Д.Мөнхбат: Шүүх Шинжилгээний Хүрээлэн жилд 65-70 мянга орчим шинжилгээ хийж байна Д.Мөнхбат: Шүүх Шинжилгээний Хүрээлэн жилд 65-70 мянга орчим шинжилгээ хийж байна

Д.Мөнхбат: Шүүх Шинжилгээний Хүрээлэн жилд 65-70 мянга орчим шинжилгээ хийж байна
Зочин:
Д.Мөнхбат
Байгууллага:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн
Албан тушаал:
Тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа
Ажиллах арга барил:


2020 оны 05 сарын 26

Гэмт хэргийг илрүүлж,  аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүх шинжилгээний байгууллагын хэрэгцээ, шаардлага өдөр ирэх тусам өсөж байгаа билээ. Иймд бид тухайн байгууллагын үйл ажиллагаа,  шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажил, тулгамдаж буй асуудал зэргийн талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаттай ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

 -Шүүхийн шинжилгээний байгууллагын талаар иргэд мэдлэг дутмаг байдаг. Байгууллагын үндсэн чиг үүргийн талаар ярилцлагаа эхэлье?

-Шүүхийн шинжилгээний байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг шалган шийдвэрлэх явцад нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, ул мөр эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээг хэрэг бүртгэгч, прокурор, мөрдөгч, шүүхийн тогтоол,шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн хийж, дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг.   

Манайх одоогоор криминалистикийн бичиг баримтын, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын, гарын мөрний, мөр судлалын,  дүр зураг, дүрс бичлэг, дуу авианы, авто техникийн шинжилгээ, шүүх эмнэлгийн хүний биед гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн холбогдолтой гэмт хэргийн хохирогчид үзлэг хийх, цогцост хийх задлан шинжилгээ, эд эсийн шинжилгээ, хүний нас, хүйс тогтоох, хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийх, эксгумаци /оршуулсан шарилд/, биологийн, ДНХ-ийн, бактериологийн, химийн, физикийн шинжилгээг хийж байна.

-Шүүхийн шинжилгээний байгууллага ямар эрх зүйн зохицуулалттайгаар ажилладаг вэ.  Байгууллагын цаашдын бодлогоо хэрхэн тодорхойлсон байна вэ?

-Шүүхийн шинжилгээний үйл ажиллагааг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүү, иргэн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх процесийн хуулиуд болон бусад эрх зүйн актуудаар зохицуулсан байдаг. Шүүхийн шинжилгээг хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн тогтоол захирамж, эрх бүхий төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн хийдэг. Иргэн, байгууллагаас гаргасан гомдол хүсэлтээр шүүхийн шинжилгээг хийдэггүй онцлогтой. Шинжилгээний явц, үр дүнг шинжилгээ томилсон эрх бүхий албан тушаалтнуудаас бусад этгээдэд мэдээллэхийг хориглодог. Шүүхийн шинжилгээний эрх зүйн орчинг боловсронгуй болгож, шинжээч мэргэжилтний эрх зүйн байдлыг улам тодорхой болгох, Шүүхийн шинжилгээ явуулах үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулж, шинжилгээг хийх лабораториудыг дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр тоноглож, судалгаанд суурилсан шинжээч мэргэжилтний чадварлаг баг бүрдүүлэх гэсэн зорилтуудыг үйл ажиллагаандаа дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр Шүүхийн шинжилгээний үйл ажиллагаа улам төгөлдөржинө гэж харж байгаа.

-Тавьсан зорилтуудаа биелүүлэх чиглэлд бодитой хийгдсэн ажил бий юу?

-Зорилтын хүрээнд 2016 онд Шүүхийн шинжилгээний байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. 2018 онд Шүүхийн шинжилгээний байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан хүрээлэнгийн захирлын тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа. Алсын хараа 2050 МУ-ын урт хугацааны хөгжлийн баримт бичигт Шүүхийн шинжилгээний байгууллагыг хөгжүүлэх тодорхой зорилтуудыг тусгаж өгсөн. Энэхүү хөгжлийн хөтөлбөрийн 1-р үе шат буюу 2020-2030 онд ШШБ-ын эрх зүйн орчныг гүнзгийрүүлэн, шинжилгээний техник тоног төхөөрөмж техник тоног төхөөрөмж болон хүний нөөцийн чадамжийг дээшлүүлсэн байхаар тусгасан бөгөөд шинжилгээний бүх лабораториудыг шинэчлэн байгуулах нарийвчилсан заалтуудыг оруулж өгсөн нь байгууллагын хэтийн хөгжилд нэн ач холбогдолтой гэж харж байна.

-Танай байгууллагыг тойрсон хэл ам аль ч үед их байдаг. Ялангуяа шинжээч эмч нарын үйлдсэн дүгнэлттэй холбоотойгоор хөндөгдөх нь бий. Шинжээч мэргэжилтнийхээ чадамжийн тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Криминалистикийн шинжээчийг ДХИС болон ОХУ-д бэлтгэж байна. Шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжээч нарт мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан байх шалгуур тавьдаг. Шинжээч эмчийг сонгож авахаас эхлүүлээд ур чадвар, мэдлэгийн хувьд өндөр шалгуурыг тавьдаг. Ингэхдээ шинжээч эмчээр ажиллах иргэдэд анагаах ухааны үндэсний их сургуулийг болон адилтгах сургуулуудийг төгссөн байх, шүүх эмнэлэгийн резидент хийсэн байх шаардлага тавигдана. Шүүхийн шинжилгээний тухай хуулинд шинжээч мэргэжилтнийг 5 жил тутамд  аттестатчилж байхаар хуульчилсан байдаг. 2019 онд аттестатчиллын шалгалтыг эрх зүйн шалгалт, ур чадварын шалгалт гэсэн хоёр хэлбэрээр авч дүгнэлээ. Шалгалтын өмнө болон дараа  шаардлагатай сургалтыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. МөнОХУ, БНСУ, Беларусь улсын ШШБ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу шинжээч мэргэжилтнүүдээ сургах ажлыг зохион байгуулж байна.ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны улсын их сургуулийн дэргэдэх эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд дөрвөн ээлжээр төв, орон нутгийн нийт 68 шинжээч эмчийг “Гэнэтийн насбаралт, Рефлексийн бүсэн гэмтэл /наран сүлжээ/, Эх нярайн эндэгдэл сэдвийн хүрээнд нийт 72 цагийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж гэрчилгээжүүлсэн байгаа.   2018 онд АУҮИС- тай хамтран төв, орон нутгийн 37 шинжээчийг зургаан сарын хугацаатай түргэвчилсэн хэлбэрээр резидент хийлгэн ажиллуулж байна. Орон нутагт зайны болон онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулж байна.

-2019 онд ШШҮХ хичнээн хэрэгт үзлэг хийж, дүгнэлт гаргасан байна вэ?

-Шүүхийн шинжилгээний байгууллага байгуулагдаж байх үед буюу 2005 онд криминалистикийн 7206, шүүх эмнэлгийн 16166, тусгай шинжилгээний 11091, эдийн засгийн 129, нийт 34592 шинжилгээний дүнэлт гарган, 16763 удаа хэргийн газрын үзлэгт оролцож байсан. Харин өмнөх онд криминалистикийн 11961, шүүх эмнэлгийн 40155, тусгай шинжилгээний 17357, эдийн засгийн 237, нийт 69710 шинжилгээ хийж, 28412 удаа хэргийн газрын үзлэгт оролцсон бөгөөд шинжилгээний тоо 35118-оор буюу 101 хувиар өссөн. Хэргийн газрын үзлэгт оролцсон тоо 11644-өөр буюу 69,4 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Байгууллагын хэмжээнд жилд 65-70 мянга орчим шинжилгээ хийж байна. Шинжилгээний тоо жил болгон тодорхой хувиарөсөж ажлын ачаалал ихэсч байна. Энэ нь гэмт хэргийг илрүүлэх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүх шинжилгээний хэрэгцээ шаардлага өдөр ирэх тусам өсөж байгааг харуулж байгаа юм.

-Ачаалал ихэсхийн хирээр хүн хүч, боловсон хүчний асуудал нэмэгдэнэ. Танайхаас шаардлагатай орон тооны асуудлыг нэмэгдүүлэх чиглэлд судалж байгаа юу?

-Сүүлийн жилүүдэд хүн амын нягтрал ихсэх, иргэд хот суурин газар төвлөрөх болсноос гэмт хэргийн гаралт ихсэж байгаа бөгөөд шинэ төрлийн шинжилгээ хийх хэрэгцээ нэмэгдсээр байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын одоогийн орон тоо нь 1978 онд 40.000 хүнд 1 шинжээч эмч байхаар тогтоосон орон тоо бөгөөд тухайн үед Улаанбаатар хотод 560 орчим мянган хүн амтай байсныг жишин үзэж шинжээч эмчийн орон тоог баталсан байдаг. Иймд нийслэл хотын хүн амын өсөлттэй уялдуулан шинжээч эмчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Манай байгууллагын хэмжээнд нийт 473 орон тоог нэмэх тооцоо, судалгааг гаргаж, нэн шаардлагатай 125 орон тоог шийдвэрлүүлэхээр холбогдох хүсэлтийг хүргүүлээд байна.

-Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийгдэв. Шинээр тоног төхөөрөмжүүд суурилуулсан уу?

-Шинжилгээг орчин үеийн стандартын шаардлага хангасан лабораторид тусгай зориулалтын тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан хийж байж эцсийн бодит үр дүн болох үнэн зөв дүгнэлтэнд хүрнэ. Бид нэг загварын лабораторийн зориулалт бүхий барилгыг 21 аймгийн шүүхийн шинжилгээний албадад үе шаттайгаар барихаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд эхний барилгыг 2018 онд Өмнөговь аймагт, дараагийн барилгыг 2019 онд Дорнод аймагт барьж ашиглалтад оруулаад байна.

2018 онд Химийн лабораторид шинээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүний биеийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийхэд шаардлагатай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох 6530 QTOF шингэний хроматграф-масс спектрометр, 1290 HPLC өндөр мэдрэмжит шингэний хроматограф болон 5977 загварын хийн хроматографи масс спектрометрийн аппаратыг, бактериологийн лабораторид бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж болох ELISA READER багажийг суурилуулсан. МУ-ын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Сэтгэл зүйн шинжилгээний лаборатори”-ийн “Диана-07М ПК+программ хангамжийг, Дижитал судлалын шинжилгээний лабораторийн Дуу авианы шинжилгээний системийн программ хангамж, техник, тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.Байгууллагын шинжилгээний бүртгэл мэдээлэл, лавлагааны нэгдсэн системийг байгуулсан.Үүний үр дүнд Сэтгэл зүйн болон Дуу авианы харьцуулах шинжилгээ хийх техник, тоног төхөөрөмж, программ хангамж сайжирч, шинжилгээний чанар үр дүн дээшилсэн.

-Хөдөө орон нутагт хэргийн газарт очиж шинжилгээ хийхэд автомашины, техникийн асуудал тулгардаг байх. Танайх парк шинэчлэлийн ажлыг хийсэн үү?

-Шүүхийн шинжилгээний байгууллагын парк шинэчлэлийг хийх тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 80 дугаар тогтоолын хүрээнд үнэлгээний хороо байгуулан нээлттэй тендер зарласан юм. Тухайн үед туулах чадвар сайтай, явуулын лабораторийн зориулалт бүхий 12 автомашиныг 425,2 сая төгрөгөөр худалдан авч, алслагдсан болон хүнд нөхцөлд ажиллаж байгаа аймгийн албадуудад хүлээлгэн өгсөн.Мөн Криминалистикийн шинжилгээний газар болон холбогдох албадад долоон автомашиныг хүлээлгэн өгсөнөөр албаны шуурхай,бэлэн байдлыг хангаж ажилласан.

-Танай дээр шинжилгээний байгууллагын чадамж, шинэчлэлийг хийх төсөл, хөтөлбөрүүд хэр их хэрэгждэг вэ?

- БНСУ-ын КОЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын төслийн хүрээнд  хүрээлэнгийн ДНХ, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох болон дижитал чиглэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмж бүхий лабораториудыг шинээр байгуулж тоноглох, шинжээч мэргэжилтэнг Олон Улсын стандартад нийцүүлэн сургаж мэргэшүүлэх ажил хийгдэхээр яригдаж байна. Нийт 7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл энэ оны 2-р улиралд эхлэх байсан Ковид-19 өвчин гарч хорио цээр тогтоосонтой холбогдон түр хойшлоод байгаа юм Шүүх эмнэлэгийн барилга нилээн хуучирч, ачааллаа дийлэхээ байсан. Тиймээс бид шүүх эмнэлгээ орчин үеийн стандартын шаардлагаар дахин барихаар төлөвлөсөн. Ингэхдээ зөвхөн Улаанбаатарын хэмжээнд биш бүхэл бүтэн улсын хэмжээнд үйлчлэх барилга байгууламжийг бий болгох юм. БНСУ-н Экспорт импорт банкны хөнгөлөлттэй зээлээр шүүх эмнэлгийн барилгыг 8.3 сая ам доллар гэж төсөвлөж байсан. Солонгосын талаас ТЭЗҮ хийх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Ажлын хэсэг 8.3 сая долларыг 17 сая доллар болгож нэмэгдүүлэхээр Солонгосын  талтай зөвшилцөлд хүрсэн. Шинэ ажлын байр барих1 га газрыг  Буянт ухаа хоёр орчим шийдвэрлүүлэн гэрчилгээ, техникийн нөхцлийг гаргуулан авсан байгаа.

-Танай үйл ажиллагаатай танилцахад ажилчдын хувьд хүнд, онцгой нөхцөлд ажилладаг нь харагдаж байна. Ажилчдынхаа нийгмийн асуудал болон бусад хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэх чиглэлд хир их анхаарал хандуулдаг вэ?

-Албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна. ХЗДХЯ-аас хэрэгжүүлж байгаа албан хаагч бүрт орон сууц хөтөлбөрийн хүрээнд ХЗДЯ, Архивийн ерөнхий газартай хамтран 390 айлын орон сууцыг кино үйлдвэрийн ар талд барьж энэ оны 6 сард ашиглалтанд авахаар ажиллаж байна. 1 м2 нэг сая хоёр зуун мянгын үнэлгээтэй  энэ орон сууцанд манай хүрээлэнгийн 74 албан хаагч, ахмад ажилтнууд захиалга өгсөн байгаа. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу албан хаагч тэдгээрийн ар гэр болон ахмад ажилчдад буцалтгүй тусламж, тэтгэмж олгох асуудлыг тухай бүр шийдвэрлэж байгаа юм.

-Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж ажиллаж байна вэ. Үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа ямар арга хэмжээ байна вэ?

Дэлхийн олон улсад шинэтөрлийн коронавирусын халдварт өвчин тархсан энэ үед хүний амь нас хохирсон хэргийн газрын үзлэгт явж, амбулаториор ирсэн хүнд үзлэг, шинжилгээ хийж онцгой нөхцөл байдлын үед хуулиар хүлээсэн оперативны үүргийг хэрэгжүүлж байгаа.Мөн халдварын үед болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг батлан, байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, шинжилгээний байр, лабораторуудыг улаан, шар, ногоон бүсэд хуваан нэг урсгалын дэглэмийг тогтоож, нийт алба хаагчдад шаардлагатай техник хэрэгсэл хамгаалалтын хувцас, маск, нүүрний хаалтаар хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

-Шинжээч ямар үүрэгтэйгээр ажилладаг юм бэ. Хуурамч дүгнэлт үйлдэх тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Шинжээч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүргийг хүлээдэг бөгөөд өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ томилох эрх бүхий этгээдээс тавьсан асуултын дагуу шинжлэгдэж буй обьектыг шинжлэх ухааны тодорхой арга аргачлал, технологи ашиглан шинжлэн судалсны үндсэн дээр дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ эцсийн үр дүнг өөрийн биеэр хариуцдаг. Шинжээч зориуд худал дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээдэг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байвал дахин шинжилгээ томилж бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийгддэг.


keyboard_arrow_up