Х.ОЮУНТУЯА: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДДЭЭ “ХАНЬ НӨХӨР МЭТ ЗӨВЛӨХ ХЭРЭГТЭЙ ” Х.ОЮУНТУЯА: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДДЭЭ “ХАНЬ НӨХӨР МЭТ ЗӨВЛӨХ ХЭРЭГТЭЙ ”

2
Х.ОЮУНТУЯА: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДДЭЭ “ХАНЬ НӨХӨР МЭТ ЗӨВЛӨХ ХЭРЭГТЭЙ ”
Зочин:
Х.ОЮУНТУЯА
Байгууллага:
НГБХЗХГ
Албан тушаал:
Хүүхдийн хөгжил, хамгааллийн хэлтсийн мэргэжилтэн
Ажиллах арга барил:


2020 оны 04 сарын 16

НГБХЗХГазарын Хүүхдийн хөгжил, хамгааллийн хэлтсийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Х.Оюунтуяатай өсвөр насы хүүхдийн бие физлого болон сэтгэлзүйд гардаг өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

ШУУД СОНСОХ: 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. АRSLAN PODCAST-ын урилгыг хүлээн авч ирсэн таньд баярлалаа

-Баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Нийгэм хурдацтай хөгжихийн хэрээр шилжилтийн нас эрт эхэлдэг болсон гэсэн мэдээлэл сонсож байлаа. Үнэхээр эрт эхэлдэг болсон уу? Та манай сонсогчдод сүүлийн үеийн судалгаанд суурилсан үнэн зөв мэдээллийн хуваалцана уу?

-Шилжилтийн нас хүн болгоны хувьд харилцан адилгүй хэдий болов ч ерөнхий зүй тогтлын хувьд охидын хувьд арай эрт буюу есөн наснаас, хөвгүүдийн хувьд арай хожуу буюу 10 наснаас эхэлдэг. 20-иод жилийн өмнөх судалгаагаар 12-13 наснаас эхэлдэг гэж ярьдаг байсан бөгөөд энэ нь шинжлэх ухааны хувьд ч, бие физиологийн хувьд ч тийм л байсан. Орчин үед бид нарын хүрээлэн байгаа орчин, хоол хүнс, нийгэм гэх мэт маш олон хүчин зүйлсийн нөлөөллөөр ациксилораци буюу хүүхдийн хөгжил хурдсах гэдэг үзэгдэл бий болж байна. Үүнтэй холбоотойгоор охид хөвгүүдийн хувьд өсвөр нас их эрт илэрдэг болж байна.

-9-10 настнуудын хувьд бие физиологийн гэхээсээ илүү сэтгэл санааны шилжилт эхэлдэг болов уу?

-Тэгэлгүй яахав. Энэ бол судлаачдын хувьд аль хэдийн 9-10 наснаас шилжилт явагдаж эхлэж байна гэж үздэг болсон. Шилжилтийн насыг гурван үе шатанд хувааж үздэг. Эрт өсвөр нас нь 9-13 нас, дунд өсвөр нас нь 13-16 нас хүртлэх, хошуу өсвөр нас буюу 16-19 нас хүртэл үргэжилдэг гэж үздэг. Эндээс харахад маш урт хугацааг буюу амьдралынхаа 10 жилд маш чухал үе шатуудыг даван туулдаг байна. Хүмүүсийн дунд өсвөр насанд маш их болгоомжлолыг бий болгодог. Үүнээс гадна маш их боломж байдаг. Өөрөөр хэлбэл нийгэм дэх хоёрдох төрөлт гэж ойлгож болно. Нэг дэх нь биологийн хувийн төрөлт, хоёрдох нь нийгэмшлийн төрөлт. Иймээс эцэг эхчүүд бидний хувьд нэгдүгээрт эрсдлийн үе, хоёрдугаарт боломжийн үе гэж нэрлэж болно. Энэ үед эрслийг илүү их бий болгох уу, боломжийг бий болгох уу гэдэг нь эцэг эхчүүд бидний гарт байгаа асуудал юм.

Иймээс эцэг эхчүүд мэдлэгтэй, мэдээлэлтэй энэ үеийг даван туулах ёстой. Өсвөр насанд та хүүхдэдээ “ХАНЬ НӨХӨР МЭТ ЗӨВЛӨХ ХЭРЭГТЭЙ ”  гэж би боддог.

Энэ үед эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хувьд маш төвөгтэй асуудлууд их үүсдэг. Эдгээр асуудлуудын нэгдүгээрт харилцаа. Харилцаа нь энэ удаа эцэг эхчүүд нэгдүгээрт байхаа больж эхэлдэг. Хүүхдүүд найз нөхөдтэйгээ байх харилцаагаа илүү чухалчилдаг гэсэн судалгаа байна. Сэтгэл судлалын үндэсний төвд өсвөр насныхнаас нилээд  захиа ирдэг. Захидлын тоон агуулгаас харвал 40 хувь нь хайр дурлалын асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эсрэг хүйстний харилцаа нэгдүгээрт орж ирдэг байх нь. Харин эцэг эхчүүд миний хүүхэд жоохон л байгаа. Би тийм учираас харилцаанд нэгт байх ёстой буюу харилцаанд дагуулах байр суурьтай оролцдог байх нь ээ. Эндээс харилцааны зөрчил үүсдэг бөгөөд эцэг эхчүүд маань мэдээлэлтэй байж харилцааны хэрэгцээг нь ойлгох хэрэгтэй болдог.

Хоёрдугаарт эцэг эхийн хайр, халамж, анхаарал шаардлагатай байдаг. Хэдийгээр хүүхэд дотроо өөрийгөө том хүн болсон мэтээр төсөөлж боддог боловч амьдралын туршлага бага учраас дутуу, буруу шийдвэр гаргах, болгоомжгүй байдлаасаа болоод амьдралдаа алдаа гаргах гэх мэт эрсдлүүд бий болдог учраас бид хайр, халамжаа хэзээ ч багасгаж болохгүй.

Гуравдугаарт нойр маш чухал. Учир нь энэ насанд хүүхдийн бие махбодь маш эрчимтэй хөгжлийн замыг туулдаг. Энд бэлгийн бойжилт явагдана, бие дэх дааврийн хэмжээ нэмэгдэж хүчтэй болдог. Надад өсвөр насныхны талаар  Япон сэтгэл судлаачийн хэлсэн үг их таалагддаг юм. “Мотоциклийн мотор дээр автобусны эх биеийн үүрээд явж байгаа нь өсвөр насны хүүхэд юм” гэсэн үг. Та төсөөлөөд үзээрэй. Хүүхэд биеийн хувьд маш хурдацтай том болоод байдаг боловч дотоод эд эрхтэн, сэтгэл зүй нь хагалттай том болоогүй байдаг учраас маш их хүчин чармайлт хэрэг болдог байх нь ээ.

-Жишээ дурдвал.

-Сургуулийн бага насны хүүхэд зогсоох шийтгэлийг даван туулчихдаг гэнээ. Харин өсвөр насны хүүхдийн хувьд зогсоох шийтгэл нь хамгийн их хүндрэл, бэрхшээлийг бий болгодог бүр ухаан алдахад хүргэдэг. Яагаад гэвэл хүүхдийн бие удаан зогсох хүчин чадалгүйн улмаас өсвөр насны хүүхэд энэ ачааллыг даван туулж чаддаггүй.

-Хүүхэд өсөж том болохын хэрээр эцэг, эхчүүд хүүхдүүдийн хооронд харилцааны асуудал үүсч эхлээд байх шиг байдаг. Энэ талаарх таны бодол?

-Бие организмд гарч байгаа дааврын өөрчлөлтүүд эхлээд уураг тархинд нөлөөлж, сэтгэл хөдлөлд нөлөөлж эхэлдэг буюу маш тогтворгүй болдог. Та магадгүй миний хүү хичээлээсээ ирээд гэрээ цэвэрлээрэй гэхэд за тэгэлгүй яахав гээд хариулсан мөртлөө гүйцэтгээгүй байдаг.  Учир нь уураг тархинд нь маш олон бодол зэрэг орж ирдэг учраас мартах тохиолдол байдаг. Хоёрдугаарт хүний тархины хөгжлийн хамгийн сүүлд духан хэсэг хөгждөг. Үүнд логик сэтгэлгээ, ирээдүйн төлөвлөлт хийх чадварууд хамаардаг бөгөөд 25 нас хүрэхэд л хүний тархи бүрэн хөгжиж дуусдаг байх нь.  Тэгэхээд эцэг эхчүүд уураг тархины хөгжил дуусаагүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байх нь. Үүнтэй холбоотойгоор харилцаагаа эрүүл байлгахын тулд шинэ олон төрлийн gadget-ууд болон сануулах хуудас буюу memo app-уудыг  ашиглаж болох нь. Бид нэг үгийг олон дахин хэлэх нь улиг болдог.
 

Харин нэг ярилцахдаа ул суурьтай нь ярилцах юм бол хүүхдэд чиглэл болох учраас харилцаандаа төлөвлөлт хийх дадлыг суулгавал алдаа гарах, үл ойлголцол бий болохоос сэргийлэх боломжтой.

 


ХОЁР. Z үеийнхэнтэй харьцахын тулд хэрхэн өөрийгөө хөгжүүлэх ёстой вэ гэдэгт илүү суралцах шаардлагтай

-Миний бодлоор өнөөдрийн өсвөр насныхан 10, 20 жилийн өмнөх өсвөр насныхнаас хамаагүй өндөр ачаалалтай байгаа юм шиг санагддаг л даа. Учир нь нэгээс дээш гадаад хэлтэй байх ёстой, хөгжмийн боловсрол эзэмших ёстой, нэмэлт дугуйланд заавал хамрагдах ёстой гээд л их урт жагсаалт болно.

-Тийм шүү. Үүнд нийгэм дэх хүлээлт болон өвсөр үеийнхний дундах өрсөлдөөн ихэссэнтэй холбоотой.  Жишээлбэл миний хүүхэд насанд дэлхий ямар чиг хандлагатай явж байна вэ? Би дэлхийн хүн болохын тулд юу хийх ёстой вэ гэсэн ойлголт байгаагүй. Гэтэл орчин үеийн хүүхдүүдэд гэгээтэй тал их болсон. Жишээ нь би дэлхийд өрсөлдөхүйц иргэн болохын тулд юу сурч мэдсэн байвал зохилтой талаар сурч мэдсэн байх шаардлагатайгаа олж мэдээд тухайн мэдлэгийг олж авахын тулд өөрийгөө ихээр дайчлах болсон. Энд бид Z үеийнхний талаар мэдлэгтэй байх ёстой. Энэ үеийнхэнтэй ярилцахын тулд би хүүхдээ ойлгохгүй байна гэхийн оронд би хүүхдээ ойлгохын тулд хэрхэн өөрийгөө хөгжүүлэх ёстой вэ гэдэгт илүү суралцах шаардлагтай болж байгаа.

-Z үеийнхний хамгийн гол ялгарах онцлог нь юу вэ? Мөн эцэг эхчүүд тэдний талаарх мэдээллийг хаанаас олж мэдэх боломжтой вэ?

- Z үеийнхэн гэдэг нь 2000 оноос хойш төрсөн үеийнхнийг хэлдэг. Тэдний талаарх хийсэн шинжлэх ухааны судалгаа шинжилгээтэй мэдээ мэдээллийн АНУ сэтгэл судлалын нийгэмлэг буюу https://www.apa.org луу орж мэдээлэл авч болно. Монгол хэл дээр Сэтгэл судлалын үндэсний төвийн http://www.psychology.mn хаягнаас мэдээлэл авах боломжтой.

Z үеийнхний талаар хэдхэн онцлогийг дурдвал.  EQ буюу сэтгэл хөдлөлийг удирдах, бусдыг ойлгох, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэсэн эмпати чадвар өндөр байдаг. Дээр нь харилцан ярилцах их дуртай. Би ажил мэргэжлийн шаардлагаар тэдэнтэй маш их ярилцдаг. Энэ үедээ би тэдэнд сургах биш тэднээс суралцдаг. Өмнөх үед эцэг эх зааварлагч байсан бол энэ үеийн хүүхдүүдэд зөвлөгч, хань нөхөр мэт харилцан чиглүүлэх шаардлагтай болсон. Үүнээс гадна энэ үеийнхэн онлайн, дижитал мэдлэг мэдээлэл нь маш их. 

-Өмнө нь хийсэн нэг ярилцлагын үеэр нэгэн эрхэм Z үеийнхэнтэй харилцан ойлголцоход илүү хялбар болсон гэж ярьж байсан нь санаанд орж байна. Энэ талаарх таны бодол?

-Хүн цаг үеийн бүтээгдэхүүн байдаг. Цаг үе гэдэг маань улс төр, эдийн засаг, нийгмийн бүтэц зохион байгуулалт гээд маш олон зүйлсээс бүрддэг. Эдгээртэй холбоотойгоор бидний хөгжил, төлөвшил өөрчлөгдөж байдаг. 2000 оноос хойш дижитал хөгжил илүү боловсронгуй болж мэдээлэл маш хурдацтай тархдаг болсноор бид хавтгай мэдээллийн ертөнцөд амьдардаг болсон. Иймээс энэ хөгжлийг дагаад Z үеийнхэн бусад үеүдээс илүү онцлог давуу талуудтай байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Цахим хэрэглээ бол заавал хөндөх ёстой сэдэв. Энэ зөвхөн хүүхдэд ч биш томчуудад ч хамааралтай сэдэв л дээ. Тэгэхдээ өсвөр насны хүүхдийн цахим хэрэглээнд хэрхэн хяналт тавьж, зөв хэвшлийг бий болгох вэ?

-Үүнд хүүхдийн цахим хэрэглээг болиулах талаар ярих нь боломжгүй. Яагаад гэвэл цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, хичээл номоо хийхээс авахуулаад нар ус агаар мэт хэрэгтэй зүйл болсон байна. Иймээс зөв хэрэглээг л бий болгох нь чухал.

Би заримдаа эцэг эхчүүдээс “Хүүхэд маань шөнийн 1,2 цаг хүртэл хичээлээ хийгээд л сууж харагддаг юм” гэж бахархаж ярьдаг. Үүн дээр би шүүмжлэлтэй ханддаг. Хүүхдэд насан туршийн зөв дадлыг хэвшүүлээд ойлгуулах нь л чухал. Үүнтэй ижил цахим орчны хэрэглээний зөв дадлыг эцэг эхчүүд үлгэрлэх ёстой. Гэртээ ирээд утсаа бариад суудаг биш хоорондоо ярилцдаг, тоглодог, оройн хоолыг зөвхөн хоол идэх биш харилцан ярилцах, ойлголцох, мэдээлэл солилцох, биенээ урамшуулах амьд харилцааны цаг болгох хэрэгтэй.

Цахим хэрэглээнд нэгдүгээрт цаг зааж өгөх, мөн цахим ертөнц доторх мэдээллэлд нь хяналт тавих хэрэгтэй. Учир нь цахим ертөнц нь сайн муу бүх л мэдээлэл холилдон урсдаг. Иймээс хүүхэдтэйгээ насанд нь тохируулан ярилцах нь эрсдэлт мэдээлэл, харилцаанаас сэргийлэх хамгийн том үйлдэл. Гар утасны хэрэглээ гэж бий. Үүнд хүүхдэд тохирсон хэрэглээний картуудаар цэнэглэж өгөх ёстой. Энэ хэрэглээг байхгүй болгож тасалж болохгүй. Учир нь хүүхдэд хоорондоо харилцах харилцаа маш чухал гэж дээр хэлсэн. Цахим харилцаа, утсан харилцаа нь хүүхдэд зайлшгүй байх ёстой зүйл болсон. Иймээс хэрэглээнд нь хяналт тавихын тулд хүүхэдтэйгээ харилцан ойлголцож хэрэглээн дээр нь картаар хязгаарлалт хийх нь хамгийн аюулгүй.

Мөн та хүүхдийнхээ найз нөхдийг мэддэг байх ёстой. Гэртээ урьдаг, ирэхээр нь найз шиг нь байдаг байх хэрэгтэй. Мөн хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Хүүхдийн тань хувьд чухал таны хувьд ч чухал байх шаардлагатай. Учир нь өнөөдрийн хувьд өсвөр насны хүүхдэд эцэг эх биш найз нөхөд чухал байгаа гэдгийг байнга санаж хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

-Хүүхэдтэйгээ ойлголцохын тулд эцэг эхчүүд маань өөрсдийгөө нэг алхам хойшлуулаад харах нь их чухал юм байна шүү дээ. Хүүхдүүдээ ойлгож, зөв чиглүүлэх үүрэгтэй гэсэн үг байх нь. Зөв үү?

-Яг тийм. Өөрөөр хэлбэл бид хүүхдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Мөн хүүхдээ хүмүүжүүлэхдээ орилох хэрэггүй, ямар ч үед гарч хүрч, цохиж болохгүй. Гар хүрэх нь хүчирхийллийг хүлээн зөвшөөрөгч, өөгшүүлэгч иргэнийг бий болгож байна гэсэн үг. Мөн эндээс хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл нь ойр дотны хүмүүсийн хооронд болдог зүйл юм байна, зодуураар асуудлыг шийдэж болдог юм байна, зодож болох юм байна, зодуулж болох юм байна гэсэн тогтсон хандлагыг бий болгодог. Иймээс хүүхдэд гар хүрч шийтгэхийг хориглоно. Дээрээс нь чанга өндөр дуугаар яриад бид амжилт олдоггүй. Харилцаанд цэцэн нь биш тэнэг нь дийлдэг гэсэн үг байдаг шүү дээ.

Өсвөр насны хүүхэдтэй хүмүүс нэг гараараа нөгөө гараа барьж сурах хэрэгтэй. Таны уур бухимдал хүрсэн үед уур бухимдлаа дарах менежмент хийгээд л сурчих. Энэ нь таны хүүхэд та хоёрын амьдралын харилцааг авч үлдэх том алхам байх болно.

-Миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Таны зөвлөгөө мэдээлэл олон өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд шар тос болно гэдэгт итгэлтэй байна.

-Баярлалаа.


keyboard_arrow_up