилаа амарчлах, хэнэггүй байдлаасаа болж гар хуруугаа гэмтээх тохиолдол маш их байна.

-Тасаг нь анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ?

- Тасаг маань 1991 онд Гар сарвуу, цээж хэвлий тасаг нэртэйгээр байгуулагдаж, 1996 оноос тусдаа гар сарвууны мэс заслын тасаг болсон. ГССҮТ-дөө хамгийн их эмчтэйгээр буюу 12 эмчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. БНСУ-д зургаан сар гар сарвууны чиглэлээр, мөрний үений дурангийн чиглэлээр суралцаж ирсэн. Миний хувьд гэмтлийн эмнэлэгт хоёрдугаар курсын оюутан байхаасаа л дадлагын оюутнаар ирж, ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд АУИС-ийг төгсч, тус ондоо ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмчийн резидентийн сургалтанд хамрагдаж, гэмтлийн нарийн мэргэжлийн эмчээр ажилласан. Тус эмнэлэгтээ 16 дахь жилдээ, гар сарвууны нарийн мэргэжлээр дагнаад найм дахь жилдээ ажиллаж байна. Ер нь манай удирдлагууд эмч нарынхаа чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга гадаад, дотоодын сургалтанд хамруулдаг. ГССҮТ-өөс бидний чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх тал дээр маш их анхаарч ажилладаг. Энэ дашрамд ГССҮТ-ийн удирдлагууд, тасгийн хамт олондоо талархал илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.


keyboard_arrow_up